Шууд Chart

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-10-25 19:30:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны болон УИХ дахь АН бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн тайлбар авсан бөгөөд үдээс хойших хуралдаанаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,2219.9 сая төгрөгөөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт буюу хуулийн төслийн 2 дугаар хавсралтын YI дугаар бүлэг, Сангийн сайдын багцын YI.3-д Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног, төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,315.2 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүн бүхий Гаалийн шинэчлэл хийх ажилд төлөвлөсөн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12,000.0 сая төгрөгөөр, Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрээс 15,000.0 сая төгрөгийг, нийт 271,219.9 сая төгрөгөөр зардал бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрийг 2019 онд 14 хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

Түүнчлэн хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн санхүүжилтийг 5,600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгах, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Ерөнхий сайдын төсвийн багцад тусгах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олголтод зориулж 47,000.0 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгохоор тооцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгах, “Сүүний урамшуулал” олгоход зориулж 4.0 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгах саналууд дэмжигдсэн.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8.0 тэрбум төгрөг, хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөн олговрын санхүүжилтэд зориулж 5.0 тэрбум төгрөг нэмж тусгах санал, зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэрэнд өөрчлөлт оруулах зарчмын саналууд олонхийн дэмжлэг авлаа.

Ийнхүү хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй