Шууд Chart

“Бэтмен, Супермэний тэмцэл" кино ашиг орлогоороо тэргүүллээ

2016-03-28 12:48:16

“Бэтмен, Супермэний тэмцэл: Шударга ёсны эхлэл” кино дэлхийн 66 бүсийн 40 мянга гаруй кино театрт нээлтээ хийснээс хойш 5 хоногийн дотор 254 сая америк долларын ашиг орлого олоод байна. Тус кино АНУ-д мөн 170.1 сая долларын ашиг олж, нийтдээ 424.1 сая америк долларын орлого цуглуулсан дүнтэй байна. “Шударга ёсны эхлэл” кино энэ үзүүлэлтээрээ гуравдугаар сард АНУ-д нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн их орлого цуглуулсан киногоор тодорлоо.

Үүнээс гадна тус кино "Уорнер Брос" компанийн хувьд, нээлтийн 7 хоногтоо хамгийн их ашиг орлого цуглуулсан кинонуудынх нь жагсаалтад "Харри Поттер" цувралын сүүлийн анги болох "Үхлийн шүтээн" киноны хоёрдугаар ангийн араас хоёрдугаар байрт бичигдэж байна. Үүнээс гадна тус кино гуравдугаар сард олон улсад нээлтээ хийсэн бүх цаг үеийн хамгийн их орлоготой киногоор тодорчээ. "Уорнер Брос Пикчерз" компанийн бүтээл энэ кино нь хамгийн алдартай хоёр супер баатрын тулааныг харуулсан учраас олон улсын зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм.

“Бэтмен, Супермэний тэмцэл: Шударга ёсны эхлэл” кино нээлтийн 7 хоногтоо Хятадын 16 мянга орчим кино театраас 57.3 сая долларын ашиг олж, Уорнер Брос компанийн түүхэнд тус улсаас хамгийн их ашиг орлого цуглуулсан киногоор тодорсон байна. Үүнээс гадна “Шударга ёсны эхлэл” Их Британид 21.9 сая доллар, Бразилд 12.2 сая доллар, мөн Өмнөд Солонгост 10.5 сая долларын ашиг олсон байна.

Кино шүүмжлэгчид тааруу үнэлгээ өгч байгааг үл харгалзан тус киноны тухайд үзэгчид, шүтэн бишрэгчид нь ам сайтай байна. “Бэтмен, Супермэний тэмцэл: Шударга ёсны эхлэл” киног бүтээхдээ Уорнер Брос компани 250 сая доллар зарцуулжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Бэтмен, Супермэний тэмцэл" кино ашиг орлогоороо тэргүүллээ  
Үзсэн: 12980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2017-01-15 12:48
mash goe

Бидэнтэй нэгдээрэй