Шууд Chart

ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах журмыг хэрэгжүүлэх зөвлөмж

2019-07-04 13:31:10

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдын 2019 оны А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах”/ цаашид сургууль/ гэх журмыг батлан гаргасан. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Нэг. Журмын 2 дахь заалтын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллана. Үүнд:

 

  • Сургууль нь хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн /уян хатан сургалтын бодлого, хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө[1], хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийг дэмжих багшлахуй, мэдээллийн технологийг ашиглах, сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүн[2]-ийг бэлтгэх, хүүхдэд учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх/, хүртээмжтэй, чанартай, адил тэгш боломжийг олгоно.
  • Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад таатай орчин, хариуцлагыг бий болгож, хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна.
  • Сургуульд тэгш хамран сургах боловсролыг дэмжих идэвхтэй үйл ажиллагааны мэргэжлийн “Дэмжлэгийн баг", тохируулгат сургалтын орчинг бий болгож, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн эргэх холбоог сайжруулж ажиллана.

Хоёр. Журмын 3 дахь заалтын хүрээнд дараах асуудлыг анхаарч ажиллана. Үүнд:

 

  • Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах, хүүхдэд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, адил тэгш, чанартай боловсрол олгох ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүргийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Боловсролын газар, хэлтэс, сургуулийн захирал хүлээнэ.
  • Сургууль нь жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тухайн орон нутагт ажиллаж байгаа нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан зааврын дагуу сум, хорооны “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-тэй хамтарч ажиллана[3]гэсэн журмын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах асуудлыг заавал тусгаж, хэрэгжүүлж ажиллана.
  • Зөвлөл нь тухайн орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, мэдээллийг гаргах, сургуульд хамруулах ажлыг төлөвлөн, зохион байгуулж ажиллана. Зөвлөлөөс харьяа нутаг дэвсгэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийг  /эмнэлгийн онош, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэг, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр/ хүүхдийн суралцах харьяаллын сургуулийн захиргаанд 6-аас доошгүй сарын өмнөөс албан ёсоор мэдэгдэж, сургууль, эцэг эх, асран хамгаалагч нарын уулзалтыг зохион байгуулсан байх шаардлагатай. Зөвлөлийн гишүүд сургуультай хамтран ажиллана.
  • Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Боловсролын газар, хэлтсүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах ажлыг дэмжиж ажиллана.
  • “Дэмжлэгийн баг” /сургууль дундын байж болно/-ийг сургуулийн захирлын тушаалаар байгуулж, ажиллах хүний тоо нь тухайн сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, орон нутгийн онцлог, мэргэжилтний нөөц, сургалтын орчин, хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд тулгуурлан ажиллана.
  • “Дэмжлэгийн баг”-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь тухайн хүүхдийн хөгжих,  сурахад шаардлагатай сургалтын хөтөлбөр /ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, ерөнхий болон засан сайжруулах хичээлийн агуулгыг тодорхойлох/, хүүхдийн хэрэгцээнд суурилсан ялгаатай хичээл, судлагдахууныг сонгон судлах асуудлыг сургуулийн зөвлөлд оруулах, сурах бичиг, гарын авлага, аудио, видео, брайл хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, багш, эцэг эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, багшийн арга зүйг тасралтгүй хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн эерэг хандлага, нөлөөллийг дэмжих, хүүхдийн аюулгүй, саадгүй, хүндрэл бэрхшээлгүй сурч, хөгжих тохируулгат хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг бүрдүүлэхэд оршино.
  • Шаардлагатай тохиолдолд “Дэмжлэгийн баг”-т тухайн орон нутгийн эмнэлэг, нийгмийн хамгааллын мэргэжилтэн цагаар ажиллаж болно.
  • Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй байна.

 Гурав. Журмын 4 дэх заалтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

 

  • Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэхдээ тухайн хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт, аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг оношилсон  комиссын шийдвэр эсвэл эмнэлгийн байгууллагын онош, согог зүйч, хэл засалч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйчийн дүгнэлтийг /тухайн орон нутагт согог зүйч, хэл засалч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч байхгүй тохиолдолд холбогдох эмнэлэг, боловсролын байгууллагын мэргэжилтний дүгнэлт/-ийг үндэслэн, хамран сургах тойргийн харьяаллын сургуульд суралцуулна.
  • Сургуульд тэгш хамран сургахдаа хүүхдийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан комиссын дүгнэлтийг үндэслэн засан сайжруулах нэмэлт сургалтыг /хэл засал, хөдөлгөөн засал, өөртөө үйлчлэх, нийгэм ахуйн баримжааны сургалт, брайл үсэг, орон зайн баримжааны сургалт, дохионы хэл/ зохион байгуулж болно.
  • Хэрвээ орон нутагт тухайн мэргэжилтний дутагдалтайгаас шалтгаалан дээрх сургалтад хүүхэд хамрагдах боломжгүй тохиолдолд орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хүсэлт гаргаж, мэргэжилтэн урьж, зөвлөн туслах үйлчилгээ авч ажиллаж болно.
  • Нэмэлт сургалтыг ганцаарчилсан болон бүлгээр /2-5 хүүхэд/ хичээлийн бус цагаар зориулалтын анги, кабинетад зохион байгуулна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд тэгш хамран сургахад дараах сургалтын хэлбэрүүдийг орон нутгийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр сонгож болно. Үүнд:
  • Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран суралцах нөхцөлд анги дүүргэлтийн нормативт тоог баримтлах /одоогийн байдлаар Улаанбаатар хотод нэн хүндрэлтэй байгаа/, хүүхдийн чадвар алдалтаас хамаарч тусгай хэрэгцээт боловсролын багш болон туслах багшийг ажиллуулах эсэх асуудлыг сургуулийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, орон тоо, цалин хөлсний асуудлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагад хүсэлт тавьж  шийдвэрлүүлэх ажлыг санаачилж ажиллана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуулиас ердийн сургуульд шилжин суралцах, ердийн сургуулиас тусгай сургуульд шилжин суралцах сонголтыг хүндэтгэн шийдвэрлэнэ.
  • Сургуульд тэгш хамран суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөрөөр хичээллэсэн тохиолдолд “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”[4]-ын 3.15 дахь заалт,  ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэсэн тохиолдолд 3.16 дахь заалтыг үндэслэн үнэлнэ.

Нэмэлт дэмжлэггүйгээр ердийн ангид суралцах,

  • Нэмэлт дэмжлэгтэйгээр /засан сайжруулах хичээлд хамрагдах/ ердийн ангид суралцах,
  • Хүүхдийн эрүүл мэндийн байдлаас хамаарч богино хугацааны хичээлийн хувилбараар ердийн ангид суралцах

 Дөрөв. Журмын 5 дахь заалтын Санхүүжилтийн асуудлаар:

 

  • “Сургууль нь төсвийн төлөвлөлт хийхдээ суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг Засгийн газраас баталсан журмын[5] дагуу нэг суралцагчийн хувьсах зардлын нормативыг 3 дахин нэмэгдүүлж тооцно/ гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд сургууль нь тухайн хичээлийн жилд шинээр элссэн буюу суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог Боловсролын удирдлагын  мэдээллийн санд оруулж, баталгаажуулна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн урамшууллыг сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна. Тухайн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах шаардлага гарвал хөдөлмөрийн гэрээнд нэмэлт заалтыг оруулж болно.

-----000-----

[1]БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаал “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар,  боловсруулах аргачлал батлах тухай”

[2]МУ-ын хууль. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 4.1.3

[3]БСШУС-ын сайдын 2019 оны А/292 тушаал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам”

[4]БСШУС-ын сайдын 2018 оны А/425 тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”

[5]Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоол “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-ын 4 дүгээр хавсралт 3.3 дахь хэсэг

Эх сурвалж: БСШУСЯ


ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах журмыг хэрэгжүүлэх зөвлөмж   
Үзсэн: 9156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй