
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа авсан цагаасаа хойш гадаад харилцааны тал дээр хойрго хандсан гэх шүүмжлэлд өртөөд байсан. Ямар сайндаа л жиргээний ертөнцөд ерөнхий сайд яагаад урд, хойд хөрш рүүгээ айлчлахгүй байна вэ гэсэн яриа дэгдэх вэ дээ. Хэдийгээр ийм шүүмжлэлд өртсөн ч, тэрбээр үүнийг ажирсангүй, албан ёсны айлчлалаа Их наран улсаас эхлүүлэх нь тэр. Чухам яагаад энэ улсад хөл тавьж, Япончуудтай гар барив гэдэг нь тухайн үед анхаарал татсан халуун сэдвийн нэг мөнөөс мөн байлаа. Магадгүй энэ асуултын хариу нь доллар байсан байж болох талтай.
Өнгөрсөн оны эхний гурван улиралд манай улсад ердөө 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэх статистик үзүүлэлт гарсан. Хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоосоо 50 орчим хувиар буурсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирдэг байсан хоёр доллар тутмын нэг нь үгүй боллоо. Нөгөө талаас, экспортын орлого буурч, бид олж байгаагаас их хэмжээний валют импортын бараанд зарцуулж байсантай холбоотойгоор гадаад худалдаа 2 гаруй тэрбум долларын алдагдалтай гарлаа. Гадаадын хөрөнгө оруулагчид монголоос дайжиж, гадаад худалдаа алдагдалтай гарсан нь манай улс руу чиглэх валютын урсгал царцах гол шалгаан болсон гэдэгтэй эдийн засагчид бүгд санал нэгдэж буй.
Ийнхүү доллар монголоос үргэсэнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд уг валют ховордож, албан ханш нь түүхэндээ анх удаа 1700 төгрөг давсан гашуун түүх бий. Энэ нь сөрөг хүчнийхэнд улс төр хийх аятайхан боломж буюу аманд орсон шар тос болсон гэлтэй. Энэ боломжийг ашиглаад Ардын намын залуучууд, тэр дундаа шинэчлэлийн хорооныхон “төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэдийн амьдрал дордож байна” хэмээн ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрохыг ч шаардаж байсан удаатай. Ийнхүү долларын ханшийн өсөлт ерөнхий сайдын суудлыг дэнжигнүүлж мэдэхээр боллоо. Магадгүй энэ үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын тэргүүн Их наран улсыг зорьж, тус улсын зах зээлд өнгөрсөн онд багтаан 600 сая доллартай тэнцэх иений бонд арилжаалах яриа хэлэлцээр хийгээд ирсэн байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс жиг жуг гэцгээж байна.
Хэрэв үүнийг амжилттай арилжаалвал долларын ханш ялимгүй буурч, Засгийн газар бага ч болтугай амсхийгээд авах байсан биз. Гэвч “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д 2013 онд “улсын өр” дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заачихсан нь “Самурай” төлөвлөгөө бүтэлгүйтэх эхлэлийг тависан гэхэд болно. Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний талаарх судалгааг хараахан гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар 17 их наяд төгрөг хүрсэн гэх мэдээлэл байна. Харин улсын өр үүний 49.7 хувийг эзэлж байгаа буюу 8.4 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай улс хэдийнэ өрийн дээд хязгаартаа хүрчихсэн байж.
Хэрэв үүн дээр нэмж 600 сая доллартай тэнцэх иений бондыг өнгөрсөн онд Японы зах зээлд арилжаалсан бол өрийн дээд хязгаар давах байлаа. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргасан бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” зөрчих байсан гэсэн үг. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зүтгүүлж, өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч, сөрөг хүчний эсэргүйцэлтэй тулж бүтэлгүйтсэн тал бий.
Энэ жилийн тухайд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20.5 их наяд төгрөгт хүрэх тооцоог холбогдох яам хийжээ. Харин “улсын өр” үүний 40 хувиас хэтрэх ёсгүй. Үүгээр тооцвол энэ онд 1.5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой судалгаа гарсан байна. Тиймээс ч УИХ энэ оны төсөвт шинээр үүсгэх өрийн хэмжээг 1.5 их наяд төгрөг байхаар тусгаж өгчээ. Энэ хүрээнд 290 сая доллартай тэнцэх иенийн бондыг энэ оны эхээр арилжаалсан гэж сангийн яамныхан хэлж байгаа юм. Ингэхдээ 10 жилийн хугацаатай жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалсан байна. Өөрөөр хэлбэл, ДНБ энэ жил огцом өсөх тооцооллоор “Самурай” бондын тал хувийг гаргаж арилжаалах цоорхой олсон мэт харагдаж байна. Харин үлдэх бондыг хэзээ гаргаж арилжаалах нь тодорхойгүй бөгөөд “Өрийн удирдлагын тухай хууль” УИХ-аар батлагдахыг хүлээж сууна.
Ийнхүү Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хязгаараас болж 600 сая долларын “Самурай” бондын төлөвлөгөө бүтэлгүйтэж, үүний ердөө тал хувийг Японы банкуудад саяхан арилжаалжээ. Гэхдээ үүний 230 орчим сая доллартай тэнцэх иен л манай улсад орж ирсэн гэх мэдээлэл байна. Үлдсэн мөнгө нь хаачсан бэ. Үүний талаар сураг ажиг тавихад бондын орлогоос 50 гаруй сая долларыг Японы Хамтын ажиллагааны банк авчихсан гэх мэдээлэл байна. Энэ талаараа албаныхан, Хөгжлийн банзны зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Гэхдээ баттай эх сурвалжууд Японы Хамтын ажиллагааны банк манай бондод баталгаа гаргасны төлбөрт 50 гаруй сая доллар суутгасан гэх мэдээлэл өгч байна. Ингээд 290 сая доллараас манайд орж ирсэн нь 230 сая доллар болж таарлаа...
Уг нь “Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргасан ч, Японы талд өгсөн 50 гаруй сая долларыг оролцуулж тооцвол бондын хүү 4 хувь хол давж байна. Манайхан Японы Хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар бага хүүтэй мөнгө босгоно гэж хөөрцөглөөд байсан. Гэтэл бага хүүтэй бонд гаргуулсны төлбөрт Японы Хамтын ажиллагааны банкинд өндөр төлбөр төлсөн болж таарч байгаа юм. Ийм өндөр төлнө гэдгээ ч манайхан эхэндээ мэдээгүй гэнэ. Японы хамтын ажиллагааны банк манайхаас төлбөр авах нь авна. Гэхдээ бондын хүү хэд байхаас хамаарч, төлбөрийн хэмжээ тогтоно гэхээс өөр зүйл урьдчилж мэдэгдээгүй гэлцэх. Харин “Самурай” бондыг арилжаалсны дараа дундаас нь 50 сая долларыг үйлчилгээний төлбөртөө суутгчихсан гэж зарим хүмүүс ярьж эхэлчихээд байгаа аж.
Гэхдээ зарим хэвлэлд бондод баталгаа гаргасны төлбөрт 20 хувийн шимтгэл авна гэж гэрээнд тусгасныг манайхан олж хараагүй гэж мэдээлэл гарч эхэлжээ. Аль нь үнэн болох нь тодорхойгүй ч манай улс 290 сая доллартай тэнцэх иений бонд гаргаж, дундаас нь 50 гаруй сая доллараа салхинд хийсгээд алдчихсан нь гарцаагүй болоод байгаа бололтой. Үүнээс болоод манайхан бондын арилжаагаа цуцлах тухай ч маргаан дэгдээсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Японы банкуудад 290 сая доллартай тэнцэх иенийг нь буцааж өгөхөөр манай талаас нэлээд шахалт үзүүлсэн бололтой. Үүний дүнд дараагийн арилжаалах бондод бага төлбөр төлөхөөр тохиролцсон гэлцэж байна. Ийм тохиролцооны үндсэн дээр 230 гаруй сая доллартай тэнцэх иен энэ сарын 6-ны өдөр манай улсад орж ирсэн гэнэ.
Тиймээс ч Японы хамтын ажиллагааны банкинд төлсөн төлбөрийг оролцуулбал 4.3 хувийн хүүтэйгээр “Самурай” бонд гаргасан учир үр ашиггүй удаавал хүүгийн алдагдалд орох нь дамжиггүй. Харин Хөгжлийн банк энэ мөнгийг арилжааны хоёр банкинд байршуулсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэлж байна. Ингэхдээ “Самурай” бондын орлогын дийлэнхийг Хаан банкинд байршуулсан бол үлдэх хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулжээ. Тодруулбал, Хөгжлийн банк хүүгийн алдагдалд орохгүй байх байдлаар “Самурай” бондын орлогыг банкуудад байршуулсан гэхээс өөр мэдээлэл одоогоор олдохгүй байна.
Ямар ч байсан “Самурай” бондын орлого, “Чингис” бондын орлогын араас банкуудад байршлаа. Багагүй балагтайгаар Их наран улсаас олж ирсэн мөнгө долларын ханшид хэрхэн нөлөөлөх, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулагдаж, үр ашгаа өгөх эсэхийг харах л үлдлээ. Түүнчлэн “Самурай”, “Чингис” бондыг босгох “виз” олгодог УИХ нь гүйцэтгэх засаглалын энэ урагшгүй үйлдэлд ямар хариуцлага тооцохыг харж л байхаас.
Засгийн газар “Самурай” бондоос босгосон “50 сая” долларыг Япончуудад алджээ | ||
Үзсэн: 14360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.