Шууд Chart

Зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

2018-10-18 08:51:27

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,888.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.6 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 10,993.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тус тус тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,105.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувийн алдагдалтай байхаар баталсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон ирэх 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –5.4 хувьтай байхаар байна гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-аар татварын багц хуулийг батлуулна гэж тооцож хуулийн төслийг өргөн барьсан эсэхийг тодрууллаа. Сангийн сайд, Засгийн газраас татварын багц хуулийг өргөн бариад, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа иргэд болон бизнес эрхлэгчдийн дунд үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, тэд ч татварын багц хуулийг батлагдахыг хүлээж байна. Иймд татварын багц хуулиудыг батлагдана гэж тооцоолж, төсвийн талаарх хуулийн төслийг боловсруулсан гэж хариулав.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.


Зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй