
Бразилийн Рио де Жанейро хотод болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Д.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр тэмцээний эхний тойрогт БНАСАУ-ын тамирчин Ян Хьёк Чол, Морокко улсын тамирчин Яссин Моудатир, Австрийн Людвиг Пайшер нарыг ялж, хэсгийн аваргын төлөө Г.Болдбаатартай тааран барилдаж ялалт байгуулсан. Харин хагас шигшээ барилдаанд Гүржийн бөх Амиран Папинашвилиг цэвэр ялж, аваргын төлөөх барилдаанд Японы бөх Наохиса Такатотой барилдаж ялагдсанаар дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний хувьд цэвэр ялалт гэдэг шинэ юм биш...
-Юуны өмнө дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан танд нийт уншигчдийнхаа өмнөөс дахин баяр хүргэе. Ярилцлагаа таны хүүхэд ахуй наснаас эхэлье гэж бодож байна. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрөв?
-Баярлалаа. Би Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат. 1987 онд төрсөн. Миний бага нас хөдөөгийн сумын төвийн хүүхдүүдийн л нэгэн адил их завсарлагаан болохоор барилдаж, намрын спартикадад оролцож өнгөрсөн дөө. Намайг жаахан байхад аав маань ослын улмаас бурхан болж, удалгүй ээж маань эндсэн юм. Би эмээгийнхээ гар дээр өссөн. Эмээгийн нэг их эрх хүүхдүүд байдаг даа. Би тийм л эрх хүүхэд байлаа. Харин эмээ маань гурван жилийн өмнө бурхны оронд очиж, би эгчтэйгээ амьдрах болсон. Анх би 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн. Эхээс дөрвүүлээ. Хоёр эгч, нэг дүүтэй.
-Амьдралын тань аз жаргалтай өдрүүд эмээгийн гэрт өнгөрсөн байх нь ээ. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Тийм шүү. Би эмээтэйгээ хоёулхнаа байдаг байсан юм. Өглөө эрт босоход эмээ маань хоол, цай гээд бүх л зүйлийг бэлдчихсэн байдаг байж билээ. Гараа сайрттал тоглодог, эгч нар маань нөгөө сайртай гарт минь тос түрхээд, гялгар уут углаж унтуулдаг байсан юм. Би бага байхын л үеийнхэн дундаа жижиг биетэйд нь тооцогддог, барилдахаараа уначихдаг, бас их шартай хүүхэд байсан даа. Тэгээд л ер нь анх бөхийн секцэнд явсан байх. Гутал хувцасаа урчихаад эгч нартаа бас их загнуулдаг байлаа. Хотод ирснээсээ хойш зөөлөн дэвжээтэй гоё зааланд тоглох гэж ангиараа бөхийн дугуйланд явсан юм. Ингээд л тэмцээн уралдаанд оролцож, тамирчин болсон доо. Би анх 11 жилийн өмнө самбо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
-Жүдод анх хөл тавьсан үе?
-Самбо, жүдо хоёр бол их төстэй спортын төрлүүд. Би аль аль төрөлд нь тэмцээнд оролцдог болсон. Ингээд 2006 онд самбо бөхийн залуучуудын ДАШТ-нд түрүүлснээсээ хойш жүдогоор дагнан барилдаж байна. Шигшээ багийн тамирчин болж, цалинг нь авч байгаа болохоор барилдахгүй бол болохгүй биз дээ.
-Анх хэрхэн “Хилчин” спорт хорооны тамирчин болж, Хил хамгаалах байгууллагын нэр дээр барилдах болсон юм бэ?
-Би 2010 онд Хил хамгаалах байгууллагын тамирчин болсон. Манай ажил их гоё ээлтэй. 2009 онд би жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, 2010 онд “Хилчин” спорт хорооны тамирчин болох тушаал гарсан юм. Тэгээд дараахан нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн. Тэр үед миний жин бага, улсын аваргад хоёр дахь удаагаа л 60 кг-д барилдаж байгаа нь тэр. Манай жин өрсөлдөөн ихтэй, өмнөх жил нь хүрэл медаль авсан тул тухайн үед намайг түрүүлнэ гэж хэн ч бодоогүй байх л даа. Үүнээс хойш шигшээ багт орж, гадаад руу тэмцээнд явж эхэлсэн. Ер нь миний гаргасан багахан амжилт минь “Хилчин” спорт хороотой салшгүй холбоотой юм. Тамирчин хүний хамгийн чухал зүйл бол мэдээж ар гэр нь. Ар гэртээ санаа зовохгүйн тулд цалин, мөнгөтэй, ядахнаа наад захын хэрэглээгээ хангаж чаддаг байх хэрэгтэй. Тамирчин хүн гэдэг чинь ер нь сайхан амьдралын төлөө л барилдаж байгаа шүү дээ.
-Өөр ямар нэгэн байгууллагын нэр дээр давхар барилддаг уу?
-Би “Хилчин” спорт хороо, Женко клубын тамирчин гэж явдаг. Женко клуб маань миний гадаад руу тэмцээнд явах бүх зардлыг ивээн тэтгэдэг. Заримдаа ажил дээрээ ирж зардлын бичиг авчирч өгдөг л дөө. Гэхдээ төсвийн байгууллага болохоор жаахан хэцүү.
-“Жүдо бол өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглаж ялалтад хүрдэг спорт учраас дотоод сэтгэлийн бэлтгэлийг маш сайн хангадаг” гэж хаа нэгтээгээс уншиж байсан юм байна. Тэгэхээр дотоод сэтгэлийн бэлтгэл гэдэг зүйл асар чухал үүрэгтэй байх нь ээ?
-Тийм. Жүдо бөх чинь их гоё спорт шүү дээ. Өрсөлдөгчөө маш их хүндэлнэ. Хожсон ч, хожигдсон ч өрсөлдөгчөө нэг номерт хүндэлдэг. Энэ жишээг японы тамирчдаас харж болно. Ер нь спорт тийм шүү дээ. Жүдо гэдэг нь уян хатан замаар ялалтад хүрэх гэсэн утгатай үг. Энэ спортод эв дүй хамгийн чухал. Эвтэй байлаа гээд бас хүчгүй байж болохгүй. Тамирчин хүнд байх ёстой бүх л чадварыг эзэмших шаардлага тавигддаг. Хэвтээ барилдаанд ороход хоёр хүний хүч ойролцоо болдог. Жижиг биетэй хүн ямар ч том хүнийг унагаж, мэх хийн хорьж, ялж болдог.
-Та аваргын алтан медалийн төлөө японы бөх, 2009 оны өсвөрийн дэлхийн аварга Наохиса Такатотой барилдсан. Тамирчин хүнийх нь хувьд түүнээс сурах зүйл байв уу?
-Мэдээж хэрэг байгаа л байх. Гэвч би олж хараагүй. Япончууд ер нь их багаасаа барилддаг юм билээ. 3-4 наснаасаа л кимоно өмсч эхэлдэг гэж өөрсдөө ярьж байсан. Монгол хүүхдүүд ч ялгаагүй, ялангуяа хөдөөний хүүхдүүд ухаан орсон цагаасаа эхлэн энд тэнд ноцолдож, хав дөрвөлжин золгочихсон л байж байдаг шүү дээ. Дараа нь морь, малтай ноцолдоно. Энэ бүхэн чинь бүгд л бэлтгэл.
-Дэлхийн 123 орны 680 тамирчнаас тэмцээний эхний өдөр Монгол Улсын баг тамирчид эхний байрт бичигдэж байсан. Яг энэ өдрийн уур амьсгал ямар байв?
-Эхний өдрийн орой багш, тамирчид маань бүгд сэтгэл өндөр байгаа нь мэдэгдэж байсан. Маргааш нь барилдах тамирчид ч итгэл дүүрэн байсан. “Монголчууд алж өгөх нь” гэсэн яриа тэрүүгээр тарчихсан байв. Гэвч дэлхийн аваргын медалийг зөвхөн нэг улс орон эзэрхийлж болохгүй, олон орны тамирчид авах ёстой гэсэн байр сууринаас хандаж шүүлт маш шударга бус явагдсан. Та нар ажигласан бол М.Уранцэцэгийг алт авсны дараа намайг дэвжээн дээр гарахад ямар ч шалтгаангүйгээр торгосон. Өмнө нь японы бөхийг манай бөх ялсан, яг дараа нь би бас л японы тамирчинтай таарсан. Өрсөлдөгч тамирчин маань шүүгчтэй контактлан намайг торгосон. Шүүгчгүй орны тамирчдад энэ мэт асуудал гардаг нь үнэн л дээ. Хоёр адилхан тамирчин байлаа гэхэд нэгийг нь эхлээд торгочиход тэр тамирчин торгуулиа нөхөхийн тулд улайрч барилдаад алдаа гаргадаг. Алдаан дээр нь өрсөлдөгч тамирчин нь оноо авдаг. Тэгэхээр тэр хоёрын барилдаан их өөр болчихож байгаа юм. Жүдо бол харьцангуй булхай багатай спорт. Гэхдээ аль ч спортод эзэн орны тамирчдад үйлчлэх ч юм уу, их бага ямар нэгэн хэмжээгээр алдаа гарч л байдаг. Энэ ДАШТ-ний төгсгөлд манай баг тамирчид амжилтаараа тавдугаарт бичигдсэн.
-Спортоор хичээллэсэн цаг хугацаа хувь хүний тань хувьд ямар төлөвшил өгсөн бэ?
-Спорт хүнийг хүмүүжүүлдэг. Ээжийн минь дүүгийн хүүхдүүд одоо “Хилчин” спорт хорооны бөхийн секцэнд явж байна. Тэд маань жаахан л даа, тэрсхэн хүүхдүүд үймүүлээд байхаар нь л оруулчихсан юм. Заримдаа ажил дээр ирэхэд тэр гурав маань жүдогийн ёсолгоо хийгээд угтдаг болсон. Энэ бол хамгийн анхны хүмүүжил. Үүний нэгэн адил миний хамгийн түрүүнд олж авсан зүйл бол хүмүүжил юм. Харин цаашилбал хүнийг хүндлэх, тэсвэр хатуужилд суралцах, түргэн шийдвэр гаргах чадвар эзэмших гээд тамирчин хүний давуу талууд их бий.
-Спортоор дамжуулан өөрийн мөн чанарыг таньж, өөрийгөө олж авна гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл юм болов уу гэж бодогдож байна.
-Тийм шүү, ер нь өөрөө өөрийнхөө хэн бэ гэдгийг таньж авч байгаа юм. Гэхдээ хүн нэг насаараа тамирчин байхгүй шүү дээ. Жүдо бол миний бодлоор өглөөний хоол. Түүний дараа өдрийн хоол гэж бий. Тамирчин байх хугацаагаа дуусгаад дараа, дараагийн ажлуудаа бодохгүй бол болохгүй байх л даа.
-Жүдогоос зодог тайлсныхаа дараа юу хийе гэж боддог вэ?
-Одоохондоо үүнд тархиа гашилгах хэрэг алга. Дараагийн олимп гуравхан жилийн дараа болох гэж байна. Тиймээс бэлтгэлээ л сайн хийж байна. Хажуугаар нь хэл сурч байна. Магадгүй чаддаг мэддэг зүйл байдаг бол өөрийнхөө спорт хороонд үлдэх байх. Хилийн цэргийн дэслэгч хүн юм чинь ажилдаа тууштай байна гэж боддог.
-Жүдогийн ёсолгоонд их учир байх шиг байдаг?
-Нэгийгээ хүндэтгэж шударгаар өрсөлдье, хар бор санаагүй эр хүн шиг байя л гэсэн санаа энд гарч ирдэг.
-Дэлхийн олон орны тамирчдыг жүдо бөхийн спортын дүрэм зангидаж байгаа хэдий ч өрсөлдөөний явцад улс орны бөхчүүдийн онцлог, ялгаа мэдэгддэг үү?
-Байлгүй яахав. Бөхийн орон гэгддэг Монгол, ОХУ, Гүржийн тамирчид үндэснийхээ бөхийн мэхийг давамгай хийдэг. Япончууд цэвэр жүдогийн үндсэн мэхээрээ, гүржүүд лав барьцнаас сайн барилддаг байхад саяхан жүдогийн шинэ дүрмээр хөлөнд хүрч барилдахыг хориглосон нь монголчуудын хувьд эхэндээ тун хэцүү байсан.
-Саяхны нэгэн сонинд, “Жүдогийн шинэ дүрмийг надад захиалж гаргасан юм шиг санагддаг” гэсэн гарчигтай таны жаахан бардам гэмээр ярилцлага нийтлэгдсэн байсан. Энэ дүрмийн юу нь тийм нийцтэй байдаг юм бол?
-Ярилцлагын тухайд бол би тэгж хэлээгүй ээ. Сэтгүүлчид өөрсдөө л зохиож бичсэн хэрэг. Чи ч гэсэн ингээд биччихгүй биз дээ? /инээв/ Ер нь бол шинэ дүрэм миний хийдэг мэхэнд их тохирдог юм.
-Эсрэг тамирчныхаа сэтгэл зүйд нөлөөлөх, дайралт хийх оролдогуудыг тамирчид нэлээд хийж байгаа харагддаг. Тамирчин хүнд иймэрхүү бардам чанар байх ёстой гэж үздэг үү?
-Байх ёстой. Нурмайсан юм гараад ирвэл хэцүү шүү дээ. Бас сэтгэлийн хөөрөл ихтэй тамирчид байдаг. Магтаж урамшуулах тусам сайн барилддаг тамирчин байхад, магтах тусам биеэ барьж муу барилддаг тамирчин бий. Тиймээс аливаа юмыг хэтрүүлж болдоггүй. Миний хувьд даруухан байя гэж боддог. Зурагтаар харж байхад зүгээр л хоёр хүн алхаж гарч ирээд л дэвжээн дээр барилддаг. Гэтэл тэмцээн эхлэхийн өмнө маш их зүйл болж өнгөрдөг юм. Бие халаалт хийх явцдаа тамирчид өрсөлдөгчтэйгээ нэг зааланд бэлтгэл хийж, түүнд зориулж мэхээ давтана. Зориуд төөрөлдүүлэх гэж худлаа мэх хийнэ. Дэвжээ сулрахыг хүлээх үеэр өрсөлдөгч хоёрхон хүний нэг нь дуржигнатал юм яриад л, нөгөө нь таг дуугүй зогсч байх эвгүй биз дээ? Тэр болгонд л өрсөлдөөн явагдаж байдаг. Өрсөлдөгч тамирчид хашгирч орилоод л, үсэрч дэвхцэн нүдээ ирмэх зэрэг байдал гаргах нь зөндөө. Харин миний хувьд дэвжээн дээр гараад л учраа олъё, хэн нь ямар хүн бэ гэдгээ тэнд л харуулъя гэж боддог. Юм хэмжээнээсээ хэтэрвэл өөрийнхөө эсрэг ойлголтыг бусдад төрүүлдэг.
-Таны бодлоор 25 секундын үнэ цэнийг хэрхэн илэрхийлэх вэ? Цэвэр ялалт авахын тулд өрсөлдөгчөө 25 секунд барих хэрэгтэй байдаг шүү дээ.
-/Инээв/ 25 секунд... Саяны асуултыг тавих зуур л 25 секунд чинь дуусчихаж байна шүү дээ, энгийн үед. Гэтэл яг дэвжээн дээр гараад барилдах үед энэ бол маш урт хугацаа. Харин хожигдож байх үед маш богино хугацаа. Бараг хоёр секунд шиг л “пуужиндаад” дуусна. Ялж, оноогоо хамгаалж байх үед бол цаг ер явдаггүй, хэцүү. “Яс юман дээрээ” адилхан л цаг хугацаа шүү дээ.
-“Иппон” үнэлгээгээр буюу өрсөлдөгчөө илт давуу, цэвэр ялсан хамгийн гоё тэмцээн?
-ДАШТ-ний мөнгөн медалийн төлөөх тэмцээн дуусахад мөн л 20 гаруй секунд үлдээд байсан юм. Цагийн төгсгөлд энэ тэмцээний туршид хийгээгүй мэхээ хийж унагаад цэвэр ялна, оноогоо хамгаална гэсэн тактиктай байсан. Бодсоноо ч хийсэн. Харин би өрсөлдөгчөө элгээрээ бүтэн эргээд уначихлаа л гэж бодсон. Тэгвэл оноо авахгүй шүү дээ. Гэсэн хэдий ч мэхээ хийсэн даруйдаа өрсөлдөгчөө харалгүйгээр шууд ялснаа зарлан шүүгчид нөлөөлж, баярлаж эхэлсэн. Дэвжээний ахлах шүүгч ч бичлэгийг удаашруулж үзээд надад цэвэр ялалт өгсөн. Би өөрөө орой нь бичлэгээ эгүүлэн үзэж байж цэвэр ялалтаа нүдээр харсан даа.

-Жүдогийн цол зэрэглэлээр бол ямар бүс, хэддүгээр дантай вэ?
-Анх барилдаж байгаа хүмүүс цагаан бүснээс эхэлдэг. Тэгээд хүрэн, хар, улаан гээд л дээшилнэ. Шигшээ багийн тамирчид, ОУХМ, спортын мастерууд ер нь ихэвчлэн хар бүстэй байдаг. Дангийн тухайд бол надад яг тогтоосон нь байдаггүй.
-“Нэг секундын үнэ цэнийг хүзүүндээ алтан медаль зүүгээд зогсож байгаа тамирчнаас асуу” гэдэг юм билээ. Ирэх олимп, дэлхийн аваргын алтан медалийг авчрах болтугай хэмээн билэгдэж энэ асуултыг танаас асууя гэж бодож байна.
-Баярлалаа. Энэ ДАШТ-ээр бүтэн жилийн хөдөлмөрийн минь үр дүн гарсан. Медаль зүүгээд зогсож байх энэ хэдхэн хормын төлөө тамирчин хүн бүтэн жил хөдөлмөрлөдөг. Хамгийн эрхэм хүндтэй хором мөч л энэ байдаг даа. Дүн өвлийн хүйтэнд өглөөний 08:00 цагт Зайсан толгой өөд өгсөөд л гүйнэ. Гүйх тусам их салхилна. Эргэж ирээд их үдэд эргээд дэвжээний бэлтгэлдээ гарна. Өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Яг медаль авах мөч бол тэндээ тэгээд зогсоод л баймаар сайхан. Одоо бэлтгэл маань дахиад эхэллээ. Өглөө нь хүчний бэлтгэл, өдөр дэвжээний бэлтгэл гээд яг л урьдын хэмнэлдээ орж байна. Ирэх жилийн өдийг хүртэл ямар ч амралтгүй бэлтгэлээ хийх ёстой.
-“Боох мэхэнд өрсөлдөгч ухаан алдсан бол цэвэр ялалт, хэрэв нас барсан бол юүко үнэлгээ өгдөг” гэж мэдээллийн сайтад бичсэн байх юм. Жүдогийн спортод энэ мэт айхтар зүйл байдаг байх нь ээ?
-Тулааны спорт чанга шүү дээ. Барилдаж сурахаасаа өмнө унаж сурах хэрэгтэй. Бэртэж гэмтэхгүй байхад анхаарах ёстой. Ухаан алдаад сэргэхгүй ч байх тохиолдол гарч болно. Ер нь “Би бэлэн” гэсэн үедээ тэмцээнд оролцох хэрэгтэй. Тамирчид зөндөө л бэртэж байна. Тэглээ гээд гомдоллох эрх байдаггүй.
-Сая ДАШТ-нд оролцохдоо таныг нуруундаа бэртэл авсан байсан гэж сонссон юм байна.
-Тийм ээ. Тэндэхийн уур амьсгал нь өөр, далайн эргийн чийглэг газар тул нуруу маань их татаж өвдсөн. Эхний тойрогт барилдаж байхдаа нурууныхаа бэртлийг сэдрээсэн. Ингээд өвчин намдаах тариа хийлгэж, нуруугаа мэдрэлгүй болгож байж барилдсан. Ямар нэгэн амжилтад хүрэхийн тулд заавал нэг юмыг золиослох хэрэгтэй болдог шүү дээ. Би жишээ нь мундаг тамирчин, олимпын аварга болно гээд хичээл номыг бараг хаясан. Энэ бол золиос.
-Жүдогийн татами дээр их, бага ямар нэг хэмжээгээр хориотой мэх хийгддэг үү?
-Санамсаргүй, өөрөөр хэлбэл рефлексээрээ хийх тохиолдол бий. Тэмцээнд оролцож байгаа тамирчин хүн хориотой мэх хийх ядмаг ухамсартай байна гэж байхгүй л дээ.
-ДАШТ-ний үеэр нэг тэмцээн дуусав уу үгүй юу амралтгүйгээр эргэж барилдаж байгаа харагдсан. Тамирчид ер нь хэр ачаалалтай байв?
-Манай жинд 62 тамирчин оролцож хоёр хэсэгт барилдсан юм. Нэг өдөрт нэг жин, гурван дэвжээн дээр зэрэг болсон. Хэсэг хэсгээр нь дэвжээнд хуваарилж тамирчид ар араасаа гарч байсан л даа. Эхний тойрогт 15 барилдаан, дараагийнх долоо гээд сүүл рүүгээ үлдэх тусам сайн тамирчидтай амьсгаа өндөр барилдсан. Хэн бэлтгэл сайтай, аль ухаан зарж, сэргэлэн барилдсан нь л хожиж байлаа. Дэвжээн дээр гарахын өмнө тасралтгүй ажилласан булчингууд маань чичирч байсан. Тэр болгоныг мэдэгдэхгүйгээр барилдахгүй бол өрсөлдөгч тамирчин нүдээрээ олзлоод эхэлнэ шүү дээ. Барилдааны үеэр өрсөлдөгчөө цочоож, бодлыг нь мартуулж барилдвал цочсон хүн андашгүй болж ирдэг юм. Дэвжээн дээр самбаачлах хурд маш их хэрэгтэй байдаг. Үргэлж давтдаг мэхээрээ барилдаад байж бас болдоггүй.
-Жүдогийн түүхэн дэхь агуу тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн аваргыг гурван удаа авч, 12 жил босоо явсан японы тамирчин Тадахиро Номураг л нэрлэнэ дээ. Энэ бол манай жингийн тамирчин. Хөнгөн жингийн тамирчид нэг амжилтанд хүрээд зогсдог. Хурдыг нь гүйцэхгүй хөгшрөөд ирэхээрээ харьж эхэлдэг юм. Харин энэ хүн бол үнэхээр агуу хүн.
-ДАШТ-ний төгсгөлд хөдөлмөрийнхөө үр дүнг үзээд, амжилтаа гаргачихаад сууж байхад юу бодогдож байх юм?
-Гоё л байна. Тэмцээнд оролцохын өмнө шигшээ багийн багш нар маань бидэнд хэлж байсан л даа. “Энэ бол та бүхний нэг жилийн хөдөлмөр. ДАШТ-нд сайн барилдвал та бүхэн нэг жилийн хөдөлмөрөө ард түмнээрээ үнэлүүлнэ. Харин ДАШТ-нд хожигдоод ирвэл та нар хэн ч биш. Мөн л маргаашаас нь ялгаа байхгүй бэлтгэлээ хийгээд, 2014 оны ДАШТ-ийг хүлээнэ. Гэхдээ 2013 оны тэмцээнээс медаль авч чадаагүй бол 2014 оны тэмцээнд оролцож чадахгүй байж магадгүй. Тийм учраас заавал медаль авах хэрэгтэй шүү” гэсэн ойлголтыг толгойд хийж өгсөн. Барилдаан болгон дээр, “Медаль авахгүй бол болохгүй” гэсэн том хариуцлага өөртөө оногдуулж байсан. Тэмцээний үеэр түрүүлэх магадлалтай тамирчдын талаар прогноз гарчихсан байдаг шүү дээ. Эхний байруудад дэлхийн их гүрнүүдийн тамирчдын нэрийг зурагтай нь тавьчихсан байсан нь миний хувьд их гоё, дарамт багатай санагдаж байлаа. Хэрэв миний зураг гарсан бол биеэ барих ч байсан юм билүү. Би дотроо өрсөлдөгч нараа хараад инээд хүрч л байсан. Тэмцээн ч дууссан, манайхан хурлаа хийсэн. Харин эх орондоо эргээд ирэхэд ойр дотны минь хүмүүс “Энэ бол зөвхөн эхлэл шүү. Хөөрч, эрдэж болохгүй” гэдгийг захиж байсан. Би тэр үгийг мартахгүй ээ.
-Дараагийн тэмцээн, дараагийн олимп гээд таныг олон оргил хүлээж байна даа?
-Их том зүйлийг ярихад арай эртдэж байна. Яг дараагийн тэмцээн гэвэл оны сүүлээр болох жүдог үндэслэгч Каноо Жигороогийн нэрэмжит тэмцээн юм. Энэ тэмцээнд ДАШТ-ээс медаль авсан тамирчдыг урьж оролцуулдаг. Энэ тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн японы тамирчинтай нутагт нь барилдаж таарах болов уу. Тэр хүн ч гэсэн бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа нь мэдээж. Цаашид түүнтэй их олон таарч барилдах байх. Өнөөдрөөс эхлээд дараагийн тэмцээн болтол хэн нь ямар бэлтгэл хийсэн нь эндээс л харагдах байх. Тийм учраас хичээж бэлтгэлээ хийнэ дээ.
-Хил хамгаалах байгууллагыг нэгэн том айл юм гэвэл энэ айлын гишүүн бүр таныг сэтгэл догдлон, бас хайрлан хүлээж авч байна. Эх орондоо ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Нисэх онгоцны буудал дээр ирэхэд манай ажлын “Хилчин” спорт хорооны дарга Дашка багш, Пүүжээ багш, Лууяа багш бүгд байсан. Тэгээд шууд л Буянт-Ухаагийн VIP руу орсон. Тэр үед ДАШТ-ээс медаль авах чинь ямар гоё юм бэ гэж бодогдож байлаа. Жирийн үед бол оочерлоод бөөн юм болдог шүү дээ. Гэтэл шууд л багш нарыгаа даган явж, ажлынхаа дүрэмт хувцасыг сольж өмсөөд медалиа зүүсэн. Тэгээд ярилцлага өгсөн. Их гоё санагдсан. Бас өчигдөр цол нэмсэн. Хил хамгаалах байгууллагын дэслэгч болсон. Их баяртай байна. Илүү сайн барилдаж цолоо ахиулна гэж бодож байгаа.
-Хилчид бол сайхан хамт олон. Манай дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин маань юу ярих бол гэж бүгд л хүлээж байгаа. Тэгэхээр та хилчиддээ хандаж юу хэлэх бол?
-Хил хамгаалах байгууллагаар овоглож байгаа нийт албан хаагчид, хил хязгаарт ажиллаж амьдарч байгаа гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, удирдах бүрэлдэхүүн, нийт офицер, ахлагч нартаа Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Та бүхэн өдөр шөнөгүй эх орноо хамгаалж зогсдог бол тамирчид бид ялгаагүй эх орныхоо нэрийг гаргахын төлөө хөдөлмөрлөж байна. Нэг нь эх орноо хамгаалж, нэг нь эх орныхоо нэрийг мандуулахын төлөө ажиллаж байна. Та бүхэн минь хилээ сайн хамгаалаарай, харин тамирчид бид ДАШТ, олимпийн тэмцээнд түрүүлж, эх орон хилчдийнхээ нэрийг өндөрт өргөж явах болно гэдгийг хэлье. Мөн ХХЕГ, Хилийн 0253 дугаар анги, “Хилчин” спорт хорооны хамт олон, багш нартаа баярлалаа. Хилчин дайчиддаа бүгдэд нь баярлалаа.
-Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Дараа дараагийн тэмцээн уралдаандаа илүү их амжилт гаргаарай. Таныг хийморь тэтгэх болтугай.
Албан ёсны зөвшөөрөлтэй:
Ж.Оюун-Эрдэнэ
Д.АМАРТҮВШИН: Спорт хүнийг хүмүүжүүлдэг | ||
Үзсэн: 3737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.