Шууд Chart

Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

2018-10-24 14:11:37

Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсов.

Эхний мэдээллийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтэцийн газрын дарга Ч.Батбилэг  хийв. Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус сонгосон 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. Дээрх аж ахуй нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж дахин 11 хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлаад байна. Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10278 айлын орон сууцны барилга эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар  280 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч компаниуд төлөвлөгөө ирүүлээд байна. 

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хийсэн мэдээлэлдээ, Барилга, хот байгуулалтын сайдын 2018.05.11-ний өдрийн 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг хөтөлбөрийн болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг эхний хувилбараар боловсруулж, 2018.08.24-ний өдөр тус яамны цахим хуудсанд байршуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад яамны 2018.08.27-ны өдрийн 01/332 тоот албан бичгийг хүргүүлж, нийт 20 байгууллагаас санал авсан. Харин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улын “Эксим” банкаар дамжуулан олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зориулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эксим банкны ажлын хэсэгтэй 2018 оны 3 дугаар сараас хамтран ажилласан бөгөөд төслийн бүх байршлуудаар дагуулан явж газартай нь танилцуулсан. Уулзалтын үеэр Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд зэрэг 8900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна гэлээ.

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тус Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тус тогтоолд, нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35-р байр, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Цагаан байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байруудыг нураан дахин барилгажуулах, оршин суугчдыг түр суурьшуулах болон шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/, Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/ нар үүрэг болгосон байна. Ингээд тус тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81,7 хувь нь дэмжлээ.


Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов   
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй