Шууд Chart

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-10-25 18:42:56

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.25) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Болд, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Төсвийн байнгын хорооноос тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг төсвийг тогтвортой байлгах механизм. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд төлөвлөгдсөн төсвийн төслийг хөндлөнгийн нөлөөлөөс хамгаалах, тогтвортой байлгах, дайчлах, чиглүүлэх шинж чанартай энэ бодлогыг хэрэгжүүлдэг механизм. Үүнийг аахар шалтгааны улмаас өөрчлөөд, бий болсон нөхцөл тааруухан практиктаа тохируулан засаад байх нь зохисгүй. Төрийн уламжлагдсан том бодлого хөндлөнгийн жижиг хүчин зүйлээс болж эвдэгдээд байгаагийн илэрхийлэл гэж би хувьдаа үзэж байна. Тиймээс үүн дээр дүгнэлттэй хандмаар байна. Хөрөнгийн зардлыг 37 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэж энэ төслүүдийг хэлэлцэж байна. Нийт хөрөнгө оруулалтын зардлын 1 хувьд хүрэхгүй нөлөөллийн улмаас бодлогоо эвдэх нь зөв үү. Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дээрх 37 тэрбум төгрөгийг зохицуулаад, бодлогоо хадгалан хэрэгцээгээ хангах бололцоо бий” хэмээн санал хэлэв. 

Ийнхүү гишүүд тодруулга хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.


Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй