
“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Аравт” уралдаан эхэллээ. Шүүгчид бэлэн үү?
-Бэлэн. “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийд ийм төрлийн тэмцээн явагдаж байсан түүхийг мэдэхгүй. Дэлхийн орнуудад хурдан морины уралдаан явагдаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цэргийн хүний хөдөлмөрийг морин марштай хослуулсан ийм уралдаан хэзээ ч, хаана ч болж байгаагүй. Түүгээрээ маш их онцлог. Цэрэг хүн эх орноо хамгаалах ариун үүрэгтэй. Энэ үүрэгтээ морийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдгийг энэ уралдаан харуулж чадна. Техник хүрэх бололцоогүй газарт цэргийн хүнд хамгийн ойрхон туслагч нь морь байна гэдгийг энэ уралдаанаас харах боломжтой. Энэ бол нэгдүгээр онцлог. Хоёрдугаар онцлог нь “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд энэ уралдааныг зөвхөн Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулж чадна гэсэн итгэл юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд итгэл хүлээлгэж, уралдааныг зохион байгуулах санал тавьсаны дагуу 2018 онд “Аравт”-ыг Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүрээнд дотооддоо зохион байгуулсан. Уралдаан ч амжилттай явагдаж, зохион байгуулж болох юм байна гээд саналыг нь хүлээж авсан. Харин өдгөө зохион байгуулж байна. Энэ бол БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги, салбарын хамтын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн.
-Алсын зайн морин маршийн цэгүүдийн талаар мэдээлэл өгөөч?
-Уралдаан хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээрт, алсын зайн морин марш. Хоёрдугаарт, ойрын зайн холимог буухиа. Уралдаан энэ сарын 4-ний өдрөөс 130 км-ын алсын зайн морин маршаар эхэлнэ. Бид туулах замыг 130 км байна гээд санааны зоргоор зохиогоод гаргаад ирсэн юм биш. Уралдааныг төлөвлөхдөө л монгол морины туулах чадварыг давхар тооцсон. Өөрөөр хэлбэл, морь гэдэг адгуусны хүч тэнхээ, ачаалал даах чадварыг үндэслэн өдөрт 60 км гэж тооцоход хоёр өдөрт 130 км туулах бололцоотой гэж үзсэн.
-“Аравт” гэж нэрлэсний учрыг тайлбарлаж өгөөч?
-Их энгийн. Монголын ард түмэн эртнээсээ аравт, зуут, мянгат гэсэн цэргийн нэгж зохион байгуулалттай байсан юм. Үүнээс анхан шатны нэгж болох “Аравт”-аар уралдаанаа нэрлэсэн. Энэ бол тохиолдол биш түүх. "Аравт”-ын системээр явуулж байгаа энэ уралдаанд арван цэргийн алба хаагч гараанаас гарч, хамгийн эхний цэгт ус гатална. Зүгээр нэг ус гатлаад явахгүй. Усыг гатлахдаа минэжүүлсэн талбайг аюулгүй болгох даалгаврыг хамтад нь гүйцэтгэнэ. Өнгөрсөн пүрэв гарагт багуудаар энэ дасгалыг гүйцэтгүүлсэн. Бүгдээрээ сайн биелүүлж байна лээ.
-Дараагийн цэгт морь сэлгэнэ. Оролцогч орнуудад морь бугуйлдах өөрийн гэсэн онцлог байдаг байх?
-Морьтой үүрэг гүйцэтгэхийн тулд эхлээд морио барьж, хазаарлаж, эмээллэж, уналга эдэлгээнд бэлдэж чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд морь сэлгэх цэг гэж байгаа юм. Энэ цэгт баг бүрээс хоёр тамирчин морь бугуйлдана. Мэдээж бугуйл оролцогч орнуудад бүгдэд нь байдаг юм байна. Ялангуяа, ОХУ-ын багийн тува залуус бугуйлын маш өндөр соёлтой ард түмэн. Ерөнхий шүүгчийн хувьд бүх баг тамирчдыг морь бугуйлдах чадвараараа гайхагдах байх гэж харж байна.
-Хээр хоноглохоос өмнө зүг чиг заагч (GPS)-ийн тусламжтай ус, хүнсний бүтээгдэхүүн олж, хээрийн нөхцөлд гар доорх материал ашиглан хоолоо хийнэ гэсэн үү?
-Тийм ээ. Хоноглох цэг Хустайн нурууны байгалийн үзэсгэлэнт нутаг болох Молцог элс хэмээх газарт байрлаж байна. Морь, цэрэг хоёр хамтдаа үүрэг гүйцэтгэх явцдаа тахь, марал буга, аргаль зэрэг ховор амьтан болоод үзэсгэлэнтэй байгалийг харах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь тэмцээнээс гадна эх орноо сурталчлах зорилготой. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хустайн нурууны цогцолбор газрын удирдах зөвлөлд байдгийн хувьд энэ бололцоог хангахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэдгийг хэлэх ёстой. Таны хэлсэнчлэн цэргийн алба хаагчид хоноглох цэг дээр ирээд морио амрааж, зүг чиг заагчаар ус, хүнсээ олж, хээрийн нөхцөлд хоол хийж иднэ. Хоноглох газраа ч олно. Алсын зайн маршийн сүүлийн цэг нь татан гаргалт. Энэ цэгт аюултай нөхцөл байдал үүссэн газар орноос нөхрөө болон сум галт хэрэгслийг зөөх даалгавар гүйцэтгэнэ. Морьтой гүйцэтгэх бас нэг онцлог цэг нь морин дээрээс гранат шидэх даалгавар юм. Монголчууд хүүхэд байхаасаа л малаа хариулж, морин дээрээс чулуу шидэж ирсэн ард түмэн. Энэ амьдралтай ойрхон дасгал. Цэрэг хүний хувьд морьдоо ашиглаж, байлдаанд оролцох болон бусад үүргийг биелүүлэхэд бэлэн байх ёстой гэдэг утгаар нь онцлог дасгалуудыг оруулсан.
-Цаг болон гүйцэтгэлийг хэрхэн дүгнэх вэ. Оролцогчид гараанаас бариа хүртэл давхина гэж зарим үзэгч ойлгосон байж магадгүй?
-Уралдаанд түрүүлэхийн тулд 130 км замыг хамгийн богино хугацаанд туулах ёстой. Гэхдээ түрүүлнэ гээд хурдалбал морь гэмтэх, эцэх нөхцөл үүснэ. Гараанаас арвуулаа гарсан тамирчид барианд арвуулаа орж ирэх ёстой. Үүний тулд морио эзний ёсоор хайрлаж уралдаанд оролцох нь тамирчин бүрийн үүрэг юм.
-Морь амраах тусгай цэгүүд байгаа гэсэн?
-Байгаа. Холын замд морио хайрлаж байж барианд амжилттай сайн оролцоно.
-Цэгүүд дэх үүрэг гүйцэтгэл оноо цуглуулахад чухал нөлөөтэй гэсэн үг үү?
-Тийм. Цэгүүдийн шүүгч нарын дүгнэлтээр тухайн баг даалгавар гүйцэтгэх явцдаа алдсан тохиолдолд амрах хугацаа дээр минут нэмэгдэнэ. Тухайлбал, усан саад гатлахдаа хоёр удаа алдаа гаргасан тохиолдолд найман минут амрах хугацаа дээр нь нэмэгдэнэ гэсэн үг.
-Та сая торгуулийн талаар ярилаа. Шагналын оноо гэж бий юу?
-Байхгүй. Шагнал гэдэг нь торгуульгүй үүрэг гүйцэтгэвэл богино хугацаанд барианд орж ирэх үндэс болно.
-Алдсан минутаа замдаа нөхөх бололцоо байгаа болов уу?
-Тийм бололцоо байхгүй. Морио эцээсэн тохиолдолд багаараа хасагдах аюултай. Хасах дүрэм байгаа. Баг бүрт гурван сэлгээ морь өгнө. Энэ сэлгээ морийг ачаандаа ашиглах, сэлгэж унахад л зориулах ёстой. Жишээлбэл, тамирчин Болд 80 кг жинтэй гэхэд буу зэвсэг, агсамжтайгаа нийлээд 100 кг жинтэй болно. Энэ тохиолдолд холын замд их хурдалбал морь амархан эцэж ядарна шүү дээ. Харин сэлгээ тамирчин гэж байхгүй. Гараанаас гарсан үед сэлгээ тамирчин байхгүй. Бүх баг тамирчиддаа амжилт хүсье.
Д.Цог-Эрдэнэ: Морио эцээсэн тохиолдолд багаараа хасагдах аюултай | ||
Үзсэн: 1738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.