Шууд Chart

АИ-92 авсан 7000 гаруй иргэн тухайн өдрөө дахин дараалалд оржээ

2026-08-07 08:03:28

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Шуурхай штабын 2026 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хурлаар холбогдох байгууллагууд ажлын үр дүнгээ танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгчээ.

Наймдугаар сарын 5-ны өдөр шатахуун түгээх станцуудаас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй иргэн тухайн өдрөө дахин дараалалд орсон байна.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор АИ-92 автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн хоёр хоногт ШТС-уудын автомашины дараалал хоёр дахин буурчээ.

Одоогоор дизель түлшийг хэвийн олгож байгаа бол АИ-92 автобензиний борлуулалтад хяналт тавьж байна. Шуурхай штабын шийдвэрийн дагуу 100 ШТС АИ-92 автобензинийг нэг удаад 50 мянган төгрөгийн хязгаарлалттай олгож байгаа аж.

Харин уг зохицуулалтыг мөрдөөгүй долоон ШТС АИ-92 автобензинийг хязгаарлалтгүй борлуулсан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ.

Эдгээр ШТС-д торгууль ногдуулах, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулсан байна.

Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, төр засагтай хамтран ажиллахыг сануулжээ. ШТС-ууд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулж, шатахууныг нэг бус бүх түгээгүүрээр олгон, автомашины дарааллыг богино хугацаанд бууруулах үүрэг өгсөн байна.

Монополын эсрэг газарт шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг чиглэл өгчээ.

Хоёр хоногт 6360 тонн АИ-92 автобензин импортолжээ

Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6360 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн байна. Үүн дээр ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 33 вагон буюу 1980 тонн АИ-92 автобензин нэмж оруулж ирэхээр төлөвлөжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яамыг эрчимтэй ажиллахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам хамтран ажиллахаар болжээ. БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байна.

 
 
 
 

АИ-92 авсан 7000 гаруй иргэн тухайн өдрөө дахин дараалалд оржээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй