Шууд Chart

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-10-25 10:07:57

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний хуралдаанаар Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд  хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тогтоож, төслийн 2 дахь зүйлийг хасах гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2019 он гэснийг 2020 он гэж өөрчилснийг 2019 он гэж хэвээр үлдээх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. 

Мөн Ажлын хэсгийн зүгээс “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх орлого төвлөрүүлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж, тэтгэвэр олгох хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-н болгоход төсөвт хүндрэл үүсэхгүй гэж байлаа.

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлсэн арга хэмжээ авахгүй байхаар тохирсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-аар хэлэлцүүлэхдээ дээрх асуудлыг нэг мөр шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй