
Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс аймгийн удирдлагууд түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэл ажлаа эртнээс хангаж эхэлсэн байна. 1978 оноос хойш их засвар хийгдээгүй байсан төв цэнгэлдэх хүрээлэнгээ орон нутгийн төсвийн 140 сая төгрөгөөр шинэчлэн засварлажээ. Үүнд гадна засал болон үзэгчдийн суудлыг солих, зам талбай, тохижилтын ажлыг хийснээс гадна наадмын талбайн зүлэгжүүлэлтийн ажилд нилээд ач холбогдол өгсний үр дүнд зүлэг ногоон дэвжээг жинхэнэ утгаар нь ургуулжээ.
Энэ удаагийн наадмын гол онцлог нь нээлтийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд, үзүүштэй байдлаар зохион байгуулах явдал юм. Тиймээс Чингис хааны үеэс эхлэн одоог хүртэлх Монголчуудын түүхийг урлагаар дамжуулан харуулах бөгөөд нээлтэд 120 гаруй хүн, 30 морьтон оролцоно. Мөн цэрэг хүчний байгууллагынхан, төрийн дээд одон медалиар шагнагдсан алдартнууд, үндэстэн ястны төлөөллүүд, хүүхдүүд баярын жагсаалд алхах юм байна. Эдгээр нээлт, хаалтын арга хэмжээнд зориулж Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг урьж дэглүүлжээ.
Наадмын талбайд лед дэлгэц байрлуулж морины уралдааныг мэргэжлийн морь тайлбарлагчаар тайлбарлуулж шууд дамжуулан хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 95 жилийн ой гэдэг утгаараа эхний 95 морийг барьж урамшуулна.
Орой нь урлаг соёлын оддыг урьж “Чингисийн үдэш” шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гол нь иргэдийгээ үзэж харах зүйл ихтэй, өв соёлоороо бахархаж омогшихоор сайхан наадмыг зохион байгуулахаар аймаг орон нутгийн удирдлагууд сэтгэл нэгдэн ажиллаж байна. Наадам долоодугаар сарын 13, 14-нд болно.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ
Хэнтий аймаг 95 жилийн ойгоороо 95 морь барина | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.