Шууд Chart

МУГТ Д.Мөнхбаяр

2017-09-17 19:23:19

Соёлт хүн төрөлхтөний үнэт зүйл болсон Олимпийн наадмын анхдагч 9 спортын төрлийн нэг болох буудлага спортын төрлөөр Олимпийн наадам болон тив дэлхийн хэмжээний олон томоохон тэмцээний зогсоол дээр, галын шугамд мөр зэрэгцэн өрсөлдөж, цэц мэргээ сорин, олимп дэлхийн аваргын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн төлөө 1992-2012 оны хугацаанд буюу 30 жилийн турш өөрөөр хэлбэл нэгэн зууныг дамнан ширүүн өрсөлдөөнийг үзүүлж ирсэн, буудлага спортын дэлхийн одод энэ өдрүүдэд манай улсад хүрэлцэн ирээд байна. Учир нь 1992 онд Испани улсын Барселона хотод болсон зуны олимпийн 25-р наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр хүрэл медаль хүртэж, Монгол улсаас олимпийн наадмаас медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байсан түүхэн амжилтын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхт ойн хүрээн "30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл" уулзалт ярилцлага зохион байгуулагдаж, энэ сарын 16-18-ны өдрүүдэд "My Way with Olympic Legends" буюу "Олимпийн домгуудтай туулсан миний замнал" нэртэй үзэсгэлэнг "Блью Мон" галлерейд олон нийтэд толилуулж байна.

Ингээд уншигч та бүхэнд МУГТ Д.Мөнхбаяр болон манай улсад хүрэлцэн ирээд байгаа олимп, дэлхийн аварга шилдэг тамирчдын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Олимпийн наадмын хошой хүрэл медальт, 1998, 2002 оны ДАШТ-ий алтан медальт, Дэлхийн хошой аварга, 2009 оны Дэлхийн цомын шигшээ тэмцээний аваргын алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр

Үндсэн төрөл: Спорт гар бууны 25 метрийн зай, хийн гар бууны 10 метрийн зай

МУГТ Доржсүрэнгийн Мөнхбаяр 1969 оны 7-р сарын 16-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн.

Д.Мөнхбаяр 1992 онд Испанийн Барселона хотноо болсон зуны олимпын 25-р наадамд эх орноо төлөөлөн хүн төрөлхтөний их баяр цэнгэл наадам олимпийн наадамд оролцох эрхээ анх удаа авсан юм. 1992 оны олимпд тэрээр 23 насандаа, анхны олимпдоо спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртэж, үүнээсээ 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа БНХАУ-ын Бээжин хотноо болсон зуны олимпийн 29-р наадамд дахин спорт гар бууны 25 метрийн зайн төрөлдөө хүрэл медаль хүртэж, соёлт хүн төрөлхтөний үнэт зүйл болсон олимпийн наадмын хос медальтан тамирчин болж байсан бахдам амжилттай.

МУГТ Д.Мөнхбаяр 1992 оны Барселона, 1996 оны Атланта, 2000 оны Сиднейн олимпийн наадмуудад Монгол улсынхаа нэрийн өмнөөс, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондоны олимпуудад ХБНГУ-ын нэрийн өмнөөс гээд нийтдээ 6 олимпд оролцсон дэлхий дээрх тоотой хэдхэн тамирчдын нэг юм. Тэрээр 2002 онд Герман улсын иргэн болж, 2013 оны 6-р сард эргэн Монгол улсын иргэншлээ сэргээх хүсэлтээ албан ёсоор өгсөн ч татгалзсан хариу авсан байна.

Д.Мөнхбаяр ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлдө 2 алт, 1 хүрэл, багийн төрөлд 2 хүрэл, Дэлхийн цомын тэмцээний шигшээ тэмцээнээс 3 мөнгө, 1 хүрэл, Дэлхийн цомын АШТ-ээс 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, Европ тивийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, багийн төрөлд 2 алтан медаль, Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, багийн төрөлд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байжээ. 

МУГТ Доржсүрэнгийн Мөнхбаяр 1998 онд Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож 10 метрийн хийн гар бууны дасгалд ганцаарчилсан төрөлдөө аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулж, мөн багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Түүнчлэн тэрбээр 2002 оны буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ХБНГУ-ын нэрийн өмнөөс оролцож, 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн алтан медалийн болзол хангаж, ДАШТ-ий хос алтан медальтан болж байсан юм. Өөрөөр хэлбэл тэрээр Монгол улс, ХБНГУ-уудын нэрийн өмнөөс нэг нэг удаа олимпийн наадмаас хүрэл, ДАШТ-ээс алтан медаль хүртжээ.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

МУГТ Д.Мөнхбаяр  
Үзсэн: 2878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй