Шууд Chart

Дональд Трамп: Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос АНУ төлбөр авч магадгүй

2026-04-07 13:18:55

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны дөрөвдүгээр сарын 6-нд хийсэн мэдэгдэлдээ, Ираны эсрэг дайны нөхцөл байдалтай холбогдуулан Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос АНУ төлбөр авах боломжийг авч үзэж буйгаа дурдсан талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах, тээврийг хэвийн болгоход АНУ гол үүрэг гүйцэтгэж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд ийм нөхцөлд дамжин өнгөрөх хөлөг онгоцноос төлбөр авах боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Мөн “Яагаад бид төлбөр авахгүй гэж, бидэнд төлбөр авах концепц бий” хэмээн мэдэгдсэн талаар мэдээлжээ.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн хамгийн чухал тээврийн замын нэг бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 орчим хувь уг бүсээр дамжин өнгөрдөг гэж тооцогддог. Иймээс тус бүс нутагт үүсэх аливаа хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос төлбөр авах бодлого хэрэгжвэл олон улсын далайн эрх зүй, дэлхийн худалдаанд нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна.

Ираны эсрэг хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор Ормузын хоолойн аюулгүй байдал, газрын тосны нийлүүлэлт олон улсын анхаарлын төвд хэвээр байгаа юм.


Дональд Трамп: Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцноос АНУ төлбөр авч магадгүй  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй