Шууд Chart

ОХУ-д болсон “Тунгалаг харц” кино наадамд Монгол хүүхдүүд анх удаа оролцлоо

2019-05-04 16:59:55

Хойд хөршийн Эрхүү мужийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, шинжлэх ухаан, соёлын яам, Монгол-ОХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан Залуучуудын бодлого, экологи, соёл шинжлэх ухаан, урлаг, спортын хамтын ажиллагааны нөөцийн төв(Байкалын Их Сургууль), С.А.Герасимовын нэрэмжит Бүх Оросын Кино Урлагийн Их Сургуулийн Эрхүү хот дахь салбар(ВГИК), Хүүхдийн уран бүтээл, нэмэлт боловсролыг дэмжигч сангууд болон залуу криэйторчуудын уран бүтээлийн нэгдэл, Дархан цаазат Байгаль нуурын бүс нутаг хамгааллын олон улсын экологийн сан зэрэг төр болон төрийн бус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулагдсан “Чистый взгляд” буюу “Тунгалаг харц” кино наадам энэ долоо хоногт ОХУ-ын Байгаль нуурын хөвөөнөө зохион байгуулагдаа.

Хүүхдийн дэлгэцийн уран бүтээлийг дэмжих, аудио-видео болон кино сонирхогч хүүхдүүд, тэдэнтэй хамтран ажиллаж, зааж сургадаг мэргэжлийн багш нарт дадал чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, хүүхдийн дэлгэцийн урлагийн олон улсын нийгэмлэгийг байгуулах зорилготой тус наадамд гар утас, сонирхогчийн дүрс бичлэгийн камер, зургийн аппарат ашиглан бичлэг хийх сонирхолтой 5-17 насны 150 орчим хүүхэд оролцсон.

Тухайлбал, МҮОНТ-ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцын дэргэдэх Өсвөр насныханд зориулсан "12&15" нэвтрүүлгийн уран бүтээлч хүүхдүүдийн хоёр бүтээл, Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн орос хэлний дугуйлангийн 16 настай хоёр сурагч бүтээлээ илгээсэн юм.

Дээрх уралдааны оролцогч 18 монгол хүүхэд ОХУ-ын Эрхүү мужид очсон даруйдаа Эрхүүгийн түүхийн музейн салбар музейгээр зочилж, үзмэр үйл ажиллагаатай нь танилцав. Мөн тус музейн удирдлага, ажилтнууд хойд хөршийн Улаан өндөгний баяр тохиож байгаатай холбоотой монгол хүүхдүүдэд өөрийн орны ёс заншил, уламжлал, бүжиг наадгай, дуу хөгжмийг сурталчилсан тоглоом тоглуулж, гар урлалын эд зүйл урлуулав.

 

Байкаль экологи, театр, киноны "Тунгалаг харц" кино наадам энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан. Өмнө нь хойд хөршийн хэмжээнд болсон тус наадамд энэ онд гадны орны хүүхдүүд бүтээлээ илгээсэн учир оролцогчид болон хамрах хүрээгээ өргөтгөн олон улсын кино наадам болсон юм. Тус наадамд оролцогч хүүхдүүд ОХУ-ын Ангарск хот руу явах замд байрлах “Галактика” зусланд гурав хоног байрлаж, мастер-класс буюу мэргэжлийн онол-дадлагын сургалтад хамрагдахын зэрэгцээ 8-9 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найман багт хуваагдан богино хэмжээний бүтээлүүд хийсэн.

Дээрх сургалтад болон Байкаль экологи, театр, киноны "Тунгалаг харц" олон улсын кино наадамд Монголын багаас тус наадамд оролцогч 18 хүүхэд болон МҮОНТ-ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцийн найруулагч Ө.Алтансэрээ, редактор Г.Баянжаргал, ГХХ-ын мэргэжилтэн О.Анударь, Булган аймгийн Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Баярманлай нар хамрагдлаа.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОХУ-д болсон “Тунгалаг харц” кино наадамд Монгол хүүхдүүд анх удаа оролцлоо  
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй