УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ. Сонгуулийн тухай хуулийн төслийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа бие даасан хуультай байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлсэн. Дээрх гурван сонгууль өөр өөрийн гэсэн онцлог шинж, процессын үйл ажиллагаатай.
Иймд УИХ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Тус Ажлын хэсгээс хуулийн төсөлд санал авахаар 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар 8 төрийн байгууллага, 8 улс төрийн нам, 2 төрийн бус байгууллагаас холбогдох саналаа ирүүлжээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, ярилцсанаар уулзалт өндөрлөлөө. Уулзалтад тус байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Д.Лүндээжанцан: Сонгуулийн гурван хуулийг салгах хэрэгтэй | ||
| Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.