
Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-ны өдөр Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгч, Элчин сайд нарт суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм.
Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, баримт бичгийн дагуу боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нартай санал солилцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах шаардлагатай тул Европын энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улс оронтой нягт хамтын ажиллагаатай байж төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулахаар бэлтгэсэн төслүүдтэй ч сайтар танилцаж, суугаа улсынхаа онцлогт тохируулан хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ.
Мөн Элчин сайд нарт өгсөн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд нь ул суурьтай болохыг цохон тэмдэглэж, Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм. Элчин сайд нар уулзалтын турш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар нэгдсэн ойлголтод хүрлээ гэдгээ илэрхийлж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.