
УИХ-ын 2018 оны намрын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль УИХ-ын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.4 хувьтай байхаар тооцож төсөлд тусгажээ.
Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төсөл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Н.Оюундарь нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг бодитой тооцсон эсэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөтэй арга хэмжээ авах талаар лавласан. Мөн хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс дутуу баригдсан барилга байгууламж, царцсан обьектын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж, бүрэн дуусгах талаар тодруулж байв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлсөн тал бий. Гэхдээ УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн гааль, татварын багц хуулийн төслүүдийг баталж, дэмжиж өгвөл төсвийн тодотгол хийхгүй байх магадлал 90 хувьтай гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө бид боломжоо бүрэн дайчлан ажиллана гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав. Тэрбээр хөрөнгө оруулалт зогссоны улмаас 2012-2016 оны хугацаанд баригдаж дуусаагүй барилга, царцсан обьектуудын асуудлыг үе шаттайгаар шийдэж ирснийг онцлоод 2020 он гэхэд царцсан обьектын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж дуусгана гэж байлаа. Мөн нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар-Дархан-Уул аймаг хүртлэх автозамыг дөрвөн эгнээ болгох, Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэл авто замыг өргөжүүлэх, нүхэн гарцыг нэмэгдүүлэх, гүүрүүд барихаар тодорхой хөрөнгийг төсөвт суулгаж, энэ асуудалд анхаарч ажиллаж байна гэж Сангийн сайд хариулж байлаа.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2016 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрэх, олон нийтийг хамарсан, гадаад дотоодын томоохон төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд одоогоор 147 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Төсөв батлагдсаны дараа агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнд хүрэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргана гэж хариулж байлаа. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.