Шууд Chart

“Универсиад-2017” наадам Тайваньд эхлэхэд 99 хоног үлдлээ

2017-05-11 07:45:21

Универсиад 2017 наадмын хугацаа, оролцох орон, хүн, төрөл

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXIX дүгээр их наадам Хятадын Тайванийн нийслэл Тайпей хотноо эхлэхэд ердөө 99 хоног (2017 оны 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 19 өдрийг хүртэл ) үлдлээ. Наадам 2017 оны 8 дугаар сарын 19-30-нд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Хятадын Тайванийн Засгийн газрын ивээл дор болно. Зуны Универсиад наадамд 5 тивийн 170 гаруй орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцох юм. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид оролцох боломжтой. Энэ насны хязгаар 2019 оны Универсиадаас эхлэн өөрчлөгдөж 17-25 насаар хязгаарлагдах гэнэ. Наадам доор дурдсан спортын 19 төрөлд, 12 өдрийн туршид болж, 300 орчим багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Дэлхийн оюутны “Универсиад”наадмын тухай товчхон

Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр зохиогддог. Зуны Универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо явагдсан. Харин өвлийн наадам 1960 оноос эхлэн 28 дах удаагаа зохиогдоод байна. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, хүний тоо, спортын олон төрлөөр зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпын дараа ордог “Бага олимп” хэмээн зүй ёсоор нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам юм. Учир нь Универсиадад 5 тивийн 200 орчим орны 13,000 оюутан тамирчид нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн зэрэг хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь нэгдсэн тосгонд нэг дороо амьдарч тэмцээнүүдээ оролцдог онцлоготой. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч бас илэрхийлдэг гэж үздэг. Мөн Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг Универсиад гэсэн нэр харуулдаг байна.

Хятадын Тайвань ба томоохон арга хэмжээ зохиосон тухай

Хятадын Тайвань нь зүүн Ази тивд Номхон далайн баруун хэсэгт БНХАУ-аас Тайванийн хоолойгоор тусгаарлагдсан арлын улс юм. Тайванийн нийслэл Тайпей хот юм. Энэ улс нь далайн халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 36,191.4 км.кв ам дөрвөлжин нутагтай, нийтдээ 23,2 сая хүн амтай юм.

Хятадын Тайвань нь ардчилсан засаглалтай, Ерөнхийлөгчийн БНУлс бөгөөд 20 дугаар зууны сүүлийн хагаст эдийн засаг нь асар хурдацтай өсч байна. Өдгөө нэг хүнд оногдох ДНБ 37,931 ам долларын үзүүлэлтээр дэлхийд 18 байрт, эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 19 дүгээр байрт ордог. Дэлхийд валютын нөөцөөрөө 2 дугаар байрт ордог. Хөгжлийн түвшингээр дэлхийд болон тивдээ дээгүүр эрэмбэлэгдэж Азийн 4-н бар орнуудын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Эдийн засгий салбарын хувьд нанотехнологи, биотехнологи, загас агнуур, мод боловсруулах, экспортын гадаад худалдааны бараа, бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хувьд цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, мэдээллийн технологи гаргаж өндөр хөгжсөн.

Хятадын Тайванийн Тайпей хотноо 2009 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дифлимпийн их наадам зохиогдож байсан. Анх удаа Универсиад их наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Олон төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд байнга зохиогддож байдаг юм. Тухайлбал ОУОСХ-ны шугмаар оюутны ДАШТ 1998 оноос эхлэн 11 удаа зохион байгуулагдсан.

Тайпей хот ба “Универсиад”-ын эрх авсан тухай

Тайпей хот нь Тайванийн арлын хойд хэсэгт оршдог улсынхаа хамгийн том хот юм. Тайпей улс төр, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал хөгжсөн, олон зуун жилийн түүхтэй хот билээ. Тайпей хот нь 272 км² газар нутагтай, 2,6 сая хүн амтай.Цаг агаарын хувьд жилийн дундаж нь 8 сарын сүүлчээр 30-35 градус халуун, дулаан байна. Тайпей хот нь олон төрлийн хятад хоолтой, ногоон цай, жигнэмэг нарийн боов сайн хийдгээрээ алдартай юм. Дэлхийд алдартай олон үзмэртэй “Үндэсний түүхийн музей”-г олон орны жуулчид сонирхон үздэг байна. Тайпей хотын бэлэг тэмдэг болсон олон улсын худалдааны төвийн 101 давхар байшин байрладаг.

Наадмын эрхийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 2011 оны 11 сарын 29-нд болсон хурлаар 6 жилийн өмнө Дэлхийн оюутны спортын 29 дүгээр зуны “Универсиад” их наадмыг Тайпей хот хүлээн авчээ. Өмнө нь Тайванийн Каошунг хот Универсиадын төлөө 2003, 2007, 2011 онуудад 3 удаа нэр дэвшүүлэн өрсөлдөж байсан боловч тухайн үедээ ялагдаж, эрхээ авч чадаагүй юм. Харин нийслэл хотоо 2017 оны Универсиадад нэр дэвшүүлэн ялалт байгуулсан билээ. Каошунг хот бол Тайванийн 2 дах том хот ба далайн эргийн том порттой, эдийн засгийн хувьд хүчирхэг, залуу хот юм.
Тайпейгийн "Универсиад- 2017" наадмын эрхэм зорилго бол дэлхийн оюутан залуучуудыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор өрсөлдөн шилдэг тамирчид, шинэ одуудыг төрүүлэн гаргаж, оюутны спортыг сурталчлах явдал юм.

Универсиад 2017 наадмын спортын төрлүүд

Тайпей хотноо явагдах зуны Универсиад 29 дугаар их наадам спортын .. төрлөөр явагдана. Универсиад наадам нь үндсэн 11 албан ёсны төрөлтэй. Үүнд: Волейбол, гимнастик (уран сайхны гимнастик,спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, таэквондогийн төрөл ордог. Харин Тайванийн Зохион байгуулах хорооноос Универсиадын дээрх төрлөөс гадна гольф, хүндийн өргөлт, бадминтон, бейсбол, байт харваа, ушу, дугуйт тэшүүр зэрэг нэмэлт 7 төрлийг наадмын хөтөлбөрт оруулахаар санал гарган ОУОСХ-ноос баталж өгсөн. Мөн биллярдын төрөл үзүүлэх спортын хөтөлбөрт багтсан байна. Нийлээд 19 спортын төрлөөр Универсиад 2017 наадам явагдана.

ОУОСХ-ны Эрдэм шинжилгээний их хурал болно

Наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2017 оны 8 сарын 27-29-нд Тайпей хотын их сургууль дээр болно. Хурал 4 дэд бүлгээр эрдэм шинжилгээний хурал хэсэг бүртээ хуваагдан зохиогдоно. Үүнд: Оюутны спорт ба байгаль орны нөлөө, Оюутны спортын нөлөөлөл нийгмийн амьдралд, Мэдээллийн технологи, шинэчлэл оюутны спортод, Оюутны спорт ба боловсрол дэд сэдвүүдээр болно. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 400 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирүүлж байгаа ба үүнээс 160 илтгэлийг 4 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд харуулж, сурталчлан мэдээлэх юм. Энэхүү хуралд Монгол улсын зарим их, дээд сургууль, коллежийн биеийн тамирын багш, тэнхимийн эрхлэгч, захирал, удирдлагууд, судлаач эрдэмтэд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Зохион байгуулах хороо ба бэлтгэл ажил

Наадмын зохион байгуулах хорооны даргаар Тайпей хотын дарга Вэн Же Ко ажиллаж байна. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг ЗБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга буюу гүйцэтгэх захирлаар хатагтай Ли Чун Су ажиллаж ЗБХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийтдээ 600 гаруй хүний орон тоогоор байнгын үйл ажиллагаа явуулж байна. Түүний удирдаж байгаа Гүйцэтгэх хороо нь 7-н газартай (Захиргаа, хүний нөөц, маркетинг харилцаа, наадмын үйлчилгээ, харуул хамгаалалт, эмнэлэг, дэмжлэг үзүүлэх газар) зэрэг бүтэцтэйгээр 19 хэлтэст хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Тайпейгийн наадамд орсон Зуны Универсиадын 19 төрлийн тэмцээнийг Тайванийн Боловсролын яам, Спортыг удирдах газар, Олимпын хороо, спортын холбоодын удирдлага, ажилтнууд удирдан явуулна. Мөн наадмын тэмцээнүүдийг ОУОСХолбоо, ОУ-ын спортын холбоодын техникийн хорооны мэргэжилтнүүд ирж зааварчлан, зөвлөх ажлаар томилогджээ.

Наадмын үеэр 20,000 сайн дурын ажилтан, оюутан ажиллах ба тэдгээрийг эртнээс ЗБХ-оос бэлтгэж, англи хэлний сургалтад хамруулжээ. Зохион байгуулах хорооноос “Мастер төлөвлөгөөг” –г 2012 онд боловсруулан гаргаж ОУОСХ-нд хүлээлгэн өгч, үндэсний ОСХ-дод явуулсан байна. Тус төлөвлөгөөнд ЗБХороо, дэд хороодын бүрэлдэхүүн, ажлын чиглэл, журам, наадмын төрлүүд ба тэмцээн явагдах газрууд, санхүү, төлөвлөлт, хэвлэл мэдээлэл, тээвэр, хоол байр, тамирчдын тосгон, хүлээн авч, үдэх, ёслолын болон нээлт, хаалтын тухай дэлгэрэнгүй тусгасан юм. Тус хот нь наадамд бэлтгэх ажлын хүрээнд 2010 онд бадминтоны оюутны ДАШТэмцээн амжилттай явуулсан ба 2012 онд ОУОСХ-ны чуулганыг хүлээн авч наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтаа шалгуулжээ.

Универсиадын тамирчдын тосгон

Универсиадын төлөөлөгчид уламжлал ёсоороо бүгд нэг дор тамирчдын хотхонд амьдарна. Тамирчдын тосгон нь Шинэ Тайпей хотын Линкоу дүүрэгт байрлаж 19,29 га газарт баригдаж 2,9 тэрбум тайвань долларын төсвөөр босчээ. Тосгон олон улсын Тауюань нисэх буудлаар ойрхон байрлалтай, хурдны замын ойролцоо байрлал сайтай газар оршиж байгаа гэнэ. Тосгон нь А,Б,С,Д хэсгүүдэд хуваагдсан 15-19 давхар баригдсан барилгаас бүрдэж байна. Нэг байр нь 2-3 өрөөтэй. Нэг өрөөндөө 2-3-н ор тавигдсан ба тамирчид 2-3 аараа байрлана.Тосгон нь тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн 3 үндсэн хэсэг газруудтай. Тамирчдын амьдрах хэсэг нь өндөр хамгаалалттай, зөвхөн төлөөлөгчдийн мандатаа нэвтрэн орох журамтай аж. Тамирчдыг тосгонд улс бүрийн төлөөлөгчдийн ажлын байр, эмнэлгийн тусгай өрөө гарган өгчээ.

Тосгонд эмнэлэг, түргэн тусламжийн поликлиник, уулзалт хурлын өрөө бүхий байр, хэвлэл мэдээллийн төв, банк санхүүгийн үйлчилгээний газар, худалдааны дэлгүүр, шуудангийн газар, 4 мянган хүнийг нэг дор хүлээн авах чадал бүхий хоолны ресторан, 24 цагийн харуул хамгаалалттай хяналтын байр, сэргээшийн төв нэг дор байрлажээ. Тамирчдын тосгоны үйл ажиллагаа 2017 оны 08 дугаар сарын 12-нд үүд хаалгаа нээж 09 дүгээр сарын 02-нд өндөрлөнө.

Универсиад их наадмын спортын барилга байгууламжууд

Тайванийн Тайпей хотод Универсиад 29 дүгээр зуны их наадмын тэмцээнүүдийг явуулахад 70 спортын заал, танхим, талбай, спортын байгууламжууд ашиглагдах ба тэмцээний зориулалтаар 40, бэлтгэлийн 30 заал, танхим, талбай барьж байгуулж, шинэчлэн засварлан бэлэн болгосон байна. Үүнээс 4 байгууламжийг шинээр барьж байгуулжээ. Мэдээж тамирчдын тосгоныг шинээр барьж байгуулсан бөгөөд Тайпей хотын 16 корт бүхий теннисний төвийг Универсиадын хүрээнд Нэху дүүрэгт шинээр барьжээ. Хепин сургуулийн дэргэд сагсан бөмбөгийн ордонг 7,000 суудалтай барьж ашиглалтад оруулаг, бусад спортын байгууламжийг засч, тохижуулан ашиглаж байна. Тиймээс энэ Универсиад наадам нь хамгийн бага төсөвтэй наадмын нэг болж байна.

Наадмын төлөөлөгчдөд визийн хөнгөлөлт үзүүлнэ

Наадмын бүх төлөөлөгчид нь мэдүүлгийн дагуу Тайвань руу визгүй зорчино. Визийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг тус улсын Засгийн газраас нь гаргасан тул урьдчилсан мэдүүлгийн дагуу төлөөлөгчдийн визийг хил дээрээс олгож, тусгай шугмаар хурдан хугацаанд хил нэвтрүүлэх ажлыг зохиох ажээ.

Тайванийн оюутны спортын холбоо дэлхийд хамгийн сайн холбоо

Ази болон дэлхийд хамгийн идэвхтэй, сайн холбоодын дотор Тайванийн оюутны спортын холбоо ордог. Жилдээ 2 сая гаруй ам долларын санхүүжилтийг улсаас авдаг. Орон тооны 20 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Гадаадад жилд 15-18 оюутны ДАШТэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг. 1998 оноос эхлэн оюутны ДАШТ өөрийн орондоо хүлээн авч явуулж эхэлсэн. Байт харваа (Таоюань хот-1998), таэквондо ( Каошунг хот-2000), гольф (Таоюань хот-2002), бейсбол (Тайнан хот-2006), байт харваа (Тайнан хот-2008), бадминтон (Тайпей хот-2010), спорт хөзөр (Каошунг хот-2010), триатлон (Юилан хот 2012), ОУОСХ-ны чуулган (Тайпей хот 2012), модон бөмбөг (Тайпей хот-2016) зэрэг 11-н удаа оюутны ДАШТэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч явуулжээ. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй тэмцээнийг байнга дэмжин явуулдаг юм. Тус холбооноос ОУОСХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнээр Чин Тай Ченг, Азийн ОСХ-ны дэд ерөнхийлөгчөөр Доктор Чин Юу Ценг нар сонгогдон ажиллаж байна.

Наадмын нээлт, хаалтын ёслол, соёлын ажиллагаа

Универсиад 2017 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Тайпей хотын “Төв цэнгэлдэх хүрээлэн” болно. Тайванийн алдарт хөгжмийн зохиолч, алдартай найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна. Энэ үйл ажиллагаанд олон хамтран зохион байгуулагч байгууллага, компаниудыг сонгон авчээ.

Наадмын нээлтийн ёслол нь 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 19:00 цагаас эхлэнэ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор олон орны сайд, дарга нар очино. Наадмыг нээж Хятадын Тайванийн Ерөнхийлөгч, хатагтай Цай Ин Вэн үг хэлнэ. Нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гаргаж үзүүлэх юм. Бусад арга хэмжээ нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдана. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан асар том хэмжээтэй аяган дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагаа 8 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагт явагдаж урлагийн одууд, хип попын одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу цэнгээнээр наадмын арга хэмжээг дуусгахаар зохион байгуулж байна.

Универсиадын хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ. Мөн Универсиадын соёлын паркийг нээн ажиллуулахаар болсон. Соёлын албан ёсны хөтөлбөрүүд 8 дугаар сарын 18-30-нд явагдаж алдартай болон залуу дуучид, хөгжимчид, бүжигчид оролцох юм. Наадмын үеэр залуучуудын фестиваль, урлагийн тоглолтууд, Универсиадын тосгонд 8 дугаар сарын 20-29-нд орой бүр соёлын арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

Хэвлэлийн 1500 төлөөлөгч нар Универсиадыг сурвалжилна

“Тайпей хотын төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн дэргэдэх олон улсын хэвлэлийн төвд бүх сэтгүүлч нарт зориулан Олон улсын хэвлэлийн төв байгуулан ажиллуулж байна. Хэвлэлийн 1500 гаруй төлөөлөгч нар хүрэлцэн ирж сурвалжлах мандатаа ЗБХ-ноос авна. Телевизийн дамжуулах төвд 400 хүн ажиллах багтаамжтай юм. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр, цаг тутамд мэдээллийг дэлхийн 200 гаруй орны 7 тэрбум гаруй үзэгчдэд хүргэх юм. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 500 гаруй сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг Тайванийн томоохон телевиз, сувгууд шууд дамжуулан мэдээлэхээр гэрээ байгуулжээ. Түүнчлэн Евро спорт, Оросын Россия-2 спортын суваг, БНХАУ-ын ССТВ-5 спортын суваг, Азийн телевизүүдийн холбоо дамжуулахаар гэрээ байгуулсан юм.

Универсиад 2017 наадмын тээврийн үйлчилгээ

Наадмын төлөөлөгчдийг Таоюань болон Тайпей хотын ОУ-нисэх онгоцны буудлаас тухайн орны Оюутны спортын холбоодын ирүүлсэн тээврийн хуваарийн дагуу тосч, тамирчдыг автобус, жижиг тэргээр тамирчдын хотхон руу хүргэн байрлуулна. Тамирчдын тосгоноос 2017 оны 8 дугаар сарын 12-ноос эхлэн өдөр бүр чиглэлийн унаагаар нийт тамирчид төлөөлөгчдийг тэмцээн болон бэлтгэлийн байр, талбай, заал руу хүргэнэ.

Эмнэлэг, допингийн сорил авна

Наадмын үеэр 3000 гаруй сорилыг сонголтоор авна. Тамирчидын тосгонд эмнэлгийн томоохон поликлиник 24 цагаар ажиллаж тамирчдад үйлчилнэ. Тайпей хотын 10 гаруй эмнэлэг, түргэн тусламжийн төвүүд бэлэн байдалд ажиллаж, тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч өргөн бүрэлдэхүүнтэй багууд ажиллана. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пункт, түргэн тусламжийн машин байна. Багуудад массаж, эмнэлгийн өрөө хуваарилан олгоно. Наадмын үеэр Тайванийн допингийн эсрэг төв, ОУОСХ-ны эмэнлгийн комисстой хамтран сорилыг авч, Тайпей дах ВАДА -д бүртгэлтэй тусгай лабораторид шинжилгээний үр дүнг гарган мэдэгдэнэ.

Универсиадын ивээн тэтгэгч ба түншүүд

Универсиад наадмын албан ёсны харилцаа холбооны түнш байгууллагаар харилцаа холбооны “Chunghwa” телеком компани, “Pan German Motors Ltd” компани, иргэний агаарын тээврийн “EVAAIR” ба “China Airlines” корпораци, “Uni-President Group” компани, Fu Hsun Fiber Industries компани ба корпарациуд ивээн тэтгэн оролцож байгаа бол Тайванийн болон оло улсын “Sunrise Group” “CPC” корпораци, “Everrich”, NXP, Victor, TIS/JVC, MEPUTEK, Easycard, ACER зэрэг хэд хэдэн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын спорт үйлдвэрлэлийн “Тайшан“ компани спорт хэрэглэл материалыг нийлүүлж ажиллаж байна.

Наадмын хуваарь, багийн тоглолтууд

Наадмын тэмцээний тухай материал http://2017.taipei/home вэб сайтад байрласан байна. Наадмын тэмцээнүүд 8 дугаар сарны 17-ны өдрөөс эхлэн хөлбөмбөгийн урьдчилсан тоглолтууд болно. Наадамд оролцох орнуудын төлөөлөгчдийн ахлагч нарын хурал 2017 оны 5 дугаар сарын 8-12-нд Тайпей хотноо Шангрила зочид буудлын цогцолборт болж наадмын бэлтгэл ажлын явц, байдлыг газар дээр нь үзэж, багийн спортын төрлүүдийн сугалаа болно. Багийн 5-н спортын төрөлд аль орны багууд орох болон хэсэгт хуваагдсан сугалаа нь 5 сарын 12-нд тодорхой болох юм.

Тамирчдын хоол

Универсиадын тамирчдыг тосгонд нэг ээлжиндээ 4 мянган хүн нэгэн зэрэг хүлээн авч хооллох ресторан 24 цагийн үйлчилгээтэй, Ази, Европ, олон үндэсний хоолоор үйлчилнэ. Ресторан нь нийтдээ 13,010 м. кв талбайтай ажээ. Харин тосгоноос хол тэмцээнтэй байгаа газруудад 8 сарын 20-30-нд /lunchbox/-ын захиалга авч хүргэх ажлыг зохион байгуулна. Хоол хийх, хүргэх асуудлыг Тайванийн мэргэжлийн томоохон компаниуд хариуцан ажиллаж байгаа ажээ.

Сайн дурын ажилтан

Универсиад наадамд сайн дураараа ажиллахаар дэлхийн 50 гаруй орны болон Тайванийн хот, мужуудаас 100,000 оюутнууд онлайнаар бүртгэл, хүсэлтээ явуулснаас ярилцлага, шалгалтад тэнцэн 20,000 сайн дурын ажилтан, оюутнуудыг шалгаруулан авчээ. Тэдний тодорхой хувь нь Тайванийн төрөл бүрийн хотын ИДС-иас ирэх оюутнууд, төрийн бус байгуулгуудын сайн дурын ажилчид, иргэд сонгогджээ. Универсиад наадмын Гүйцэтгэх хорооны дэргэд Сайн дурын ажилтан нарын хороо 2015 оноос байгуулагдаж ийнхүү 2 жилийн дотор сонголтоо хийжээ. Сайн дурын ажилтнууд олон чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдсан байна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллана. Олон зуун сонгогдсон сайн дурын ажилтнууд 2015 оны Универсиад зэрэг бусад тив, дэлхийн томоохон наадмууд дээр ажиллаж туршлага судлан, дадлага хийж байсан гэнэ. Түүнчлэн “Универсиад”-ын өмнө Тайпей хотноо болсон олон зуун сорилт тэмцээнүүд дээр тэдгээр сайн дурын ажилтан, оюутнууд туршлага хуримтлуулсан байна.

Наадмын билетийн борлуулалт

Наадмын билетийн үнэ харьцангуй хямд байна. Учир нь иргэд ялангуяа оюутан залуусыг тэмцээн, наадмыг өргөнөөр үзүүлэх боломжийг зохион байгуулагч нар нээн өгчээ. Харин нээлт, хаалтын ёслолын арга хэмжээний билет нь арай өндөр үнэтэй байгаа юм. Спортын төрлүүдээс сагсан бөмбөг, бейсбол, жүдо, таэквондо, байт харваа, теннис, хүндийн өргөлтийн төрлийн тэмцээний билет эрэлт хэрэгцээ ихээхэн өндөр байна. Учир нь эдгээр төрөлд Тайванийн алдартай од болсон олон тамирчид ирж оролцох тул нутгийн иргэд олноороо ирж үзэхээр захиалгаа өгч, билетээ худалдан авчээ. Билетийн борлуулалтыг онлайн хэлбэрээр хийж байгаа ажээ. Наадмыг Тайванийн олон хот, газруудаас ирсэн үзэгчид, жуулчид очиж үзэхээр төлөвлөсөн байна.

“Универсиад 2017 Тайпей” наадмын мэдээллийг хэрхэн хүлээн авах вэ

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын Зохион байгуулах хорооны портал сайт http://2017.taipei/home Олон улсын оюутны спортын холбооны портал сайт www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болох ба Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/ mongolian student sports federation орж мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг цаг тухайд нь наадмын үеэр хүлээн авч үзэх боломжоор Монголын оюутны спортын холбоо хангана.

Монголын тамирчдын оролцох тухай

Монголын тамирчид Универсиад наадамд спортын 9 төрлөөр (жүдо, таэквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, теннис, ширээний теннис,сагсан бөмбөг-эрэгтэй, гольф ) 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Наадамд оролцох зарим тамирчдын 2017 онд явагдаж байгаа Монголын оюутны спортын Универсиад 4 дүгээр их наадмаас сонгон шалгаруулж байгаа ба бусад төрлөөр сонголтыг оюутны УАШТ, насанд хүрэгчдийн УАШТ болон олон улсын тэмцээнүүдэд оролцсон амжилтыг үндэслэн шалгаруулж авч байгаа юм.

МОСХ-ны Ерөнхий НБДарга, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан


“Универсиад-2017” наадам Тайваньд эхлэхэд 99 хоног үлдлээ  
Үзсэн: 3134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй