
Түүнчлэн өчигдөр Казахстан, Киргизийн баг алсын зайн маршид уралдаж, усан саад, минэжүүлсэн саад, морь сэлгэх, уналгад бэлдэх, хээрийн хоноглолт, татан гаргалт гэсэн дөрвөн цэгт үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс хоноглох цэгт тухайн орны баг тамирчид уул, хад, ой мод, бартаа саадтай газраар 38 км марш хийж, хоноглох хэсэгт хүрч, тасгийн захирагчийн шийдвэрээр хээрийн хүнсний хангалтын цэгийг олох, хооллолт болон хоноглолтыг зохион байгуулах даалгавар гүйцэтгэсэн.
Тодруулбал, тасаг хоорондоо 400 метр хүртэл зайтай байрлуулсан гурван цэгийн солбицлыг байр зүйн зурагт оруулан, луужин, байршил тодорхойлогч багаж /GPS/ ашиглан ус, түлээ, хүнсний хангалтыг гурван цэгээс олох ёстой. Хэрэв олсон бол хоолоо бэлтгэж, хамгаалалт хийж, гарын доорх материал, хүн нэг бүрийн хэрэгслээр амрах байрыг бэлтгэнэ. Энэ даалгаврыг гүйцэтгэх нийт хугацаа нэг цаг 30 минутаас ихгүй байна. Ийн хоолоо бэлдэж, хээрийн нөхцөлд майхан оромжоо барьсан гэж үзвэл даалгаврын цаг зогсож, амралтын цаг эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн тасаг тус газар оронд найман цаг амарч, дараагийн цэг рүү явах ёстой юм. Мөн энэ хугацаанд тус тасгийн нэг цэргийн алба хаагч нь агтачтай хамтран морьдоо услах, идээшлүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Хоноглох цэгийн ахлах шүүгч, хурандаа Б.Хаш-Эрдэнийн хэлснээр дээрх хоёр баг заасан хугацаанд зүг чиг заагчийг ашиглаж гурван цэгээс ус, түлээ, хангалтаа олж, хоол хүнсээ боловсруулан, майхан оромжоо барьж чаджээ. Дээр хэлсэнчлэн баг тамирчид амралтын найман цагаа дуусгаад дараагийн цэг рүү явах ёстой. Энэ нь шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхээр таарч байгаа бөгөөд цэргийн хүний тэсвэр хатуужил, ур чадвар, бэлтгэл сургуулилтыг сорьсон уралдаан болж байна.
Харин өнөөдөр дээрх хоёр баг барианд орох бөгөөд өглөө Монгол, ОХУ-ын баг тамирчид хоёр цагийн зайтай гараанаас гарсан. Үүнээс ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай, дэслэгч Т.Түмэнцэнд ахлагчтай Монгол Улсын баг тамирчид гараанаас гарч алсын зайн морин маршийн эхний даалгавар болох усан саадыг гаталж, минэжүүлсэн талбайг аюулгүй болгожээ. Тэд хоёр дахь цэг болох морь сэлгэх цэгт үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.








АРАВТ: Монголын баг морь сэлгэх цэгт үүргээ амжилттай гүйцэтгэлээ | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.