
Өнөөдөр Япон улсын хувьд Кенкоку Киненно Хи буюу улс байгуулагдсан баярын өдөр. Япон улс байгуулагдсан гэж үздэг энэхүү өдрөөр улс даяар амардаг байна. Тус улсын Үндэсний баярын тухай хуульд улс байгуулагдсан өдрийн уриаг «Улс байгуулагдсан өдрөө санаж, улс орноо хайрлах зүрхтэй хүмүүсийг хүмүүжүүлэх» хэмээн онцлон заасан байдаг аж. Тус улсын парламент улс байгуулагдсан өдрийг 1966 онд Японы үндэсний баяр хэмээн албан ёсоор баталсан ч 1967 оноос эхлэн хүчин төгөлдөр болж, тэмдэглэж эхэлсэн байна.
Энэхүү түүхэн өдөр тохиож байгаатай холбогдуулан тус улсын талаар цөөн мэдээллийг хүргэж байна.
Төрийн далбаа болон Эзэн хааны сүлд:
Нийслэл хот: Токио
Тус улсын нийслэл Токио нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар хүн амын тоо 13 сая гаруй хүн амтай гэсэн дүн гарчээ.
Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы найман бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын есөн бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшитгэсэн ДНБ-ний хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба "Fortune" сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.
Хүн ам:
Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлтэй. Япон улсад 2014 оны наймдугаар сарын байдлаар 127 сая гаруй мянган хүн амьдарч байна гэсэн тоо баримт бий. Үндсэн хэл: Япон. Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон буюу Ямато, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ.
Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг.
Нийт хүн амын 98.5 хувь нь Япон үндэстэн, үлдсэн хувийг Солонгос, Хятад, Филиппин, Бразил, Перу гэх мэт орны иргэд байдаг. Хүн амын дийлэнх буюу 89 хувь нь төвлөрсөн хот сууринд амьдардаг. Нийт хүн амын 80 хувь нь Хоншүү аралд, Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын дийлэнх нь оршин суудаг. Газар нутгийнх нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт бий.
Шашин шүтлэгийн хувьд Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хүмүүс олонх болдог. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
Төр захиргааны онцлог:
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болно.
Эзэн хаан Акихито гэргийн хамт...
Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хуваарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал хэдий ч Япон нь үндсэн хуульт хаант засагт улс юм. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын билэг тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Акихито буюу Эзэн хаан Хэйсэй юм. Хунтайж Нарүхито хаан өвийг нь залгах ёстой.
Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (японоор коккай) гэнэ. УХ нь дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японы иргэн нь 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрхтэй болдог. Одоогийн Ерөнхий сайд нь Шинзо Абэ.
Ерөнхий сайд Шинзо Абэ
Эдийн засаг:
Япон нь эдийн засгийн чадавхиараа дэлхийд АНУ, Хятадын дараа гуравт ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай.
Эдогийн эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.
Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5 хувь байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2 хувийн жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог. Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг.
Уур амьсгал болон газар зүйн онцлог:
Япон ( 日本 /Ниппон эсвэл Нихон/ буюу "Наран гарвалт") нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Япон улс нь Номхон далайн өрнөд цухуйсан 6,852 арал бүхий 377,944 км2 газрыг эзлэн оршдог. Нутаг дэвсгэр нь х.ө. 24° – 46°, з.у. 122° – 146° хооронд оршдог. Хоккайдо, Хоншүү, Шикокү, Кюүшүү хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97 хувийг эзэлдэг. Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг. Зургаа болон долоодугаар сард Окинавад агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.
Түүхийн хуудаснаас:
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Нарагийн эриний (710-794) үеэс хойших төрийн судар бичгүүд, Японы түүхийн номонд тус улс байгуулагдсан өдрийг Японы анхны хаан Жимму ширээндээ заларсан үе хэмээн үздэг. Григорийн хуанлигаар үүнийг тооцож үзвэл манай тооллын өмнөх 660 оны хоёрдугаар сарын 11 болж таарч байна. Жимму хэмээх хаан үнэхээр байсан талаар түүхийн бодит баримт байхгүй ч энэ үйл явдлыг япончууд тухайн үед хааны төвтэй хууль ёсны төр засаг байсан гэдгийг тодотгохын тулд сонгожээ.
XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд очсон үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ. Энэ үеэс Япончууд галт зэвсэг гээч шинэ зэвсэглэлтэй танилцсан гэдэг. Үүний дараа Ода Нобүнага гэгч анх Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алагдсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжлүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусчээ.
1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна.
1854 оны гуравдугаар сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, 1868 оноос "Мэйжийн эрин" эхэлжээ. Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Улс орон нь хүчирхэгжиж эхлэхийн үед Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзэлжээ.
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгтгэв. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны наймдугаар сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.
Бүх нийтээр тэмдэглэдэг баярууд:
Огноо |
Баяр |
Тайлбар |
Нэгдүгээр сарын 2 дахь даваа гараг |
Тухайн жилд 20 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ. |
|
Гуравдугаар сарын 21 орчим |
Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга |
|
Хирохито хааны төрсөн өдөр |
||
Долоодугаар сарын 3 дахь даваа гараг |
||
Есдүгээр сарын 3 дахь даваа гараг |
||
Есдүгээр сарын 23 орчим |
Хуучнаар Эзэн хааны намрын тайлга |
|
Аравдугаар сарын 2 дахь даваа гараг |
||
Мэйжи эзэн хааны төрсөн өдөр |
||
Баярын өдөр ням гарагт таарвал дараах өдөр буюу даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдрүүд нь бүх нийтийн амралтын өдөр болдог.
Өнөөдөр Япон улсын тусгаар тогтнолын баярын өдөр | ||
Үзсэн: 7725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.