Шууд Chart

Г. Мөнх-Эрдэнэ: Үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр долларын ханшийн дарамтаас гарахгүй

2013-11-08 09:59:00

Монголбанк өчигдөр нэг америк доллларыг 1706 төгрөгийн ханшаар зарлалаа. Долларын ханш юунаас болж өсч байгаа талаар “Мандал ассет менежмент” компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцсан юм.

 - Долларын ханш өнгөрсөн зургаадугаар сар хүртэл тогтвортой байсан ч, “Хадгаламж” банк татан буугдах үеэр огцом өссөн. Тухайн үед валютын ханшийн өсөлтөд банк санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлөв үү гэсэн бодол төрж байлаа?
- Тэгж хэлж болох талтай. Хадгаламж банкийг татан буулгаж, Төрийн банкинд нэгтэх үед, долларын ханш огцом өссөн график гарсан. 2008-2009 оны хямралын үед, Анод, Зоос банк ар араасаа татан буугдах үед ч ийм зүйл ажиглагдаж байсан. Эндээс банкны салбарын доголдол, долларын ханшид нөлөөлдөг байж болох дүр зураг ажиглагдаж байгаа. Ер нь банк дампуурах нь гэсэн яриа гарангуут, хүмүүс хадгаламжаа татаж эхэлдэг. “Анод” банк татан буугдах үед 50 тэрбум төгрөг гадагшилсан гэж яригдаж байсан. Сая “Хадгаламж” банк татан буугдах үед 30 тэрбум төгрөг гадагшилсан гэх албан бус мэдээлэл ирсэн. Хадгаламж эзэмшигчид эрсдэлээ бодоод банкнаас татсан мөнгөө хэсэгтээ өөр банкинд байршуулдаггүй. Яагаад гэхээр нэг банкны дампуурал, системийн хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй байдаг учраас. Тийм болохоор, хөрвөх чадвартай, хөрөнгө оруулалтын арга хэрэгсэл гэдэг утгаараа, хадгаламж эзэмшигчид банкнаас татсан хөрөнгөө доллар руу оруулсан байх талтай. Мөн 6 сарын сүүлээр Монгол банк 8 хувийн зээл олгож эхэлсэн. Өмнө нь өндөр хүүтэй зээл төлж байсан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө өсөх, байраа зарсан иргэд тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй болоход нөлөөлж иргэд үүгээрээ доллар авсан байх талтай. Энэ нь богино хугацааны спекуляци шинжтэй эрэлтийг бий болгосон.
- Есдүгээр сар гэхэд энэ валютын ханш урьд хожид байгаагүйгээр огцом өссөн. Үүний хэдэн хувь нь спекуляци байсан бол?
- Дэлхийн эдийн засгийн хямралын үед буюу 2009 оны 3 сарын 19-ний өдөр төв банкнаас зарласан америк долларын албан ханш 1590 төгрөг болж, түүхэн дээд  цэгтээ хүрч байсан. Тэгвэл саяхан дотоодын зах зээлд долларын ханш үүнээс өсч, өмнөх түүх дээд ханшаа эвдсэн. Үүний нэг нотолгоо бол, 2013 оны есдүгээр сарын 12-ны өдөр төвбанкнаас зарласан америк долларын албан ханш 1722 төгрөг болсон явдал. Энэ үед арилжааны банкууд болон ченжүүд долларыг 1730 төгрөгөөр зарж байсан үнэн. Үүний 100-120 төгрөг нь цэвэр спекуляци байсан гэх судалгааг бид гарсан. Яг албан ёсны тоо баримтаар яривал, банкуудын гадаад валютын хадгаламж 7-9 сарын хооронд сард дунджаар 10 хувь өсч байлаа. Хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар руу шилжүүлж байсан нь бэлэн бус валютын эрэлтийг үүсгээд байсан л даа. Гэхдээ хөөс хагарч, долларын ханш нэг хэсэг 1610 төгрөг дээр эргэн орсон шүү дээ. Гол нь ханш өснө  гэсэн хүлээлт их байх нь ийм байдалд хүргээд байгаа юм. Хүлээлт хэмээх ойлголт эдийн засагт, ялангуяа ханшид маш их нөлөөтэй. Иймээс хүлээлтийг зөв үүсгэх нь чухал ажил болоод байна.
- Японы зах зээлд самура бонд арилжаалах хэлэлцээр хийгдсэний маргаашнаас дотоодын зах зээлд долларын ханш бага зэрэг буурч, таны хэлснээр 1610 руу орж ирсэн санагдаж байна. Тэгэхээр ханш буурахад самура бонд нөлөөлсөн гэсэн үг үү?
- Самура бондыг энэ онд багтаан арилжаалах тухай гэрээ хэлэлцээр хийсэнтэй холбоотойгоор хүлээлт үүсэхийн хувьд үүссэн. Гэхдээ үүнээс гадна, өөр бусад мэдээллүүд давхар нөлөөлсөн. УИХ-ын дарга З.Энхболд, долларын ханшийг хиймлээр хөөрөгдөөд байгаа нөхдүүдтэй тэмцэх талаар Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг даалгавар өгсөн. Тэр бол тодорхой хэмжээнд долларын ханш буурахад нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, Монголын ипотекийн корпораци 250 саяын үнэлгээ бүхий орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас оны эцэст гаргана гэсэн мэдээлэл гаргасан нь бас нөлөөлсөн. Ар араасаа гарсан эдгээр мэдээллүүд долларын ханш бага зэрэг буурахад нөлөөлсөн ч, эргээд чангарч байна.
- Шинжээч хүний хувьд шалтгааныг нь юу гэж харж байна вэ?
- Өнгөрсөн оны сүүлчээр засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бондыг дэлхийн зах зээлд гаргаснаар, долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Гэвч үүгээр ханшийг удаан барих боломжгүй нь сая харагдлаа. Суурь хүчин зүйлүүд нь оны эхнээс муудчихсантай холбоотой. Оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдаа 1.7 тэрбум долларын алдагдалтай гарлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар буурсан үзүүлэлттэй явна. Ер нь монгол руу бодитоор доллар орж ирэхгүй байна. Ирэх сард самура бондын орлого орж ирнэ гэсэн хүлээлт байгаа.  Оюутолгойн далд уурхайн санхүүжилт он гарч байж орж ирэх төлөвтэй байна.  Эндээс харахад, ирэх онтой залгатал долларын дотогшлох урсгал нэмэгдэхгүй байх төлөвтэй байна. Дээр нь төвбанк сүүлийн хоёр сар интервеци хийх нь эрс багаслаа. Эрэлтийг нийлүүлэлт гүйцэхгүй байгаагаас зах зээлд долларын хомсдол үүсч, ханш дахиад өсч байна гэж харж байна.
- Оны эхэнд манай улс 32 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байсан бол, есдүгээр сарын эцэст 14 долоо хоногийн нөөцтэй болсон гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Нөөц буурч байгаа энэ үед, төвбанк интервенци хийхгүй байх нь зөв юм биш үү? Их хэмжээгээр интервенци хийгээд байвал байгаа валютаа барах эрсдэлтэй юм шиг?
- 2008-2009 оны хямралын үед манай улсын экспортын гол нэрийн түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээлд огцом унаж байлаа. 8000 доллар хол давж байсан тонн зэс 2700 доллар болтлоо буурч байсан үе. Энэ үед нүүрс манай улсын экспортын орлогын 10 хүрэхгүй хувийн эзэлж байсан нь нууц биш. Зэсийн үнийн бууралтаас болж, гаднаас орж ирэх валютын урсгал татарч байхад, төвбанк 500-хан сая долларын валютын нөөцтэй үлдэж байсан гашуун түүх бий. Тухайн үед байгаа хэдэн валютаа шатахуун, эм тариа импортлох зэрэг стратегийн түүхий эдэд зориулж гаргаж байсан. Энэ үед интервенцийг хүссэн хэмжээнд ч хийх боломжгүй байсан. Тиймээс ч төвбанк ханшийг тэр үед зах зээлд даатгаад орхисон. Азаар 2009 оноос манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт богино хугацаанд нэмэгдсэн нь долларын ханш эргээд буурахад нөлөөлсөн. Үүнээс бидэнд үлдэх сургамж нь юу вэ гэхээр, долларын ханшийг барихын тулд төвбанк валютын нөөцөө барж, интервенци хийгээд байх шаардлагагүй гэдэг нь харагдсан. Гэхдээ энэ нь огт нийлүүлэхгүй бай гэсэн үг биш. Зохих, шаардлагатай валютыг  дуудлага худалдаагаар, своп хэлцэлээр нийлүүлээд явах нь зөв. Манай улсын гадаад валютын нөөц оны эхнээс 1.1 тэрбум доллараар буурч, одоо 2.7 тэрбум долларын нөөцтэй үлдэж. Тийм ч учраас сүүлийн саруудад төвбанк их хэмжээний интервенци хийхгүй байна гэж ойлгож байгаа.
- Зах зээлд доллар ховор байхад, төгрөг элбэг байгаад байгаа. Долларын ханшийн өсөлтөд, төгрөгийн хэт их нийлүүлэлт нэг талаас нөлөөлсөн гэж зарим хүмүүс яриад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
- Өнөөгийн энэ ээдрээтэй нөхцөл байдал руу орохгүй байх боломж байсан. Засгийн газар Монголбанктай хамтран өнгөрсөн оны сүүлээс үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийн өртөг бүхий үнэ тогтворжуулах дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн банкуудад ойролцоогоор 900 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан. Моргэйжийн 8 хувийн зээлд л гэхэд бараг 1.1 триллионы санхүүжилт хийлээ. Мөн Чингис бондоос зарцуулалт хийсэн. Энэ мэт засгийн газар болон төвбанк хамтран оны эхнээс 3 их наяд төгрөг нийлүүлсэн гэх мэдээлэл гадуур яригдаад байна. Энэ нь зээлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлийг хадгалж чадсан гэж зарим хүмүүс тайлбарлах ч, зоосны нөгөө талд, энэ мөнгө импортыг дэмжиж, долларын эрэлтийг давхар бий болгосон гэдгийг нуух юун.
- Манай улс зэсийн баяжмал экспортлогч хоёр компанитай боллоо. Энэ онд Оюутолгой компани зэсийн баяжмал экспортолж эхэлсэн болохоор ингэж хэлж байна. Экспортын голлох түүхий эд болох зэсийн баяжмалд найдлага алга уу?
- Зэсийн үнэ өсөөгүй ч, унахгүй байгаа нь таатай хэрэг. Гэвч, Эрдэнэт үйлдвэр 2011 оны ногдол ашгийг хоёр орны засгийн газарт олгохын тулд, бүтээгдэхүүнээ урьдчилаад худалдчихсан гэх мэдээлэл байгаа. Зэсийн баяжмалаа экспортлоод байгаа ч, орлого орж ирэхгүй байгаа учраас монгол руу чиглэх валютын урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Оюутолгой компани бүтээгдэхүүнээ долдугаар сарын 9-ний өдөр албан ёсоор экспортолсон гэж байгаа ч, эцсийн хэрэглэгчид саяхнаас түүхий эдээ авч эхэллээ. Оюутолгойн бүтээгдэхүүнийг худалдан авагчид, урд хөршийн гааль дээр гаалийн бүрдүүлэлт хийх гэж хугацаа алдсан юм билээ. Ингээд баяжмалаа эцсийн хэрэглэгчдэд хүргэж, саяхнаас орлоготойгоо залгаж байна гэж ойлгож сууна. Хэдийгээр тийм ч, оюутолгойн орлого бол монголын банкинд орж ирээд, тодорхой хувь нь цалин, нийгмийн даатгал, татварт зарцуулагдаж монголд үлдэх ч, дийлэнх нь буцаад гарах мөнгө. Тэгэхээр энэ оны тухайд экспортын тодорхой хувийг бүрдүүлж байгаа зэсэнд найдлага тавихад бэрх юм.
-Манай улсын гадаад худалдаа 1.7 тэрбум долларын алдагдалтай яваа. Үүний 650 сая доллар нь цэвэр нүүрсний алдагдал гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан? Өнгөрсөн хугацаанд ийм алдагдал авчирсан ч, он дуустал байдал өөрөөр эргэх найдварбайгаа юу?
- Эрдэнэс-Тавантолгой компани Эрдэнэтийн нэгэн адил бүтээгдэхүүнээ урьдчилаад худалдчихсан. Хятадын Чалко компаниас 350 сая долларын зээл авч, үүнийгээ нүүрсээр барагдуулж байна. Тэр ч утгаараа, нүүрсээ экспортлоод байх боловч, бодит орлого орж ирэхгүй, өрөндөө суутгуулж байна. Ирэх оны хоёрдугаар сард урьдчилгаа төлбөрөө төлж дуусгана гэсэн мэдээлэл байсан. Тэр үеэс арай дээрдэх байх. Одоо бол Эрдэнэс-Тавантолгойгоос доллар орж ирэхгүй байна. Ер нь экспортын 40 хувийг эзэлдэг нүүрсний үнэ уначихаад хүндхэн байна. Дээр нь нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 сая тонноор буурсан гэх статистик судалгаа гарсан. Тэгэхээр энэ оны тухайд бол, нүүрсэнд найдаж, доллар орж ирнэ гэж хэлэхэд  хэцүү.
-Тэгэхээр он дуустал долларын ханш буурахгүй, өсөх хандлагатай байна гэж ойлголоо. Хэд хүрч өсөх бол?
- Ер нь бол өдийд долларын ханш өсдөг үе гэж ойлгож болно. Удахгүй шинэ жил, цагаан сар биднийг угтана. Баяр ёслолын үе таарч байна гэдэг утгаараа, импортын улирал эхэлж байна. Импортын бараанд зөрүүлээд багагүй доллар зарцуулж таарна. Дээр нь барилгын компаниуд түүхий эдээ өвөл татдаг болсон гэх мэдээлэл байна. Мөн нефть импортлогчид өдийд өвлийн түлшээ бэлтгэдэг үе. Ингээд үзвэл, нийлүүлэлт байхгүй байхад, эрэлт өндөр байхаар байна. Энэ нь долларын ханшийг бууруулахгүй, өсгөх нөхцөл болно гэж харж байна. Одоогоор долларын ханш тэд болж өснө гэж хэлэх боломжгүй. Судалгааг хийж байна. Ер нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаад явах байх.
- Манай улс Чингис бондын ээлжит хүүг ирэх арванхоёрдугаар сард төлнө. Мөн бүх байгууллагууд оны төгсгөлд гадаад төлбөр тооцоогоо хийдэг байгаа. Энэ нь долларын эрэлтийг нэмэгдүүлж, ханшид дарамт учруулах болов уу? Дайран дээр давc болох вий гэж асууж байгаа юм?
- Чингис бондын хүүгийн төлбөрийг жилд хоёр удаа барагдуулахаар хөрөнгө оруулагч талтай тохиролцсон юм билээ. Эхний төлбөрийг өнгөрсөн зургаадугаар сард хийсэн. Ээлжит төлбөрийг арванхоёрдугаар сард хийх ёстой. Энэ үед 72 сая долларыг хөрөнгө оруулагчдад төлөх байх. Үүнээс гадна, өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-ний өдөр гаргасан хөгжлийн банкны 580 сая долларын бондын үндсэн төлбөрийг 2017 онд хийж дуусгана. Тэр болтол жил бүр 5.75 хувийн хүү төлөөд явах юм. Үүгээр тооцвол, хөгжлийн банк энэ жил 33 гаруй сая долларын хүүг хөрөнгө оруулагчдад төлөх тооцоо гарч байна. Ингээд бодохоор ойрын хугацаанд, Чингис бонд болон Хөгжлийн банкны бондын хүүгийн төлбөрт 100 гаруй сая доллар зарцуулна гэсэн үг. Хэвийн нөхцөлд энэ тийм их мөнгө биш. Гэхдээ, өнөөдөр долларын дотогшлох урсгал багасч, суурь нөхцөл муудсан энэ үед, 100 сая доллар ханшид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Төвбанкнаас хийсэн интервенцийг судлаад байхад, монголбанк нэг удаагийн интервенциэр 60 сая доллар гаргахад, хэд хоногтоо ханшийг тогтвортой барьж чадаж байсан. Тэгэхээр 100 сая доллар гэдэг бол, өнөөгийн хүнд нөхцөл байдалд нөлөө үзүүлэх хэмжээний үнийн дүн.
-Сүүлийн үед долларын ханш өсөхөөр зарим эдийн засагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд “сайн” гэсэн тайлбар хийх боллоо?
-Энэ бол үйлдвэрлэл хөгжсөн оронд илүү зохисон онол гэж бодож байна. Ийм онол ярьж суухын оронд, эхлээд бид юу үйлдвэрлэж байгаа билээ гэдгээ бодоход илүүдэхгүй. Экспортын бүтцээ харъя. Манай экспортын 90 хувийг дан ганц уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ энэ нь эцсийн бүтээгдэхүүн биш. Уул, уурхайн бүтээгдэхүүнээ урд хөрш рүү түүхийгээр нь экспортлодог гэдэгтэй хэн ч маргахгүй. Экспортын үлдэх 10 хувь нь мах, ноолуур байдаг. Ноолуурын дийлэнхийг угааж самнаад экспортолж байна. Тэр ч утгаараа, мах болон ноолуураа бас л түүхийгээр нь гаргаж байна. Ийм тохиолдолд, стратегийн нөөц болсон түүхий эдийг гадагшаа алдана уу гэхээс, хожихгүй. Нөгөө талын эдийн засагчдын яриад байгаа зүйл бол, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа оронд ашигай байхгүй юу. Бид үйлдвэрлэгч биш, түүхий эд бэлтгэгч орон гэдгээ ойлгохгүй байх шиг байна.
- Компаниуд экспортлосон түүхий эдийнхээ оронд доллар оруулж ирлээ. Үүнийгээ төгрөгт хөрвүүлэхээр түүхий эд экспортлогч компаниудад нь ашигтай харагдаад байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Энэ талаас нь харвал тийм. Долларын ханш өссөн үед компаниуд экспортын орлогоо оруулж ирээд, үүнийгээ төгрөгт хөрвүүлбэл ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. Гэхдээ нөгөө талаас нь харвал, доллар 1700 болчихоор инфляци өөрөө асуудал тариад эхэлнэ. Манай улс хэрэгцээт барааныхаа дийлэнхийг импортоор авдаг. Гадаад худалдаанд долларыг түлхүү хэрэглэж байна. Долларын ханш өсвөл, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хөөрөгдөж төгрөгийн худалдан авах чадвар буурдаг сул талтай. Экспорт хийж буй цөөхөн хэдхэн компани бий. Тэгэхээр хэдхэн компанийн ашиг чухал уу, эсвэл нийт ард иргэдийн амьжиргаа чухал уу гэдэг асуулт гарна. Мэдээж олонхийн эрх ашиг чухал. Үүнээс гадна, долларын ханш өсөхөөр, энэ валютаар зээл авсан компаниудын хүүгийн зардал өснө. Бас л сөрөг нөлөөтэй.
- Импортын барааны үнэ өсөхөөр дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэж, үндэсний үйлдвэрлэлээ сэргэнэ гэж ярьдаг. Энэ хэр бодитой вэ?
- Сүүлийн үед тэгж ярих хүмүүс мэр сэр гарч ирэх болсон. Гэтэл хэрэглэгч дан ганц үнэд суурилж шийдвэр гаргахгүй. Үнээс гадна чанар, нэр хүнд, зах зээлд танигдсан байдал, хэрэглэгчийн зан төлөв, сав баглаа боодол гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Гэтэл тэр бүхнийг нь үндэсний үйлдвэрлэл бий болгож чадаагүй байна. Бизнес эрхлэгчид гадаадын бүтээгдэхүүн үнэтэй болонгуут л Монголдоо тэрийг нь үйлдвэрлэе гэж шийдвэр гаргахгүй. Тухайн салбарыг нь дэмжсэн хууль эрх зүйн тогтвортой орчин, татварын таатай орчин, боловсон хүчний ур чадвар, техник технологи нь монголд байгаа эсэх гээд бизнес эрхлэхэд чухал нөлөөтэй. Өөр олон хүчин зүйл бий. Түүнийг нь бүрдүүлээгүй байхад бизнес эрхлэгчид тийм ч амар хөдлөхгүй.
- Энэ жилийн тухайд төгрөгийн хувь заяа хэцүүхэн байлаа. Өнгөрсөн зургаадугаар сараас долларын ханш өсч, төгрөгийн үнэ цэнийг бууруулж байна. Ирэх оны тухайд ямар байх бол?
- 2014 оныг эерэгээр төсөөлж байгаа. Нэг талаас Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээд, мөнгө нь бага багаар ч болов ороод ирнэ. Эрдэнэс-Тавантолгойн зээл ирэх оны хоёрдугаар сард төлөгдөж дуусахаар, дараачийн сараас нь Зүүн цанхийн нүүрснээс бодит орлого орж ирнэ. Тэрнээс гадна, Баруун Цанхиас өнгөрсөн зунаас нүүрс экспортолж, зах зээлийн үнээр нь худалдаалж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Хамгийн нааштай хүлээлт үүсгэсэн явдал бол, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-тавантолгой”, “Энержи ресурс”, мөн жижиг Тавантолгой компани хятадын Шэньхуа корпорацид 20 жилийн хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. Энэ гурван компани ирэх оноос жилд 50 сая тонн нүүрс экспортловол, тэр хэрээр долларын дотогшлох урсгал нэмэгдэх нааштай мэдээлэл юм.
- Бусад хүчин зүйлүүдийн хувьд ямар хүлээлттэй байна вэ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын хувьд 2014 он ямар жил байх бол? Энэ оны тухайд хатуухан, хөрөнгө оруулагчид үргэсэн жил байлаа?
- Өнгөрсөн УИХ-ын сонгуулын өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хууль” батлагдсан. Энэ хуулийн 4.7-д уул уурхай, хэвлэл мэдээлэл, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх үндсэн суурь нь болсон. Уг хуулийг саяхан хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хуультай боллоо. “Хөрөнгө оруулалтын хууль”-д, хөрөнгө оруулагчид манай улсад үйл ажиллагаа явуулах бол УИХ болон Засгийн газраас зөвшөөрөл авах тухай тусгаагүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг үргээж байсан заалтыг үгүй хийж, зөөллөж өгсөн. Хөрөнгө оруулагчид холбогдох яам, агентлагаас зөвшөөрөл авч, тодорхой хугацаанд тогтворжуулах гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Хууль саяхнаас буюу энэ сарын нэгнээс мөрдөгдөж эхэллээ. Ирэх онд үр дүн гарч, хөрөнгө оруулагчид эргэн ирнэ гэж найдаж байна. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бол, манай улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийж, хууль эрхзүйн орчиндоо байс хийгээд өөрчлөлт оруулаад байвал, үр дүн гарахгүй.
- Анзаараад байхад, манай улс гаднаас хэт хараат юм. Уул, уурхайн түүхий эдийн үнэ унахаар л долларын дотогшлох урсгал багасч, уг валютын ханш өсчихдөг гаж тогтолцоотой явж ирлээ. Урт хугацааны бодлого үгүйлэгдээд байх шиг?
- Яг тийм. Бид гал асах болгонд цурманд оруулах үйлдэл хийгээд байгаа. Үүний оронд урт хугацааны шийдэл эрэлхийлэх хэрэгтэй. Дорноговь аймгаас олборлож байгаа газрын тосоо түүхийгээр нь экспортлоод л байна шүү дээ. Бид жилд хамгийн багадаа 1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүнийг импортоор авахад 1 тэрбум доллар дор хаяж зарцуулж байх жишээтэй. Тэгсэн мөртлөө Зүүн баян, Тамсагийн сав газраас нефть олборлож, урагшаа экспортлоод байдаг. Үүнийгээ дотооддоо боловсруулж, хэрэглэвэл, жил 1 тэрбум доллар гадагшаа урсгахгүй. Дээр нь, манай барилгын компаниуд түүхий эдээ татахад зориулж их хэмжээний валют гаргаж байна. Барилгын түүхий эдийн 65 хувийг цемент, арматур эзэлж байна. Гэтэл манай Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зах зээлийнхээ дөнгөж 40-50 хувийг хангаж байна. Энэ хоёр үйлдвэрээ томруулчихвал, гаднаас жилд 300 сая долларын өртөг бүхий цемент, арматур импортлох шаардлагагүй болно. Энэ ч утгаараа, гадагшаа валют урсгаж байгаа гол салбарт үйлдвэрлэл хөгжүүлмээр байгаа юм. Нөгөө талд, экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай байна. Ингэвэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан ч, бусад салбараас орлого тасралтгүй ороод ирэх талтай. Ингэж байж л, гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн ирээгүй, бие даасан эдийн засагтай орон болж чадна.
- Долларын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгах талаар эдийн засагчид энэ мэт олон санаа дэвшүүлдэг. Гэвч үүнийг хэн ч хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлдэггүйн гол шалтгаан нь?
-Бид долларын ханш гэхээр дандаа богино хугацааны шийдэл хийгээд байгааг дахиад хэлье. Одоо урагшаа харж, урт хугацааны бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэх цаг нь болсон. Хэрэгжүүлдэггүйн гол шалтгаан нь улсын өрсөлдөх чадвар, стратеги нь юу байх юм гэдгийг урт хугацаанд харж, улстөрийн шийдвэр гаргаж байгаа институци гэж алга. Шинжээчдийн хувьд бодлогын боломжит хувилбаруудыг гарган ирж, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал болгож чадна. Сүүлийн үед юу анзаарагдаж байна вэ гэхээр, бонд гаргаж, өр тавьж, түүгээрээ валютын ханшийг шийдэх гээд байх шиг харагдах боллоо. Гэтэл нөгөө талд өр л нэмэгдээд байна. Бондоо үр ашигтай зарцуулахгүй бол ирээдүйд өрөнд унана.Тэгэхээр бондын хөрөнгөөрөө үйлдвэрлэлээ босгож, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх хэрэгтэй байна. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалтаа тогтвортой байлгах шаардлагатай. Үйлдвэрлэлийн шийдвэл валютын ханшийг шийдчихнэ. Нийт инфляцийн 70 хувь нийлүүлэлтийн инфляци байна гэдэг.  Тэгэхээр валютын ханшийг шийдчихвэл, давхар инфляци шийдэгдэнэ гэж ойлгож болох талтай. Тэр ч утгаараа, үйлдвэрлэдэг орон болвол гаднаас хараат бус, валютын ханш, инфляциа шийдэж, бидний амжиргааны түвшин дээшлэх цорын ганц гарц гэж харж байна. Үйлдвэрлэл хөгжвөл компаниуд нь өрсөлдөх чадвар өндөртэй, иргэд нь найдвартай ажлын байртай, орлого нь тогтмол өсөлттэй, бодит орлого нь тогтвортой байх юм.
 
Ярилцсан А. Энхтуул / Хурд агентлаг /
 

Г. Мөнх-Эрдэнэ: Үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр долларын ханшийн дарамтаас гарахгүй  
Үзсэн: 4968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.95.xxx] 2016-10-23 15:11
Доллар хэд хүрэх бол гэхэд хэлж чадахгүйл байна,хэт их бөрөнхийлөөд байна
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-04 13:24
Ih zow asyydlaar yariltsan baina
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-11-14 23:16
Mash zov yarisan baina. MUIS-n Altantsetseg ntr balai um yariad baigaa um. Ugaasaa Amerikiin ediin zasgiin onol manaid 100 huvi taarah yamar ch bolomjgui. Hansh unagaadag ni zovhon aldagdalaa ard tumenii nuruund uuruulsen ajil bolson shuu dee.

Бидэнтэй нэгдээрэй