
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.25) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. УИХ-ын даргын 2018 оны 177 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр санал хураан шийдвэрлэсэн байна. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Үүнийг Төсвийн байнгын хороо хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураасан байна. Байнгын хороо дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Тогтохсүрэн нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан хууль хэрэгжих хугацааг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг саналыг гаргажээ.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.