Шууд Chart

МҮОНРТ сонгодог урлагийн жүжиг, дуурь, тоглолтыг цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүргэнэ

2019-04-18 16:15:26

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үндэсний сонгодог урлагийн театруудын дуурь, жүжиг, концерт зэрэг том хэмжээний бүтээлийг олон нийтэд цэнхэр дэлгэцээр хүргэх гэрээг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай байгууллаа. Тодруулбал, эл гэрээ хэрэгжсэнээр МҮОНРТ Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Хүүхэлдэйн театрын тайзны 1-2 бүтээлийг бичиж авч, дижитал хэлбэрээр “Алтан сан хөмрөг”-төө хадгалахаас гадна цэнхэр дэлгэцээр үзэгч олон түмэнд хүргэх юм.

Гэрээ байгуулах арга хэмжээнд театр, урлагийн байгууллагуудыг төлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамьяндагва, Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Давааням, Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн О.Батхуяг, Олон нийттэй харилцах, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн У.Одонтуяа,  Улсын филармонийн Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг нарын хүн оролцлоо. Харин МҮОНРТ-ээс Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг, Соёл, урлагийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий продюсер Т.Амармэнд, Түүх уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцын зөвлөх редактор, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк тэргүүтэй уран бүтээлч оролцов.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тайзны бүтээлийг дэлгэцийн бүтээл болгон олон нийтэд цацахын тулд театрын зарим техник хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж болоод тухайн бүтээлийн оюуны өмчийн асуудал, менежментийн гэрээний зүйл заалтуудад онцгой анхаарахыг холбогдох байгууллагуудаас хүслээ. Мөн МҮОНТ HD форматад бүрэн шилжсэн учир дээрх уран бүтээлүүд дижитал хэлбэрээр “Алтан фонд”, архивт хадгалагдана гэдгийг хэлэв. Нөгөө талаас Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат сонгогдсон бүтээлүүд МҮОНРТ-ийн “Алтан сан хөмрөг”-т хадгалагдах учир театрын болон телевизийн уран бүтээлчид онцгой анхаарал хандуулж, хичээж ажиллах ёстойг хэлж байв.

Ийн тус гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийг төлөөлж, Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурлаа.

 Урлаг бол аугаа их шинжлэх ухаан

 

Энэ арга хэмжээний дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтарч мэргэжлийн урлагийн байгууллагуудын үндэсний хэмжээний сонгодог жүжиг, дуурь, том хэмжээний бүтээлийг цэнхэр дэлгэцээрээ олон түмэнд хүргэх, МҮОНРТ-ийн “Алтан фонд”-д хадгалж үлдэх гэрээ байгуулсандаа баяртай байна. Урлагийн зах зээл өргөжин тэлж буй өнөө үед үзэгчид сонгодог бүтээлийг цэнхэр дэлгэцээр үнэ төлбөргүй үзэх боломж бий боллоо. Сүүлийн 20 жил урлагийн байгууллагууд бие дааж, олон хувь продакшнууд шинээр байгуулагдсан. Тэр бүх байгууллагууд том хэмжээний тоглолт, бүтээлээ МҮОНТ-д үнэ төлбөргүй бичүүлж байсан тохиолдол маш цөөхөн. Манай телевиз урлагийн байгууллагуудын тэмдэглэлт баярын концертыг бичиж, олон түмэндээ хүргэж байсан. Харин сонгодог, бүрэн хэмжээний том бүтээл тоглогдоход нь бичиж авч, хадгалж үлдэж чадаагүй. Тиймээс өнөөдрийн гэрээ хийгдсэнээр сонгодог, том хэмжээний маш олон бүтээлийг дижитал хэлбэрээр архивдаа, “Алтан сан хөмрөг”-төө хадгалж, үзэгчдэдээ хүргэж чадахаар боллоо” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мөн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамьяндагва “Телевизээр урлаг, тэр дундаа сонгодог урлаг нэвтрүүлдэг цаг багассан. МҮОНРТ сонгодог урлагийн дуурь, жүжиг, концерт тоглолтуудыг үзэгч олон түмэнд цэнхэр дэлгэцээр хүргэх гэрээ байгуулж байгаад баяртай байна. . Гэтэл сонгодог урлаг гэдэг агуу шинжлэх ухааны талаар ярьдаг хэлдэг, дэмждэг хүн цөөрч буй энэ үед цаг үеээ олсон маш зөв зүйтэй ажил хэрэг, гэрээ бий боллоо. Урлаг дотроо ардын, цэнгээний, сонгодог гэж хуваагддаг. Хүүхэд багаасаа ардын урлагаар сайн хүн болж хүмүүждэг. Сонгодог урлаг бол гэгээрүүлэх урлаг байдаг. Тэгвэл МҮОНРТ сонгодог урлагийн үндэсний хэмжээний бүтээлээ ард түмэнд хүргэхээр болж байгаад баярлаж байна” гэсэн юм.

Дараа нь Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Нийгмийн хариуцлагаа биелүүлж, соёлын тухай Төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа МҮОНРТ-ийн хамт олонд маш их баярлаж байна. Нийгмийг соён гэгээрүүлэх ажил, телевиз, медиа урлагаар дамжиж маш хүчтэй хүрдэг. Үндэсний сонгодог урлагийн театруудын нарийн нандин ахин давтагдашгүй бүтээлүүдийг хадгалах, эдгээр бүтээлийг туурвисан алдартнуудаас амьд сэрүүнд нь тэдний сургаал үг, дурсамжийг нь яриулж, хадгалж үлдээх, Монгол орныхоо дөрвөн зүг найман зохист, гаднын оронд байгаа үзэгчдэд үндэснийхээ өндөр өв соёлоос бий болсон сонгодог бүтээлийг үзүүлэх, хүргэхээр мөнхийн завгүй явдаг театр, телевизийн уран бүтээлчид хамтарч ажиллах гэрээ хийсэнд баярлаж байна” гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ сонгодог урлагийн жүжиг, дуурь, тоглолтыг цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүргэнэ  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
76 [127.0.0.xxx] 2019-04-19 19:16
Монголын үндэсний телевизээр сүүлийн үед маш их хятад кинонууд гарч байна. Ямар шаардлага байнаа. Биднийг соёлын болон бүх талаар хятадлаг болгож байна
Зочин [127.0.0.xxx] 2019-06-14 17:31
chi betii hutsaa

Бидэнтэй нэгдээрэй