
Совесть гэдэг үгийг хашилтад бичлээ. Ер нь энэ үгийг Оросоос Монгол руу орчуулж болдоггүй байх. Шатрын олон улсын мастер, Орост их сургууль дүүргэсэн Нямаагийн Төмөрхуяг хэмээх хүн ийм зүйл ярьж байж билээ.
1994 оны улсын баяр наадамд 768 бөх барилдлаа. Уламжлалт 512-оос олон бөх барилдахаар даваа хөнгөрч шинээр есөн начин цолтон төрөв. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Хэнмэдэхийн Түвшинсанаа. Түүнийг гурав, дөрвийн даваанд улсын арслан Ж.Чойжилсүрэн, П.Дагвасүрэн нар амлан барилдаж хүчрэлгүй унасан бөгөөд тавын аваанд хадам аав нь болох Д.Амгаа заан амлан авч, өвдөг шороодон начин цолонд хүргэв.
Дархан аварга Ж.Мөнхбат тавын даваанд Х.Түвшинсанаагийн төрсөн ах улсын начин Хэнмэдэхийн Амараатай хүч үзэн хаялаа. Бөхийн хорхойтон наадамчид “Ж.Мөнхбат аварга зургаа давбал долоогийн даваанд улсын начин Б.Жавхлантөгс, Р.Гансүх нарын аль нэгнийг амлаж заан төрүүлэх гэнэ. Аваргад зургаагийн даваанд хаях бөх ч олдохгүй дээ. Х.Амараа чинь 1991 онд Ж.Мөнхбат аваргаар тав давж начин болсон бөх. Сая тавын даваанд аваргад ойчоод өглөө. Тэгэхээр төрсөн дүүг нь (Х.Түвшинсанаа) зургаагийн даваанд буулгаж долоод гарч ирэх нь” хэмээн тааж өөр хоорондоо ярьж байв. Наадамчдын таавар үнэн болж, дархан аварга Ж.Мөнхбат аварга зургаагийн даваанд шинээр начин цолны болзол хангасан Х.Түвшинсанааг амлажээ.
Д.Амгаа заан Х.Түвшинсанааг зургаагийн даваанд барилдахаар гарахад нь “Өөрийгөө бодсон совестьгүй хүн л спортод амжилт гаргадаг юм. Аваргад бууж өгч болохгүй, хаяна шүү” гэж захисан гэдэг. Хожмоо улсын заан Д.Амгаа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө дээрх үгийг хэлж байсан тухайгаа нуулгүй үнэнээр нь өгүүлж байсан.
1994 оны улсын баяр наадмын зургаагийн давааны энэ барилдааны тухай дархан аварга Ж.Мөнхбат “... унах чи юундаа яардаг юм” гэсэн номондоо ингэж бичжээ.
-Тавын даваанд Х.Амараа начингаа авлаа. Давчихлаа. Амараагийн дүү Түвшинсанаа Д.Амгаа зааны хүргэн болсон юм. Тэр хадам ааваараа тав давчихдаг юм байна. Хэнмэдэх бид хоёр бие биенээ сайн мэдэх болохоор зургаад Түвшинсанааг авчихлаа. Түвшинсанаатай өрлөө. Би зургаа давчихвал хэн нэгнийг нь заан болгочих боломж байгаа юм. Би дахиж шөвгөрч чадаа ч билүү, үгүй ч билүү.
Түвшин сүрхий өрж байна. Би, аваргатайгаа барилдах гэж байна уу гэтэл барилдана гэж байна.
Энэ нохой цаанаасаа явуулгатай юм байна гэж бодлоо. Амгаа, Баянаа (Баянмөнх аварга) хоёр Хөдөө аж ахуйн дээд сургуульд олон жил болсон. Тэр хоёр хоорондоо мундаг гэдгийг мэднэ. Түвшин миний сэнжигний барьцанд дөрвөн хуруугаа шуналтай нь аргагүй оруулж байна. Би далбааныхаа мөрийг жаахан султгасан чинь нилээд лав оруулахтай зэрэг нь чангалаад сүрхий хүчтэй халлаа. Гарынх нь гурван хурууны өндөг зулгарчээ. Хуруугаа боолгохоор эмч рүү явлаа.
Түвшин гурван хуруугаа боолгочихоод буцаад ирэхээр нь би дахиад, чи барилдах нь уу гэж асуулаа.
-Барилдана гэж байна.
Их даалгавартай нохой байх нь ээ гэж бодлоо. Бид хоёрыг өрж байтал Амараа начин (Түвшинсанаагийн төрсөн ах) засуул руу гүйж ирж байгаа харагдлаа. Би Түвшинг засуул руу шахаад хөөлөө. Амараа начин, Түвшөөн! гэж дуудав. Түвшин эргэж харж байна. Амараа,
-Чиний эцэг Хэнмэдэх юм уу, Амгаа юм уу гэв. Хүний том ах эцгийг орлоно гэж үнэн юм билээ. Амараагийн тэр үгийг сонсоод Түвшинсанаа шалчийхгүй юу.
Тодруулга: Долоод хэнийг амлаж авах талаар аварга нилээд бодсон гэдэг. Б.Жавхлантөгс, Р.Гансүх нарын олон сайн начин зургаа давсан. Эцэст нь нутгийн дүү хэмээн Р.Гансүхийг амласан юм билээ. Р.Гансүхийг улсын начин, заан цолонд хүргэсэн далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат 1994 онд 53 насыг зооглож байлаа. (Ж.Мөнхбат, С.Түвдэнням “... унах чи юундаа яардаг юм” номын 37, 38 дугаар хуудас)
Ийнхүү улсын начин Х.Түвшинсанаа 1994 оны улсын баяр наадмын зургаагийн даваанд совесть гаргаж өвдөг шороодсоноор тухайн өдөр “өсөх идэр” чимгээ цаашлаад харцага цолоо алдсан түүхтэй.
Учир нь, 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж бөхийн барилдааны даваа болгоныг цолтой болгосон юм. Улмаар УИХ-аас 2004 оны наадмын өмнө тус хуульд өөрчлөлт оруулж амьд сэрүүн байгаа, урьд нь зургаа давсан начингуудад харцага, найм давсан заануудад гарьд цол олгохоор болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогох нарын дөрвөн бөхөд гарьд цол, Ж.Авхиа, А.Гончиг, И.Ламаажав, Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, Ц.Юүвээ, Д.Одсүрэн, Д.Лхагва-Очир, О.Бахад, Ж.Бор, Б.Жавхлантөгс, Л.Бадарч, Г.Намсрайжав, Т.Нармандах, Ч.Даваадорж, М.Дармаабазар, Ж.Намжилдорж, Н.Саранцогт, Ц.Бэгзсүрэн, Н.Алтансүх, Ч.Чулуунбаатар, Г.Элбэг, Ц.Мягмарсүрэн, Г.Ганхуяг, Г.Батбаяр нарын 25 бөхөд харцага цол олгосон. Хэрвээ Х.Түвшинсанаа начин 1994 онд 53-тай харимал аваргыг хаяж зургаа давсан бол өдийд улсын баяр наадамд хоёр удаа тав давсан өсөх идэр начин Х.Амараа ахынхаа өмнө эрэмбэлэгдэн улсын харцага цолтой дүүхэлзэж явахгүй юу.
Х.Түвшинсанаа начны зургаагийн давааны барилдаан бол совесть гаргаж учраа бөхдөө унаснаар үндэсний спортод үзүүлэх ёстой байсан амжилтдаа (харцага цол) хүрч чадаагүйн жишээ.
Харин эсрэгээр өөрийгөө бодож барилдсанаар Монгол бөх хэмээх дэлхийд ганцхан үндэсний спортод үзүүлэх ёстой дээд амжилтдаа хүрч чадсаны торгон жишээ бол жижиг А.Сүхбат өнөөдөр дархан аварга цолтой байгаа явдал.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ уран хурц барилдаж, наадамчин олноо баясгаж явсан Агваансамдангийн Сүхбат аваргыг Монгол бөхөд “зургаан заан”-ыг оройлон шинэчлэл хийсэн гэдгийг бөхийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. “Зургаан заан” гэсэн үг 1990-ээд онд Монгол бөхөд нэр томьёо болон орж ирсэн бөгөөд одоогийн Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргууд, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг гарьдуудыг заан цолтой байх үеийнх нь ерөнхий нэр байсан.
Төв аймгийн Сэргэлэн суманд 1971 онд төрсөн жижиг хэмээх А.Сүхбат нь дархан аварга Х.Баянмөнхийн бага охин Баясгаланг авч суусан хүргэн нь бөгөөд Монгол Улсын гарьд Б.Гантогтох нь түүний хадам ах болно. Жижиг А.Сүхбат 2000, 2001, 2004 онд нийтдээ гурван удаа түрүүлэхдээ хоёрт нь хадам гэхээсээ илүүтэйгээр дотнын анд нөхөр тал нь давамгайлсан Б.Гантогтохоо өвдөг шороодуулсан юм.
Тэрбээр 2000 оны улсын баяр наадмын долоогийн даваанд Д.Сумъяабазарыг, наймын даваанд Г.Өсөхбаярыг, үзүүр түрүүнд Б.Гантогтохыг давж улсын арслан цолтой болсон. Ингэж зургаан заанаас анхны түрүү бөх тодорсон юм. 2001 оны Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойгоор 1024 бөхөөс үзүүр түрүүнд дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяж 10 даван түрүүлж, мөн л зургаан заанаас анхлан улсын аварга цолонд хүрэв.
Архангай аймгийн Батцэнгэл суманд 1973 оны сүүлчээр төрсөн Гэлэгжамцын Өсөхбаяр 2002 онд 512 бөхөөс ес даван түрүүлж улсын арслан болж, Б.Гантогтох хоёр дахь удаагаа үзүүрлэв. Хойтон жил нь 2003 онд Г.Өсөхбаяр 512 бөхөөс ес даван хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга цолонд хүрсэн юм.
Ингэж зургаан заанаас хоёр нь сүүлчийн дөрвөн наадмын түрүүг хоёр хоёр удаа авлаа. Дараагийн 2004 оны наадмын 512 бөхөөс үзүүр түрүүнд А.Сүхбат, Б.Гантогтох нар шалгарсан нь аль алиных нь хувьд гурав дахь удаагийнх байлаа. Гэхдээ А.Сүхбат нь ингэж үзүүр түрүүнд үлдэхдээ хоёр удаа түрүүлсэн, аварга цолтой, Б.Гантогтох нь түрүүлж чадаагүй хоёр үзүүрлэсэн, гарьд цолтой.
Наадамчин олон А.Сүхбат нэгэнт аварга цолтой учраас совесть гарган Б.Гантогтохдоо бууж өгнө гэсэн тааварт автагдаж байсансан. Харин А.Сүхбат Монгол бөхдөө гутаг суулгалгүй үнэн хүчийг үзэн барилдаж түрүүлэн Б.Гантогтохын улсын баяр наадамд түрүүлэх босгыг хаасан удаатай. Зоос хоёр талтай.А.Сүхбатын шийдэл ч хоёр талтай. Өнгөн тал нь Монгол бөхөө хүндэлж шударга барилдсан хэрэг. Ар тал нь өөрийгөө бодож амжилтын төлөө хүч үзсэн явдал. Ямар ч болов үр дүнд нь тэрбээр гурав дахь удаагаа түрүүлж далай /одоо дүрмээс хасагдсан/ аварга болсон юм.
Үүгээрээ ч Агваансамдангийн Сүхбат хэмээх алдарт энэ бөх ялагдалтай эвлэрдэггүй нэгэн болохоо батлан харуулсан юм. Тэрбээр 2006 онд долоогийн даваанд өвдөг шороодсоныхоо дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан наадамчдад хандан “Олон удаагийн бэртэл, гэмтлээс үүдэн улсын баяр наадмын түрүү үзүүрийн төлөө барилдах хэмжээнд хүч үзэж чадахгүй болсон учраас зодог тайлж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Түүнийг зодог тайлсны хойтон жил нь 2007 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсон юм. Үүнтэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг нөхөн үнэлж даян аварга цол олгосон.
2014 оны зургадугаар сарын 13-нд УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж “далай аварга” цолыг хассан байна. Тиймээс улсын наадамд гурав түрүүлсэн даян аварга А.Сүхбат зодог тайлснаасаа найман жилийн дараа Монгол бөхийн хамгийн том цолонд хүрч дархан аварга болсон юм.
Багийн бус спортын төрөлд өөрийгөө бодсон тамирчин л амжилтад хүрдэг гэсэн аксиом юутай үнэн бэ. Хэрвээ 2004 онд хадам аав, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн багш Х.Баянмөнх аваргыг, хүүхдүүдийнх нь ижий хайрт хань Х.Баясгалангаа, ханийнхаа төрсөн дүү, дотнын анд найз Х.Гантогтохыг өөрийг нь бодож бууж өгсөн бол А.Сүхбатад өнөөдөр дархан аварга болоход нь нэг түрүү дутах байж.
Өөрийгөө бодсон “Совесть”-гүй хүн л спортод амжилт гаргадаг | ||
Үзсэн: 3471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.