Шууд Chart

Ц. Мөнх-Эрдэнэ: Аутизмыг “мэдрэлийн хөгжлийн эмгэг” гэж нэрлэх нь илүү оновчтой

2026-04-02 09:37:28

Аутизмын эмгэгийн талаар “Оюурах төв”-ийн үүсгэн байгуулагч, эмч судлаач Ц. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Аутизмын эмгэгийг тайлбарлахаас ярилцлагаа эхэлье. Энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Аутизмыг олон жилийн турш зөвхөн нийгмийн харилцааны эмгэг гэж ойлгож ирсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар биологийн суурьтай, ялангуяа мэдрэлийн эсийн үйл ажиллагаатай холбоотой эмгэг болох нь тогтоогдож байна.

Энэ нь 100 гаруй гентэй холбоотой бөгөөд мэдрэлийн эсийн асуудлууд мөн харилцан хамтын  ажиллагаа, дархлаа, зан үйлийн олон шатлалт өөрчлөлтөөр дамжин илэрдэг. Иймээс өнөөдөр аутизмыг “мэдрэлийн хөгжлийн эмгэг” гэж нэрлэх нь илүү оновчтой болсон.

2020 онд эрдэмтэн Catherine Lord аутизмыг нийгмийн харилцааны бэрхшээл, хэл ярианы алдагдал, хязгаарлагдмал сонирхол, давтагдмал үйлдлээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн онцлог хэмээн тодорхойлсон байдаг.

-Аутизмыг эрт илрүүлэх боломжтой юу?

-Эрт илрүүлэх боломжтой. Орчин үеийн судалгаагаар эхийн хэвлийд байх үед ч илрүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь аутизм нь ихэвчлэн шинэ мутацитай холбоотой. Гэхдээ Монголд одоогоор генийн түвшинд оношлох боломж хангалтгүй байна. Ирээдүйд энэ чиглэл хөгжих хүлээлттэй байгаа.

Монголд албан ёсоор оношилгоо хийдэг гол байгууллага нь СЭМҮТ бөгөөд ачаалал их, хүлээлгийн хугацаа урт (заримдаа 3 сар) байдаг нь тулгамдсан асуудал юм.

-Манай улсад илэрч буй аутизмын нийтлэг шинж тэмдгүүд юу вэ?

Нийгмийн харилцааны бэрхшээл

  • Нүд рүү харах нь бага эсвэл зайлсхийх
  • Нэрийг нь дуудахад хариулахгүй байх
  • Бусадтай тоглох, харилцах сонирхол бага

Сэтгэл хөдлөлөө хуваалцахгүй (жишээ: баярлах, инээх, заахгүй)

  •  Хэл ярианы онцлог
  • Хэлд оройтох эсвэл огт ярихгүй байх
  • Нэг үг, өгүүлбэрийг давтаж хэлэх (эхо яриа)
  • Ярианы өнгө аяс, хэмнэл өөр байх
  • Харилцан яриа өрнүүлэхэд хүндрэлтэй

 Давтагдмал зан үйл

  • Гараа савлах, эргэлдэх, үсрэх зэрэг давтамжтай хөдөлгөөн
  • Нэг тоглоомоор байнга тоглох
  • Өдөр тутмын хэвшил өөрчлөгдөхөд бухимдах
  • Зүйлийг нэг янзаар өрөх, дараалуулах

 Мэдрэхүйн өөрчлөлт

  • Дуу чимээнд хэт мэдрэмтгий эсвэл огт тоохгүй
  • Гэрэл, үнэр, хүрэлцэх мэдрэмжид хэт эсвэл бага хариу үзүүлэх
  • Зарим хувцас өмсөхөөс татгалзах
  • Өвдөлт мэдрэх нь сул эсвэл хэт хүчтэй

 Өдөр тутмын зан үйлийн өөрчлөлт

  • Хоол сонголт ихтэй (зөвхөн тодорхой зүйл идэх)
  • Нойрны асуудал (унтахад хэцүү, шөнө сэрэх)
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл эсрэгээр маш тайван

-Хэдэн настайд оношлогдох нь түгээмэл вэ?

-Шинж тэмдэг ихэвчлэн 1.5–3 насанд илэрч эхэлдэг. 2 наснаас онош тавих боломжтой боловч Монголд ихэвчлэн 4–6 насанд оношлогдож байна. Үүнд эцэг эхийн мэдлэг, үйлчилгээний хүртээмж, мэргэжлийн багийн хомсдол зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг.

-Олдмол аутизм гэж байдаг уу .Эмчлэгдэх боломжтой юу?

-Аутизмыг өвчин гэхээс илүү эмгэг гэж үздэг болсон. Шалтгаан нь генийн шинэ мутацитай холбоотой байж болно. Эмчилгээ сүүлийн жилүүдэд бий болсоор байна  мөн сургалт, хөгжлийн хөтөлбөр, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих аргачлалд суурилдаг.

-Оношлогоо хэр хугацаа шаарддаг вэ?

-Нэг хүүхдэд 2–3 цаг зарцуулж, ажиглалт, тест, асуумж зэрэг олон талын үнэлгээ хийдэг. Мэргэжлийн хүний нөөц дутмаг тул оношлогооны хүртээмж хязгаарлагдмал байна.

-Сургууль, цэцэрлэгт хамрагдахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

–Хүүхдийн хөгжлийн түвшнээс ихээхэн хамаарна. Зан үйлийн хүндрэл ихтэй хүүхдүүдэд шууд ердийн сургуульд сурахад бэрхшээлтэй. Иймээс хүнд, дунд, хөнгөн гэж ангилан тохирсон орчинд хөгжүүлэх нь чухал.

-Монголд аутизмтай хүүхдийн тоог судалгааг нарийн гаргасан уу  ?

-Монгол Улс аутизмтай хүүхдийнхээ тоог одоогоор нарийвчлан тогтоогоогүй байна. Одоогоор нарийн тоо байхгүй. Олон улсын дунджаар 35 хүүхэд тутмын 1 нь аутизмтай. Манайд ойролцоогоор 100 хүүхдийн 1 гэж тооцдог.

Үүнээс үзвэл 30 мянга гаруй хүүхэд байж болзошгүй ч албан ёсны баталгаатай тоо байхгүй байна.  Манай улсад 2006 онд аутизм  анх бүртгэгдсэн. 

-Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Хүүхдийн хэл яриа хоцрох, зан үйл өөрчлөгдөх зэрэг шинжийг үл тоомсорлож болохгүй. Эрт илрүүлж, мэргэжлийн байгууллагад хандах нь хамгийн чухал. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ оношийг хүлээн зөвшөөрөх нь хөгжлийн хамгийн эхний алхам болдог.

Монгол Улсад аутизмын талаарх мэдлэг, оношлогоо, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага өндөр хэвээр байна. Хамгийн чухал нь эрт илрүүлэлт, зөв ойлголт, хамтын ажиллагаа юм.

 Төвийнхөө үйл ажиллагааны талаар?

– Оюурах төв” нэг багш – нэг хүүхэд зарчмаар ажилладаг. Хэл засал, боловсрол, спорт заслын АБА хичээлүүд ордог бөгөөд олон улсын багш нар хамтран ажиллаж байна. Одоогоор 4–16 насны  хүүхдүүдтэй хичээллэж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц. Мөнх-Эрдэнэ: Аутизмыг “мэдрэлийн хөгжлийн эмгэг” гэж нэрлэх нь илүү оновчтой  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй