Шууд Chart

Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

2014-03-03 11:27:16

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Зөвлөлгөөнийг хааж  салбарын сайд “Бид хоёр өдрийн хугацаанд Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл хэр зэрэг хэрэгжив, энэ жилээс ямар ямар эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх вэ гээд олон асуудлыг нухацтай хэлэлцэж чадсан гэдэгт итгэж байна” гэв. Мөн зөвлөгөөнд оролцогчид, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлын зорилго чиглэлээ илүү тодорхой болгосон, шат шатны менежерүүдийг нэгдсэн бодлого чиглэл, мэдээллээр хангасан ач холбогдолтой зөвлөлгөөн болж байна” гэдгийг ч хэлж байлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, уг зөвлөгөөн хоёр өдрөөр хязгаарлагдахгүй бөгөөд жилийн турш ийм төрлийн хурлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж, тодорхой асуудлуудаа хэлэлцэж байх болно. Удирдах ажилтнуудаасаа эрүүл мэндийн ажилтны сургалтын тестийн судалгаа авч, сургалтын хөтөлбөр боловсруулна. Ирэх дөрөвдүгээр сараас удирдах ажилтнуудад зориулсан Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал, түүний эрсдэлийг удирдах, мөн эрүүл мэндийн салбарын төсвийг зөв зохистой удирдаж ажиллах чадавхийг дээшлүүлэхээр уг сургалтад хамруулахаар төлөвлөж буйг дуулгасан юм.
Зөвлөгөөнд оролцогчдоос салбарын төсөв, санхүү, бүтэц, орон тоо, ачаалал зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдаж байв. Түүнчлэн БОЭТ-үүдийн тоног төхөөрөмжийн урсгал зардал, урвалж бодис зэргийг төсөвтөө тусгаж өгөхийг хүссэн юм.
 ДЭМБ-аас дотоодын нийт бүтээгдэхүүний 5,2 хувь, төсвийн 10-12 хувийг Эрүүл мэндийн салбартаа зарцуулах тухай зөвлөмжийг гаргасан байдаг. Эрүүл мэндий сайд хэлэхдээ, “Зөвлөмжид тусгасан санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болгохын тулд бүгд нэг баг болон ажиллах, дуу хоолойгоо нэгтгэн тойргийнхоо гишүүддээ уламжилж, салбараараа бүх гишүүддээ хандая. Гишүүдээрээ дамжуулан ирэх оны төсөвт ДЭМБ-ын зөвлөмж болгосон ДНБ-ний 5,2 хувь, төсвийн 10-12 хувийг эрүүл мэндийн салбартаа батлуулахын тулд бүгдээрээ хамтарч ажиллах нь зүйтэй” гэв.  Ингэснээр Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй орон тоогоо санхүүжүүлж чаддаггүй, цалин нэмэгддэггүй, тоног төхөөрөмжөө авч чаддаггүй гэх мэт асуудлаас гарах боломжтой аж.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулна   
Үзсэн: 1334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй