Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (хөнгөн галт тэрэг-LRT)” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Трам төслийн 2 шугамын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан дууссан бөгөөд төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн. Хоёрдугаар шугамын хувьд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөсөн. Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэхээр тооцоолсон байдаг.
Хот төлөвлөлтийн үүднээс авч үзвэл трамвайн системийг хөгжүүлэх нь хотын дэд бүтцийг илүү оновчтой зохион байгуулж, нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлт, хөгжлийг дэмжих замаар Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх ач холбогдолтой. Трамвайн шугам, зогсоолыг түшиглэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд хөгжиж, ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө бий болно. Мөн нийтийн тээврийн бусад төрлүүдтэй уялдсан нэгдсэн сүлжээ бүрэлдэж, иргэдийн зорчих хугацаа хэмнэгдэнэ.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулдаггүй, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл юм. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжин үйлчлүүлэх нь замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Энэ нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцож үзэхэд, нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахад 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууныг зөвхөн түгжрэлд алддаг бол Трамвайн төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446.0 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан байдаг.
Иймд "Улаанбаатар трам" төсөл нь иргэдийн зорчих хугацааг богиносгож, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртгийг бууруулан, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох стратегийн ач холбогдолтой төсөл юм.
| “Улаанбаатар трам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх боломжтой болно | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.