Шууд Chart

Т.Гантулга: Тэг зогсолттой холбоотой захирал, ерөнхий инженер зургаан хүнд хариуцлага тооцож, чөлөөлсөн

2018-11-14 09:18:36

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн Зочны цагт оролцож, эрчим хүчний салбар өвөлд бэлэн үү сэдвээр ярилцлаа.

-Эрчим хүчний салбар өвөлд бэлэн үү?

-Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг найдвартай ажиллагаагаар хангах мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэж буй ажилд хяналт тавих, шаардлагатай үед арга зүй болон мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд мэдээж эрчим хүчний салбарт 2018-2019 оны өвлийн их ачааллыг давахын тулд салбарын эх үүсвэр буюу станцууд, дамжуулах, түгээх, дулаан хангамжийн хүрээнд үндсэн болон туслах тоноглолуудад их болон урсгал засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ гээд нийт 1938 ажил төлөвлөсөн. Үүнээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 98 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж, туршилт тохиргоог хийж дууслаа.

            Эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллын горимыг баталдаг. Есдүгээр сарын 10-нд батлаад, тус сарынхаа 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл өвлийн их ачааллын горимоор ажиллана. Энэ хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аваар ослын үед ажиллах тусгай горим баталдаг. Засгийн газраас гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэн. Арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл тэглэсэн. Энэ хөнгөлөлтөд нийт 154 мянган айл өрх хамрагдаж байгаа. Мөн Засгийн газраас гэр хороололд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор дөрвөн кВт(киловатт) хүртэлх хүчин чадалтай цахилгаан халаагуур хэрэглэхүйц хэмжээний өргөтгөл шинэтгэлийн ажлыг хийж, 41 мянган айл өрх хамруулсан.

            -Намар эрчим хүчний салбарт доголдол гарч тэг зогсолт хийж, иргэдийг бухимдуулсан. Буруутай албан тушаалтан, нэгжид хариуцлага тооцсон уу?

            -Хэдий манай салбарт тэг зогсолт гарсан ч гэсэн аливаа зүйлд муу юм байж болно. Тэр мууг сайжруулах хэрэгтэй. Хасах бол аюул. Хасахыг нэмэх болгож чадахгүй бол бүр хүнд аюултай. Тэг зогсолт хийх хугацаанд иргэд, хэрэглэгчид эрчим хүч  ямар чухал ач холбогдолтойг мэдсэн гэдгээрээ сайн талтай. Нөгөө талаараа цэвэр хүний буруутай үйл ажиллагаа байсан учраас бид нар Деспитчерийн үндэсний төв, Дулаан цахилгаан станц-IV, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн захирлууд, ерөнхий инженер гэсэн зургаан албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн захирал, ерөнхий инженерүүд томилогдсон. Ажлаа мэддэг хамгийн шилдэг хүмүүсээ тухайн албан тушаалуудад тавьсан. Өдрийн оргил ачаалал 978 МВт(мегаватт), импортын эрчим хүч 101 МВт авснаар одоо систем хэвийн ажиллаж байгаа.

            -Засгийн газраас саяхан Эрчим хүчний дунд хугацааны мөрийн хөтөлбөр баталсан. Эх үүсвэр буюу станцуудад ямар өргөтгөл, шинэчлэл хийх вэ?

            -Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого бий. Энэ бодлогын бичиг баримтын зорилт, зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Жишээлбэл, Би Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам энэ гурван яам болон зургаан сайдтай хамтарч ажиллаж байна. Яг салбарын хамт олон, төрийн албан хаагчид зөв зүйтэй зүйлийг тухайн сайддаа хаягладаг. Энэ утгаараа дээрх бичиг баримт Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хаяглагдана.

            Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны мөрийн хөтөлбөр бол маш чухал баримт бичиг. Эх үүсвэр гэдэг бол станцууд. Станцуудад хэд хэдэн том төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, ДЦС-IV-ийн 1-4 хүртэлх машинд өргөтгөл шинэчлэл хийснээр хүчин чадал нь 90 МВт нэмэгдэнэ. ДЦС-III-ыг 75 МВт, Амгалан ДЦС-д мөн 75 МВт-аар хүчин чадлыг нь нэмнэ. Энэ ажлыг ойрын хугацаанд буюу 1-2 жилд хийж амжуулахгүй бол өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг давахгүй. Дорнод аймгийн ДЦС-ыг 50 МВт өргөтгөнө. Мөн төвийн бүсэд Эрдэнэт, Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөнө. Дээрх өргөтгөлүүдийг хийснээр 2023 он хүртэл хэрэглээгээ хангалттай хэмжээнд хангана. Алсдаа буюу дунд хугацааны таван жилд баруун бүсэд 100 МВт, Алтай Улиастайд 100 МВт, төвийн бүсэд жишээлбэл, Багануурын 600 МВт станцын ажлыг эхлүүлнэ.

            -Дамжуулах шугамын өргөтгөл, шинэчлэлийн чиглэлээр ямар төсөл тусгагдсан бэ?

            -Эх үүсвэрүүдийн хэмжээнд захирагдсан дамжуулах шугамын өргөтгөлүүд хийгдэнэ. Тухайлбал, Багануур Чойрын чиглэлд 220 кВт-ийн хоёр хэлхээт шугам тавина. Дэд станцын өргөтгөл хийнэ. Цаашлаад Чойроос Сайншанд, Сайншандаас Замын-Үүд гэсэн чиглэл байгаа. Улаанбаатар Мандалговийн чиглэлд Монголд хамгийн анхны 330 кВт-ийн шугам баригдаж байна. Он гарахаас өмнө бэлэн болно. Цаашдаа Улиастай Дөргөн гэсэн чиглэлд 300 гаруй км газарт шугам барина. Мөн хамгийн том шугам нь Багануур, Чингис(Өндөрхаан), Чойбалсан чиглэлд 518 км шугамын дамжуулах шатны шугамын ажил хийгдэнэ.

            -Усан цахилгаан станцын төслүүд ямар шатандаа явж байна. Усан станцын эх үүсвэрээ хаана барих вэ?

            -Усан цахилгаан станц маш чухал. Өөрөөр хэлбэл системийн тохиргоо хийхэд хамгийн тохиромжтой, зөв байдаг. Дунд хугацааны хөтөлбөрт Эгийн голын 315 МВт усан цахилгаан станцыг эхлүүлэх хөтөлбөр орсон. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ойролцоо Ховд голд 100 хүртэл МВт-ын усан цахилгаан станцыг барьж эхлүүлнэ. Энэ төслийн хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдсэн. Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдаж байна. Эхний ээлжинд дээрх станцуудыг барихаар төлөвлөсөн.

            -Олон жил яригдаж буй Шивээ-Овоогийн нүүрсний уурхайu түшиглэж, том чадлын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох талаар дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

            -Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн энэ төсөл 11 дэх жилдээ яригдаж байна. Маш чухал ач холбогдолтой төсөл. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болох зорилтын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэсэн төсөл хэрэгжиж байгаа. Нийтдээ 5400 МВт буюу өнөөдрийн суурилагдсан хүчин чадлаас тав дахин илүү том станц барьж, 660 кВт-ийн өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамаар  Шивээ-Овоогоос урд хөршийн Тяньжинь хүртэл 1000 гаруй км газарт эрчим хүч дамжуулна. Энэ төсөлд станцын, уурхайн, байгаль орчинд нөлөөлөх байдлын, өндөр хүчдэлийн шугамын гээд дөрвөн ТЭЗҮ хийгдсэн. Энэ төслийн ажил эхэлсэн эрчимтэй үргэлжилж байна.

            -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 10 аймгийн төвд дулааны станц барина гэж тусгагдсан. Энэ ажил ямар түвшинд явж байна?

            -Хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа хэдий ч зарим аймгийн төвд хэрэглээний халуун ус байхгүй. Халуун усанд ороход хүндрэлтэй ийм байдал байгаа. Нэр бүхий 10 аймагт ДЦС нэн яаралтай барих ажлыг Засгийн газраас эрчимжүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн. БНСУ-ын “Эгзим” банкнаас 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд хүүгүй, жилийн 0.15 буюу бараг хүүгүй зээл 148 сая гаруй ам.доллар авна. Энэ мөнгөөр арван аймгийн заримд нь 20, бусдад нь 35 нийтдээ 225 кВт/ккал чадалтай станц барина.

             Түүнчлэн дулаан дамжуулах 88 төв байгуулна. Дулааны станц, төв хооронд холбосон дулаан дамжуулах шугам хамт хийнэ. Дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх шугамыг Засгийн газар өөрийн нөөцөөр хийхээр болсон. Энэ ажил 10 аймгийн иргэд хүлээж байгаа, Засгийн газраас байнга шаарддаг бүтээн байгуулалт. Энэ төслийн ТЭЗҮ боловсрогдсон. Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ нь дэмжигдсэн. Саяхан БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох зээлийг дэмжсэн шийдвэр гаргасан. Одоо хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр хийгдэнэ. Дараагаар нь ажил эхэлнэ.

             Мөн эл бүтээн байгуулалтын Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг эрчимтэй хийж байна. Ирэх оны эхний улиралд дуусна. Дараагаар нь зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт БНСУ-ын компаниудын дунд явагдана. Зөвлөх үйлчилгээний компани 10 аймгийн зураг төслийг хийхээс гадна дуусан дуустал техник хяналт тавина. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримт боловсруулна. Дараа нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдана. Уг бүтээн байгуулалтыг 2020 оны 6-7 дугаар сард дуусгахаар шахаж ажиллаж байгаа.

           -Та саяхан Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо хамтын ажиллагааны хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Энэ санаачилгад Монгол Улс ямар байр суурьтай нэгдэж, ямар боломж эрэлхийлж байна вэ?

              -Зүүн хойд Азийн хүрээнд судалгаа хийхэд сүүлийн арван жилд эрчим хүчний хэрэглээ нь 43 хувиар өссөн байна. 2040 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. Зарим улсад нар мандаж байхад, заримд нь нар жаргаж байдаг. Зарим газар салхитай байхад, нөгөөд нь цаг агаар тогтуун байна. Дэлхийн санхүүгийн байгууллага болон том банкууд уламжлалт буюу нүүрсээр ажилладаг эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон. Тэгэхээр боломж сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхин станцад гарч байна. Ярианаасаа халиад нэг сонин зүйлийг хэлэхэд, 20 орчим жилийн өмнө Лодонгийн Түдэв гуай Монголд асар их нөөц байна. Тухайлбал, нар, салхийг “аргамжиж”, мөнгө хийе гэж ярьж байсан. Өнөөдөр энэ яриа бодит ажил болж байгааг Л.Түдэв гуай хараад баярлах байх. Энэ яриа бодит болж эхэлж байна. Азийн супер сүлжээ санаачилга Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон таван орны хооронд хэрэгжиж байгаа. Энэ уулзалтын механизмыг бид Азийн супер сүлжээ, Зүүн хойд Ази буюу Улаанбаатарын түншлэлээр эхлүүлсэн. Улаанбаатар гурван удаагийн арга хэмжээ болсон. БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-д хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд олон асуудал бий. Бидний хүлээж буй хамгийн чухал үр дүн бол анх удаагаа дээрх таван орны хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр европын эрчим хүчний хамгийн том Франц компани ерөнхий гүйцэтгэгчээр, туслан гүйцэтгэгчээр  БНХАУ-ын эрчим хүчний 80 хувиа барьдаг том компани, мөн ОХУ, БНСУ, Монголоос “Новатериа” компани оролцоод судалгаа хийж байгаа. Энэ судалгааны үр дүнд Монгол Улсад олон зүйл тодорхой болно. Тухайлбал, нар салхины эрчим хүчний нөөц яг хэдий хэрийн гэдгийг хамгийн сүүлийн аргачлалаар бодоод, тусгай хамгаалалттай болон дархан цаазтай, талхлагдсан газар нутгаа хасаад тодорхой хариу гарч ирнэ. Энэ үр дүн бидэнд маш чухал. Мөн эх үүсвэрүүдээ хаана барих вэ гэдэг байршлаа тогтооно. Үүнээс хамгийн чухал нь горимын тооцоо туршиж үзэх юм.

Горимын тооцоо турших гэдэг нь Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ таван орны сүлжээг хялбаршуулсан модел байдлаар багтаасан горимын тооцоо гаргана. Хэт том хүчин чадалтай эх үүсвэрүүдээ, хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамаар хооронд нь холбож горим, статик, динамикийн тогтворжилтын тооцоог яг бодит байдал дээр шалгана гэсэн үг.

               -Монгол Улс нар, салхины эрчим хүч ашигламаар байна?

              -Монгол орон юугаараа баян бэ гэхээр хоёр том давуу тал байгаа. Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг их анхаарч сонирхож байгаа нь миний харж байгаагаар нэгдүгээрт, Анхдагч эрчим хүчний эх үүсвэртэй. Жишээлбэл, нүүрс, нар, салхины эрчим хүч. Нөгөө талаар дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч ОХУ, БНХАУ хоёр улстай газар зүйн байршлын хувьд ойрхон.

              -Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж, цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танай салбарынханд ажлын амжилт хүсье.

              -Баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Т.Гантулга: Тэг зогсолттой холбоотой захирал, ерөнхий инженер зургаан хүнд хариуцлага тооцож, чөлөөлсөн  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй