Шууд Chart

Я. Батсуурь: Хятадын “Шинхуа” компаниас 60-70 сая долларын урьдчилгаа авч, нүүрс нийлүүлнэ

2013-12-16 09:36:48

Хамтарсан засгийн газрын үед “Эрдэнэс-тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон. Мөн татвараа цаг хугацаандаа төлсөн зэрэг шаардлага хангасан үндэсний компаниудад “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгийн дүйцүүлэх үнээр худалдсан юм. Тус компани гадаад, дотоодын хөрөнгийн биржэд бүртгүүлмэгц, иргэд, аж ахуйн нэгжүүд өөрт оногдсон “Эрдэнэс-тавантолгой”-н хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно. Тус компани бирж дээр гарах бэлтгэлээ багагүй хугацаанд базаасан ч, хэзээ гэдэг нь тодорхойгүй, хүлээлтийн байдалтай олон жил боллоо. Тиймээс “Эрдэнэс-тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай уулзаж, энэ болон бусад асуудлаар ярилцсан юм.

-  “Эрдэнэс-тавантолгой” компани олон улсын биржэд хувьцаагаа гаргах хууль эрхзүйн орчин бүрдчихлээ. Бирж дээр хэзээ хувьцаагаа гаргах вэ?
 
- “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг олон улсын биржэд гаргахын тулд, Үнэт цаасны хуульд нэлээд өөрчлөлт оруулах ёстой байсан. Шаардлагатай өөрчлөлтийг оруулсан. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Энэ үеэс томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргаж, олон улсын биржээс санхүүжилт босгох хууль эрхзүйн орчин бүрэн утгаараа бүрдэх юм. Тухайлбал, хадгаламжийн бичиг гаргах замаар хөрөнгө босгож болохоос гадна, давхар бүртгэлээр өөр орны биржээс санхүүжилт олох бололцоотой. Харамсалтай нь, дэлхийн зах зээлийн байдал муудсан. Нүүрсний зах зээл хямарсан. Үнэ унасантай холбоотойгоор гадаад, дотоодын биржэд хувьцаа гаргах тохироо бүрдэхгүй байна. Нүүрсний зах зээл ийм муу байхад, анхдагч зах зээлд хувьцаа гаргавал, компанийн үнэлгээ буурах, хувьцааны ханш унах зэрэг сөрөг талтай. Тиймээс зах зээл сэргэхийг хүлээж байна. Судлаачдын зүгээс 2015 онд зах зээл сэргэх хандлагатай гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Тиймдээ ч, тэд энэ үед хувьцаагаа гаргах нь оновчтой гэсэн зөвлөгөө өгч байна. Зах зээл сэргэхийг л хүлээж байна даа. Зах зээл сэргэмэгц, 2015 оноос “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьцаа бирж дээр мэндлэх болно.
 
- Зах зээл сэргэлээ гэхэд энэ компанийн хувьцаа бирж дээр үнэ цэнэтэй байж чадах болов уу. Үнэ цэнэтэй байлгахын тулд баяжуулах үйлдвэр барих, төмөр замаа яаравчлах гээд олон ажил хийх шаардлагатай биз дээ?
 
- Манай компани хөрөнгийн бирж дээр гарах үед, компанийнхаа хувьцааг яаж үнэ, цэнэтэй байлгах вэ гэдэг дээр анхаарч байгаа. Мэдээж компанийнхаа үнэлэмж, үр өгөөжийг дээшлүүлж байж, хувьцааныхаа ханшийг өсгөж, компанийхаа зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлнэ. Ингэхийн тулд, бид гурван чухал ажлыг гол зорилгоо болгон ажиллаж байна. Өнөөдөр манай компани ачааны автомашинаар тээвэрлэлт хийж байна. Энэ нь мэдээж зардал өндөртэй. Тиймээс эхний ээлжинд тавантолгой - гашуун сухайт чиглэлийн 260 киллометр төмөр замыг яаравчлах шаардлагатай байна. Энэ төмөр замын ажил ч эрчимтэй явж байгаа. 2015 оны сүүлч, 2016 оны эхээр ашиглалтад орох байх. Хоёрдугаарт угааж, баяжуулах үйлдвэр барих шаардлагатай байна. Манайх шиг түүхий нүүрс зардаг орон байхгүй болсон учраас, түүний нүүрсийг жиших, харьцуулах үнэ гэж бараг алга. Тиймээс нүүрсээ үнэтэй болгож, хувьцааны ханшаа өсгөхийн тулд угааж, баяжуулах үйлдвэр барих шаардлагатай. Одоогоор энэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад, бүтээн байгуулалтын ажлыг ойрын үед эхлүүлэхээр ажиллаж байна. Гуравдугаарт нь мэдээж компанийн засаглалыг сайжруулах ёстой. Энэ гурван ажил дээр төвлөрч, засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад ажиллж байна.
 
- Бирж дээр хувьцаа гаргахад санхүүгийн үзүүлэлт сайн байх ёстой байдаг. Нэг хэсэг “Эрдэнэс-тавантолгой” компанийн санхүү хүндэрсэн гэх яриа гараад байсан?
 
- Тавантолгойн орд нийтдээ 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 400 сая тонн нүүрсний нөөц бүхий Ухаа-Худагийн талбайд “Энержи-Ресурс” компани үйл ажиллагаа явуулж байна. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компани үлдэх 6 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий “Оорцог”, “Бор тээг”, “Онч хараат”, “Цанхи” гэсэн талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эдгээрээс эхний ээлжинд цанхийн зүүн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан.  Энд “Эрдэнэс-Тавантолгой” уурхайг байгуулж, гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилгоор энэ уурхайгаас гарах нүүрсийг барьцаалаад 350 сая долларын урьдчилгаа төлбөрийг хятадын төрийн өмчийн “Чалко” компаниас авсан. Гэвч үүний 310 сая долларыг тухайн үед, “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж, эх орны хишиг тараасан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Үйл ажиллагаа явуулах ёстой мөнгө нь эх орны хишиг олгоход зарцуулагдахаар ямар олиг байх вэ. Компанийн санхүүгийн байдал доголдож таарна. Тиймээс тухайн үед банкуудаас 140 орчим сая долларын зээл авч, тоног төхөөрөмж худалдаж авч, үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг юм билээ. Гэхдээ банкуудаас авсан зээлээ бид хэдийнэ барагдуулсан.
 
- Нууц биш бол, банкуудаас авсан зээлээ ямар эх үүсвэрээс барагдуулсан юм бол?
 
- Бид “Хөгжлийн банк”-наас өнгөрсөн онд 100 сая доллар, энэ онд 100 сая долларын зээл тус тус авсан.Үүгээр банкуудаас авсан 140 сая долларын өр ширээ дарж дуусгасан. Тэгэхгүй байхын ч аргагүй байлаа. Банкуудаас авсан зээл хугацаа хэтэрсэн байсан учраас яаравчлан төлөх ёстой болсон. Харин үлдсэн мөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн. Гэхдээ энэ нь хүрэлцэхгүй байсан учраас банкуудаас нэмж 80 гаруй сая долларын зээл авсан байгаа.
 
- Танай компани “Хөгжлийн банк”-ны зээлээс гадна, банкуудаас нэмж 80 сая долларын зээл авчээ. Эдгээрийг хэзээ төлж барагдуулах эцсийн хугацаатай юм бол?
 
- Засгийн газраас манай компанийг дэмжиж, Хөгжлийн банкнаас авсан 200 сая долларын зээлийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн давуу эрхийн хувьцаанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр “Хөгжлийн банк”- наас зээлсэн 200 сая долларын зээлийг төлөхгүй гэж ойлгож болно. Гэхдээ огт төлөхгүй гэсэн үг биш шүү. 200 сая долларыг давуу эрхийн хувьцаанд шилжүүлээд, тодорхой хугацааны дараа эргүүлээд худалдаж авах ийм болзолтой. Банкуудаас авсан зээлийн хувьд, янз бүрийн нөхцөлтэй, янз бүрийн хугацаатай. Зарим нь жилийн хугацаатай байхад, зарим нь хоёр жилийн хугацаатай. Тиймээс банкуудаас авсан зээлийг тэр хугацаанд нь төлнө. Зээлийн хүүг бол, тухай бүрт нь төлж байгаа.
 
- Ингэхэд танай компани Засгийн газарт өгсөн 310 сая доллараа хэзээ буцааж авах гэж байна. Хүний хөгжил санд төвлөрүүлж, эх орны хишигт тараагдсан мөнгийг хэлж байгаа юм?
 
 - Хэдийгээр бид өртэй ч их хэмжээний авлагатай. Хүний хөгжил санд төвлөрүүлсэн 310 сая доллар буюу 418 тэрбум төгрөгийг бид буцааж авах ёстой. Төсвийн орлого нэлээн хүнд байгаа учраас ЗГ энэ жил буцааж олгох боломжгүй байх шиг байна. Тиймээс ч үүнийг манай компанийн жил болгон төлөх татварт суутгуулаад явъя гэсэн яриа хэлэлцээрийг Засгийн газартай хийж байна. Ингэвэл манай компанид томоохон дэмжлэг болох юм.
 
- Засгийн газарт өгсөн мөнгөө буцааж аваагүй. Дээр нь банкуудаас 80 сая доллар нэмж зээлсэн ийм байдалтай байгаа юм байна. Нүүрсний борлуулалтын орлогын тухайд ямар байгаа вэ?
 
- Цанхийн зүүн хэсэг буюу “Эрдэнэс-тавантолгой” уурхайгаас эхний жил 800-900 гаруй мянган тонн нүүрс авсан. Харин дараагийн жил буюу өнгөрсөн онд 2.4 сая тонн нүүрс олборлож, экспортолсон. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хоёр жилд ойролцоогоор 3.4 сая тонн нүүрс олборлож, экспортолсон. Гэхдээ үүнээс ямар ч ашиг олоогүй. Шалтгаан нь манай компани хятадын төрийн өмчийн “Чалко” компаниас 350 сая долларын урьдчилгаа төлбөр авсантай холбоотой. “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээтэй. Тэр дагуу олборлосон бүх нүүрсээ “Чалко” компанид нийлүүлж, тус компаниас авсан зээлийнхээ тал хувийг барагдуулж чадлаа. Одоо цаана нь өр, зээлийн тал хувийг нүүрсээр барагдуулах ажил үлдчихээд байна. Зээлээ төлөх гээд, нүүрсээ хямд нийлүүлээд өнгөрсөн хоёр жил орлогогүй, ашиггүй л явж ирлээ.
 
- “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийн талыг барагдуулсан гэхээр, 3 сая тонн нүүрсээ 170 гаруй сая доллараар худалдаж гэж ойлголоо. Үлдэх өрийг төлөхийн тулд, нэмж хэдэн тонн нүүрс нийлүүлэх ёстой вэ?
 
- Өнгөрсөн хугацаанд “Чалко” компанид 3 гаруй сая тонн нүүрс нийлүүлсэн. Үүгээр өр зээлийнхээ тал хувийг барагдууллаа. Үлдэгдэл өрийг барагдуулахын тулд мөн хэмжээний нүүрс нийлүүлэх шаардлагатай байгаа. Үүний 2 сая тонныг хэдийнэ олборлоод, агуулахад овоолчихсон. Дээр нь 1 сая тонныг авахад бэлэн болгоод, хөрс хуулчихсан байж байна. Уг нь энэ ондоо багтаан “Чалко” компанид өрөө төлж дуусгана гэж төлөвлөж байсан ч, тээврийн компаниудын хүнд байдлаас болоод, экспорт саатсан. Тээврийн компаниуд санхүүгийн хүнд байдалд орсон, нүүрсний зах зээл муудсан зэргээс хамаарч үйл ажиллагаа нь нэлээд хүндэрчихсэн юм. Тиймээс бид тээврийн компаниудаа тодорхой хэмжээнд бололцоотой бүх аргаар дэмжиж байна. Тухайлбал, тээвэрлэлтийг шийдэх үүднээс 3 сая тонн нүүрснийхээ талыг ачуулахаар “Чалко” компанийн тээврийн үйлчилгээг саяхан оруулж ирсэн. Одоо “Чалко” компанийн 500, манай монголын гэрээт арав гаруй компанийн 200 орчим хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Нийтдээ 700 гаруй машин манайд тээвэрлэлт хийж байна гэсэн үг. Ойрын үед тээвэрлэлийн машинаа нэмэгдүүлнэ. Тэгэхээр “Чалког”-ийн өрөөс гурван сар дотор гарчих бололцоо бий. Ер нь ирэх оны эхээр нүүрсээ нийлүүлж, “Чалко”-ийн өрийг төлж дуусгахаар төлөвлөж байна.
 
- Ирэх оны эхээр “Чалко” компанид төлөх өрийг барагдууллаа гэхэд, цаашид энэ компанид бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байх уу. Эсвэл хэлэлцээр хийгээд үүнийг өөрчилсөн юм уу. Өнгөрсөн оны сүүлчээр тус компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж байсан болохоор ингэж асууж байна?
 
- Хамтрагч компанидаа 350 сая долларын өрийг төлж дууссаны дараа, дахиад таван жил энэ компанид нүүрс нийлүүлэх гэрээтэй. Ингэхдээ бид Зүүн цанхиас олборлох нүүрсний 80 хувийг тэднийд нийлүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, өмнө байгуулсан гэрээний энэ зүйл заалтыг одоогоор өөрчлөөгүй байгаа гэсэн үг. Гэхдээ бид үнээ дахиж өөрөөр тохиролцох, гэрээний нөхцлийг монголын талд ашигтайгаар дахин сайжруулах санал тавиад, нилээд идэвхитэй ярьж байна.
 
- Өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцээр хийхдээ Чалкод нийлүүлэх нүүрсний үнийг нэмэгдүүлнэ гэж ярьж байсан ч, ер нь бол 50 доллар дээр тогтчих шиг болсон. Тиймээс ч гэрээг сайжруулж чадсангүй гэх шүүмшлэл гарч байсан удаатай?
 
- Өмнө байгуулсан гэрээний дагуу явсан бол бид тонн тутамд 10 гаруй долларын алдагдал хүлээхээр тийм гэрээний нөхцөлтэй байсан. Тиймээс бид “Чалко” компанид нийлүүлэх экспортоо оны эхэнд зогсоож, гэрээний нөхцлийг өөрчилж, үнээ нэмэх тал дээр хэлэлцээр хийсэн. Тус компанитай хэдэн сарын хугацаанд нэлээн хүнд, халуун ширүүн яриа хэлэлцээр хийсний үр дүнд, шинэ үнэ тохирч чадсан. Шинэ үнэ ямар ч байсан алдагдалгүй ч, тодорхой хэмжээнд ашигтай үнэ байгаа. Тиймээс есдүгээр сараас Зүүн цанхийн нүүрсний экспортыг сэргээсэн байгаа.
 
- Зүүн цанхийн нүүрсний экспортыг сэргээснээс гадна, энэ онд баруун цанхийг ашиглалтад оруулсан шүү дээ. Зүүн цанхийн нүүрсийг хятадын “Чалко” компанид гэрээний дагуу нийлүүлж байгаа бол, баруун цанхиас олборлосон бүтээгдэхүүнийг хэнд нийлүүлж байгаа юм бол?
 
 - Зүүн цанхийн хувьд эндээс олборлосон нүүрсийг 100 хувь “Чалко”-гийн өрөнд ачиж байгаа учраас ямар ч ашиггүй ажиллаж ирсэн. Тиймээс бид зэрэгцүүлээд Баруун цанхийн уурхайг өөрсдөө нээсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард хөрс хуулж, долдугаар сараас олборлолтыг эхлүүлсэн. Харин олборлосон нүүрсээ есдүгээр сараас борлуулж эхэлсэн байгаа. Энэ оны тухайд баруун цанхиас 2.5 сая тонн нүүрс олборлож, худалдахаар төлөвлөсөн. Үүний 1 сая тонныг олборлоод худалдчихсан. Цаана нь 1.5 сая тонныг ондоо багтаан олборлоод худалдчих байх. Баруун цанхиас үндэсний компаниудаар нүүрс олборлуулж, уурхайн аман дээр нь хятадын компаниудад шууд зарж байна. Өөрийн тээврийн компанигүй учраас уурхайн аман дээр худалдах нь илүү оновчтой хувилбар байсан л даа. Ганц худалдан авагчтай байх нь эрсдэлтэй байдаг учраас, хуучин туршлагаасаа сургамж авч, баруун цанхийн нүүрсийг аль болох олон худалдан авагчдад нийлүүлэхийг зорьж байна. Ингэхдээ өндөр үнэ хэлсэн компаниудад, баруун цанхийн нүүрсийг нийлүүлж байгаа. Баруун цанхийн нүүрснээс тонн тутамд нь 20-30 хувийг ашиг олж байна. Зүүн цанхиас ямар ашиг олохгүй байхад, баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тодорхой ашигтай ажиллаад, улс оронд өгөөжөө өгөөд эхэлчихлээ. Энэ уурхайгаас 100 орчим сая долларын борлуулалтын орлого олж, улс орны эдийн засаг оруулна.
 
- Баруун цанхийн нүүрсний үнийн тухайд “Чалко” компанид нийлүүлж байгаа үнээс өндөр байгаа биз дээ?
 
- Борлуулалтын гэрээний нууцлалын дагуу баруун цанхиас олборлож, худалдаж байгаа нүүрсний үнийг хэлэх боломжгүй. Ямар ч байсан зүүн цанхийн нүүрсний үнээс өндөр. Гэхдээ дагалдаад зовлонтой, хүндрэлтэй асуудал гарч байгааг нуух юун. Манайхан “Чалко”-д гэрээний дагуу нүүрсээ хямдхан нийлүүлдэг. Харин баруун цанхийн нүүрсийг бусад компаниудад харьцангуй өндөр борлуулдаг. Гэтэл худалдан авагч компаниуд хилийн цаана нэг зах зээл дээр манайхаас авсан нүүрсээ борлуулж байна. “Чалко” хямдхан авч явсан учраас, баруун цанхиас нүүрс авсан худалдан авагчдыг хүндрүүлээд байгаа тал ажиглагдаж байна.
 
- Зүүн цанхиас энэ онд 3 сая тонн нүүрс экспортолно. Харин баруун цанхиас 2,5 сая тонн нүүрс экспортолно гэж та хэллээ. Үүгээр тооцвол Эрдэнэс-тавантолгой компани энэ онд 5 гаруй сая тонн нүүрс олборлож, борлуулах нь ээ?
 
- Энэ жилийн хувьд хоёр уурхайгаас нийлүүлээд олборлолтын хэмжээг өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өсгөх бодлого барьж ажилласан. Өнгөрсөн онд зүүн цанхиас 2.4 сая тонныг олборлосон бол, энэ онд хоёр цанхиас 5 орчим сая тонныг олборлохоор тооцсон. Үүний талыг нь хэдийнэ экспортолсон. Үлдэх хугацаанд 2.5 сая тонныг экспортлох зорилт тавин ажиллаж байна. Ямар ч байсан ондоо багтаагаад 5 гаруй сая тонн нүүрсээ экспортолж чадах байх. Төлөвлөгөө үндсэндээ биелнэ гэж тооцож байгаа.
 
- Цанхийн баруун зүүн хэсэгт хоёуланд нь өнөөдөр гэрээт олборлогч ажиллаж байна. Хоёулаа гэрээний ижил нөхцөлтэй юу?
- Цанхийн зүүн хэсэгт австралийн “Макмахан” компани манай гэрээт олборлогчоор ажилладаг. Таван жилийн гэрээтэй. Гурав дахь жилдээ гэрээгээр манайд нүүрс олборлож байна. Цанхийн баруун хэсэгт гэрээгээр нүүрс олборлох компанийг үндэсний компани байлгахаар тендер зарласан. Энд гурван компаниас бүрдсэн нэгдэл шалгарсан. Монголын үндэсний олборлогч, “Хишиг арвин”, “Мера” гэсэн гурван компанийн “Монгол уурхайчин” нэгдэл баруун цанхи дээр гэрээгээр олборолт хийж байна. Баруун болон зүүн цанхи дээр нүүрс олборлож байгаа гэрээт олборлогчидтой хийсэн гэрээ адилгүй. Тухайлбал, австралийн “Макмахан” компанитай бид, холбоотны харилцааны гэж нэрлэгддэг “relationship” гэсэн гэрээтэй. Энэ нь ямар учиртай гэхээр, “Макмахон” компани бол, манай менежмент удирдлага, зохион байгуулалтыг авч явна. Нөгөөтэйгүүр тэд өөрсдийн тоног төхөөрөмжөөр нүүрс олборлоно гэсэн гэрээ манайтай байгуулсан. Монголын үндэсний компаниудтай бол, бид хийсэн ажилд нь тааруулж үнэ хөлсийг нь төлөх гэрээтэй. Тухайлбал, тэр компанийн хийсэн ажлыг уулын цулын метр кубээр нь үнэлж, ажлых нь хөлсийг төлдөг.
 
-  Танай компани цаашид олборлолтоо нэмэгдүүлэх байх. Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хятадын “Шинхуа” компанид урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан учраас ингэж асууж байгаа юм?
 
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үед, хоёр тал гурван санамж бичиг байгуулсан. Үүний нэг нь тавантолгойн бүлэг ордоос 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ юм л даа. Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гэхээр  “Эрдэнэс-тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Манай компанийн тухайд одоогоор “Шинхуа” компанитай ирэх жилийн борлуулалтын яриа хэлэлцээрийг эхлүүлээд явж байна. Ингэхдээ давхар нүүрсний борлуулалын орлогын тодорхой хувийг урьчдилж авахаар “Шинхуа” компанитай ярилцаж байгаа. Ер нь борлуулалтын  орлогын 50 дээш хувийн урьдчилгааг авна гэсэн шаардлагыг манай талаас тавьж байгаа юм. Үүн дээр “Шинхуа” компани нааштай хандаж байгаа. Манай компанийн хувьд, ирэх жил Шинхуа компанид 6 орчим сая тонн нүүрс борлуулахаар урьдчилсан байдлаар тооцож байна. Үүний 3 саяыг нь ч нийлүүлж магад. Ямар ч байсан “Шинхуа” компаниас 60-70 сая долларыг урьдчилгаа авах байх. Үүнийг ойрын үед оруулж ирэхээр яриа хэлэлцээр хийж байгаа.  Баруун цанхиас нүүрс худалдан авч байгаа “Винсвей” зэрэг бусад компаниудаас ч гэсэн, урьдчилгаа авахаар ярилцаж байна. Ингээд хамтрагч компаниудаас ондоо багтаад 100 сая долларын борлуулалтын урьдчилгаа төлбөр авчих байх.
 
- Ингэхэд та түрүүн баруун цанхийн нүүрсийг олон худалдан авагчдад нийлүүлэх бодлого барьж байгаа гэж байсан. Ярианаас чинь анзаараад байхад, ирэх онд баруун цанхиас олборлох нүүрсний дийлэнхийг Шинхуад өгч, урьчилгаа авах өнгө аяс харагдаад байх чинь?
 
- Зүүн цанхи нэг худалдан авагчтай учраас, нүүрсээ хямдхан өгч байна. Тиймээс баруун цанхийн нүүрсийг аль болох олон худалдан авагчдад нийлүүлэх бодлого барина. Тухайлбал, манайтай хамтарч ажилладаг, тавантолгойгоос нүүрс авч буй “Винсей” зэрэг бусад компаниудтайгаа үргэлжлүүлэн хамтарч ажиллана. Гэхдээ “Шинхуа” компанитай түлхүү хамтрах бодлого барьж байна. Яагаад гэхээр, энэ компани өөрийн гэсэн том зах зээлтэй, нүүрсний том  борлуулагч туршлагатай компани. Дээр нь өөрийн гэсэн ложистикийн сүлжээ, төмөр замтай учраас “Шинхуа” компанитай давамгай хамтарч ажиллах шаардлага байгаа юм. Манай экспортыг хязгаарлаж байгаа бас нэг шалтгаан бол, зах зээл хэтэрхий жижигхэн. Өнөөдөр тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд, Өвөр монголын өөртөө засах орны Бугат хотын зах зээлд нүүрсээ борлуулж байна. Өвөрмонгол өөрөө нүүрсний том үйлдвэрлэгч орон. Тиймээс цаашдаа “Шинхуа” компанийн төмөр замыг ашиглаж, хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх  бодлого барьж байна. Цаашлаад “Шинхуа” компанийн  төмөр зам “Ганц мод”-ны боомтоос цаашаа далайд гардаг. Тиймээс тус компанийн төмөр замыг ашиглаж, далайд гарч Япон, Солонгос руу бүтээгдэхүүнээ борлуулах бололцоо байна. Өөрөөр хэлбэл, бид “Шинхуа”-д нүүрсээ нийлүүлнэ. Оронд тус компанийн мэдэлд байдаг төмөр замыг ашиглаж, хятадын гүн дэх гангийн үйлдвэр болон гуравдагч зах зээлд хүрэх бололцоо байгаа юм. Тэр ч үүднээс энэ компанитай түлхүү хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
 
- Шинхуа компанийн төмөр замыг ашиглаад хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүллээ. Цаашлаад далайд гарлаа гэхэд, хамгийн гол нь бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа дотооддоо шийдвэрлэж чадаагүй байна. Та түрүүн тавантолгой –гашуун сухайт чиглэлийн төмөр зам 2015 оны сүүлч, 2016 оны эхэнд ашиглалтад орно гэж байсан шүү дээ?
 
- Тээвэрлэлтийн асуудал хүнд хэвээр байна. Ачааны авто машинаар тээвэрлэхээр өндөр өртөгтэй байна. Дээр нь машин маш цөөхөн байгаа учраас бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан тавантолгой-гашуун сухайт чиглэлийн 260 киллометр төмөр замыг ойрын хоёроос гурван жилд барьж ашиглалтад оруулбал, манай компани бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх бололцоотой болно. Төмөр зам ашиглалтад орохоор, манай компани тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн том үйлдвэрлэгч болох боломжтой. Тэр болтол, ачааны авто машинаар бүтээгдэхүүнээ экспортолно. Үүний бас нэг хүндрэлтэй тал нь ихээхэн цаг хугацаа шаарддаг, хил дээр очер дараалал үүсдэг. Хилийн нэвтрүүлэх чадвар муу байгаа нь манай экспортыг хязгаарлаж байгаа бас нэг шалтгаан гэсэн үг л дээ. Хэрэв гал тэрэгээр нүүрсээ хилийн шалган нэвтрүүлбэл, хамаагүй хурдан. Тиймээс бид “Шинхау” компанитай хамтран Гашуун сухайтын боомтоос, хятадын Ганцмодны боомт хүртэл төмөр зам барих тохиролцоонд хүрсэн. Ингэвэл, галт тэрэгээр нүүрсээ хил давуулах боломжтой болох юм.
 
-Төмөр замын бодлогод тусгаснаас гадна, “Шинхуа”-тай хамтарч хоёр улсын хил хооронд төмөр зам барих нь гэж ойлголоо. Шинхуатай хамтарч барих төмөр зам хэдэн киллометр байх юм бол?
 
- Манай Гашуун сухайтын боомтоос хятадын Ганц модны боомт хүртэл 10 киллометр гаруй урттай төмөр зам хил дамнуулж баръя гэдэг дээр “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи-Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Монголын төмөр зам” компаниуд хятадын Шинхуа компанитай санамж бичиг байгуулсан. Таван тал хамтраад энэ төмөр замыг ойрын үед барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогоор төмөр зам тавих цэг нь тодорхой болоогүй байгаа. Энэ төмөр зам баригдвал, хилийн наана ачааны автомашинаас галт тэрэг рүү нүүрсээ шилжүүлэн ачаад, хил давуулах боломжтой болно. Ингэхийн бол, экспортын хэмжээ эрс нэмэгдэнэ. Хил дээр гацаа үүсэхгүй байх бололцоо бүрдэх юм.
 
- Манайхан Цанхийн баруун хэсэгт стратегийн түншлэгч оруулж ирэхээр төлөвлөж байсан ч, энэ ажил тодорхойгүй байсаар өнөөг хүрлээ. Гэтэл энэ жил Баруун цанхиас гэнэт нүүрс олборлоод эхэллээ. Эндээс стратегийн түншлэгчдийг сонгон шалгаруулахгүй. Бидэнд хэрэггүй гэх байдлаар хандаж байгаа юм болов уу гэсэн ойлголт төрөх боллоо?
 
-  Манайхан нүүрсний уурхай олборлох туршлагатай гэдэг утгаараа нэг хэсэгтээ, баруун цанхийн нүүрсийг өөрсдөө олборлоод явж болно. Гэхдээ, энэ ордыг хэдий чинээ том хэмжээгээр ашиглана, төдий чинээ монголуудын хүртэх ашиг орлого нэмэгдэх юм. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Урд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ явуулаад тодорхой тохиролцоонд хүрсэн юм билээ. Гэвч оролцогч талууд дахин хагаралдаж, учир зүгээ ололцоогүй учраас  яриа хэлэлцээ түгжрэлд орчихсон юм билээ. Үүнийг дахин сэргээж цааш нь явуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын үед ямар хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулалт оруулах вэ гэдэг тал дээр тодорхой санал боловсруулж эрх бүхий байгууллагуудад дээшээ танилцуулж, заавар чиглэл аваад ажиллана.  Гэхдээ энд нэг зүйл нэмж хэлэхэд, баруун цанхийн олборлолтыг нэмлээ гэхэд борлуулах зах зээлд бидэнд алга. Өвөрмонголын зах зээл жижигдэнэ. Тэгэхээр зах зээлээ бэлдэж байж, дараа нь том хэмжээгээр үйл ажиллагаа явуулах тухай бодох нь зүйтэй. Тиймээс л, борлуулах зах зээл дээр зайлшгүй хятадын “Шинхуа” компанитай хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм. “Шинхуа” компанийн Ганц модны боомтоос далайд гарсан төмөр замыг ашиглаад, хамтарч ажиллах эхлэл тавигдаад явж байна. Тус компанитай болон бусад Япон, Солонгос, Америкийн компанитай Тавантолгой дээр хамтарч, стратегийн хөрөнгө оруулагчдыг татаж, Цанхийн баруун хэсгийн олборлолтыг нэмэгдүүлэх боломжийг хайх нь зүйтэй гэж бодож явдаг.
 
Ярилцсан А. Энхтуул                                           Хурд агентлаг
 

Я. Батсуурь: Хятадын “Шинхуа” компаниас 60-70 сая долларын урьдчилгаа авч, нүүрс нийлүүлнэ   
Үзсэн: 6676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-10 23:42
urd hiisen geree muulaal bsan odoo bvrch muu bga yum bishvv naad erdenes tavan tolgoi chin ajilchdiin han yarianaas sonshod urd udirdlagaa muulaal bsan odoo hiij bga yum ni haana bna a gereegiin bvvr himdruulj hiicheed.........................
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-05 00:04
Тээврийн компаниуд байна аа. Даанч дунд нь зуучилдаг зарим нэг нөхдүүдээс болоод тээврийн хөлс нь яг тээвэр хийж байгаа жолооч нарт бага тусаад байна. Тэд нар нь зүгээр байж байгаад мөнгө олох санаатай тэгээд хэдэн хүн дамжаад л хөлс нь чавчигдаж явсаар байгаад ажил хийж байгаа хүн дээр бага очиж байна. Анхаарай Я.Батсуурь даргаа
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-30 19:48
Хүний хөгжил сангаас архины мөнгө болгон цацсан нэг тэрбум доллараар тамар зам ,цах.станц,нүүрс баяжуулах угаах үйлдвэр бүгдийг нь ямар ч зээлийн дарамтгүй баричих боломжийг устгасан Сү.Батболдын засгийн газрыг жинхэнэ мулгуу гэхээс өөр хэлэх үг алга даа.....
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2013-12-29 21:53
Та нар ажлаа сайн хийгээд оны эхнээс нүүрсээ жигд гаргаж 70 доллараар өгч байсан бол юун өр шир ярих вэ. Даанч том юм ярьж явсаар хамаг хугацаагаа алдаад одоо өөрсдөө гуйж 45-50 доллраар өгч байгаа юм чинь хүндрэхгүй яах юм.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-16 13:43
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-12-16 10:28
Gund n orj ajillaj baigaa humuusiinhee ugiig sonsoj ajildaa tusgaj ajillaval mongold ashig tusaa ogno doo.Ter ikh zantai yum medehgui Gansukh ch ajil ungaaj magadgui nokhor doo.Odoohondoo hunii ekhluulsen,duusgasan ajiliin tuuz haichlaad l guigeed baina.

Бидэнтэй нэгдээрэй