Шууд Chart

Мария Гроздева гэж хэн бэ?

2017-09-17 19:44:15

Олимпийн наадмын 2 алт, 3 хүрэл медальт, ДАШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальт, Буудлага спортын дэлхийн алдарт тамирчин, Болгари улсын нэрт мэргэн буудагч Мария Здравкова Гроздева.

Үндсэн төрөл: Спорт гар бууны 25 метрийн зай, хийн гар бууны 10 метрийн зай

Мария Гроздева нь 1972 оны 6-р сарын 23-нд Болгарийн нийслэл Софи хотноо хорвоод мэндэлсэн. Тэрээт МУГТ Д.Мөнхбаяртай адил 1992-2012 оны хугацаанд 20-40 насандаа 6 олимп дараалан оролцсон нэрт тамирчин юм. 

1992 онд Испанийн Барселона хотноо болсон зуны олимпийн 25-р наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртэж, 20 насандаа дэлхий нийтэд өөрийнхөө онч мэргэнийг толилуулж, олимпийн наадмын медальтан болж байсан тамирчин юм. Дараа нь 1996 оны АНУ-ын Атланта хотноо болсон зуны олимпийн 26-р наадамд энэ амжилтаа бататгаж, 10 метрийн хийн гар бууны төрөлд олимпийн наадмын хошой хүрэл медальтан болж байжээ.

2000 онд Австралийн Сидней хотноо болсон зуны олимпийн 27-р наадмын 25 метрийн гар бууны төрөлд Мария Гроздева алтан медаль хүртэж, анх удаа хүн төрөлхтөний их баяр цэнгэл наадам олимпийн наадмын аваргаар тодорч байсан. Үүнийхээ дараагийн олимпоор буюу 2004 оны Афины олимпийн наадамд, олимпийн наадмын өлгий нутагт 25 метрийн гар бууны төрөлд дахин алтан медаль хүртэж, энэ төрөлдөө олимпийн хошой аварга болохын зэрэгцээ олимпийн наадмаас анх удаа нэг дор 2 медалийн болзол хангаж, энэ олимпийн хийн гар бууны 10 метрийн зайд хүрэл медаль хүртэж, энэ зай төрөлдөө олимпийн наадмын 3 дахь хүрэл медалиа энгэртээ гялалзуулж байсан аугаа, бахдам түүхтэй тамирчин билээ. 

Мөн тэрээр 2004 оны Афины олимпийн наадамд эх орныхоо тугчаар тухайн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцож байсан түүхтэй. Тэрээр энэ талаараа "Тамирчдын дунд ийм яриа их түгсэн байдаг. Тухайн олимпд тугч болсон хүн бэртэж гэмтдэг, эсвэл тэмцээнээсээ медаль авдаггүй гэсэн утгатай яриа. Бүр үүнийг судалгаатай гэж ч хэлдэг. Тухайн үед тугч болох уу гэж таван ч тамирчинд санал тавьж, манай бусад тамирчид бүгд татгалзсан байсан. Нээлтийн өмнөх өдөр надад энэ санал ирсэн. Би юун татгалзах, харин ч бүр баярлаж, далавч ургасан мэт л санагдаж байлаа. Мэдээж зөвшөөрсөн. Нээлтэд улсынхаа тугийг барьж гараад, дараа нь тэмцээнээсээ медаль авч, дахин далбаагаа мандуулна даа гэж бодож гарсан. Тийм ээ би чадсан. Афины олимпоосби алт, хүрэл медаль хүртсэн. Тамирчдын дунд байдаг тэр буруу бодлыг би үгүй хийж чадсан." хэмээн өгүүлсэн байна.

 

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Мария Гроздева гэж хэн бэ?  
Үзсэн: 2645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй