
“Монголчууд Америкт” номыг зохиогч, сэтгүүлч Гомбосүрэнгийн Галбадрах “Америкаар 10000 мянган бээр” телевизийн төсөл хэрэгжүүлж байгаа. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Америкийн “Үндэсний парк”-уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ-д санал болгосныг Ерөнхий захирал Л.Нинжжамц дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ-ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ-ын “Үндэсний парк”-уудаар аялан, нийтдээ найман дугаарын зураг авалт хийлээ.
- Аялал жуулчлалын олон улсын болон АНУ ын стандартуудын талаар дараах таван ойлголтод багтаан олон нийтэд хүргэхээр зорив. Үүнд:
- Аялал жуулчлалын үйлчилгээний талаар \Бие засах газар, хогийн сав, бэлэг дурсгалын дэлгүүр, хоол хүнсний үйлчилгээ\
- Аялагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар
- Аялагчдад аялал жуулчлалаар дамжуулан боловсрол хэрхэн олгодог талаар
- Байгаль болон амьтадаа хэрхэн хамгаалж онгон дагшинаар нь хамгаалж байгаа талаар
- Аялал жуулчлалын салбарын менежмэнт хийгээд санхүүжилтийн талаар
- Аялах соёл болоод ѳѳрийгѳѳ аялалд хэрхэн бэлтгэж, ая тухтай амрах боломжийн талаар ѳѳрсѳдѳѳ үлгэрлэн үзүүлэхийг хичээв
- АНУ д ажиллаж амьдарч буй монголчууд болон Монголоос Америкт аялахаар ирж буй аялагчдад хандан “Та нар нэгэнт мѳнгѳѳ зарцуулан аялахаар шийдсэн бол хамгийн гайхалтай, алдартай “Үндэсний парк”-уудыг зорин ирж үзээч” хэмээн санал болгож байгаа юм. Бид судалсан судалгаа, хуримтлуулсан туршлагууд дээр тулгуурлан “Шинэч” сэтгүүлийн нэг дугаарыг аялал жуулчалд зориулан гаргахаар бэлтгэж байгаа болно.
- Монголд аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хѳгжүүлэхэд хэрэг болох авто замын тэмдэглэгээ, аймгуудын хязгаарын самбарууд, замын хажуугийн бие засах газар, зам дагуух үйлчилгээ, майхантай хонож болох газрууд зэрэг дэд бүтэцтэй холбоотой стандартуудыг тусад нь үзүүлэхээр бэлтгэв.
Энэ ТВ тѳслийг бэлтгэж явахдаа бид нэгэн зүйлийг сайтар ойлгосон юм. Хэрвээ бид жилдээ нэг саяас доошгүй жуулчин хүлээж авахаар тѳлѳвлѳж байгаа бол, нэг сая жуулчинд хүртээмжтэй бие засах газар, хогийн сав, дэд бүтэц байна уу? гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Аялал жуулчлалын салбарын “амин сүнс” гэж хэлж болох энэ гурван асуудлыг шийдэхгүйгээр сэтгэлийн хѳѳрлѳѳр “хэдэн сая жуулчин авна” гэж хэлж байгаа нь “худлаа амлалт”. Монголчууд бид зуны дэлгэр цагт эх орныхоо байгалын үзэсгэлэнт газруудаар олноороо аялж байгаа нь дотоодын аялал жуулчлалыг хѳгжүүлэх сайхан боломж мѳн боловч дараах сѳрѳг асуудалд анхааралтай хандахгүй байна.
- Аялалын улиралд автомашины ослоор хичнээн хүн амь насаа алдаж буйд
- Аялагчид дурын газраа сонгон хээр хонож байгаагаас байгаль орчноо яаж бохирдуулан сүйтгэж, хэдий хэмжээний хог хаягдалыг задгай хаяж буйд
- Аялж байгаа шалтгаанаар архидан согтуурсны улмаас хичнээн хүн голын усанд унаж амь насаа алдсан, гал алдасны улмаас хичнээн түймэр гарч хээр тал, ой мод шатаасан үйлдэлд
- Гадаадын болон дотоодын хичнээн аялагчид аюулгүй байдлыг нь хангаагүйн улмаас эрсдэлд орж буйд
Аялал жуулчлалын хѳгжилд нѳлѳѳлж байгаа сайн сайхан тѳслүүдийн хажуугаар замбараагүй байдлаасаа шалтгаалан олон хүний амь нас, байгалын хохирлоор тѳлѳѳс тѳлж боломгүй. Бидний энэ тѳслѳѳс “авахыг нь авч хаяхыг нь хаяж” байж нүүдэлчин уламжлалтай, аугаа түүх нь дэлхийд “бренд” болсон Монгол оронд минь ѳвѳрмѳц онцлогтой аялал жуулчлал хѳгжинѳ гэж бид тооцож байгаа юм.
…Миний хувьд “Америкийн үндэсний парк”- уудын ихэнхээр нь 3 аас доошгүй удаа аялсан байлаа. Сая, үзээгүй заримыг зорьж очин үзсэнээр үндсэндээ нилээд мэдлэгтэй болов. Багийн гишүүн Б.Батбямбыг энэ аялалаас сарын ѳмнѳ судалгааны аялал хийлгэснээр бид нилээд сайн мэдээлэлтэй болсон билээ. Энэ бүхнийгээ та нартай хуваалцахын тулд бид “Шинэч” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлтгэн та нарт хүргэнэ. Үүнд
- Америкийн хэмжээнд 5 -10 хоногт багтаан гэр бүлээрээ автомашинаар аялаж болох зургаан маршрутыг сонгон бэлтгэж бүх мэдээллийг \хоорондын зай, замд хонож болох газрууд, очоод юу үзэж болох болон бусад мэдээллүүд\ бэлтгэн оруулна. Энэ мэдээллүүдийг нэгтгэн маршрут тус бүрд нь гар утасны апплейкэйшн бүтээх талаар бид судалж байгаа юм.
- Америкийн “Үндэсний парк” болох “Niagara Falls”, “Mount Rushmore”, “Graze Horse”, “Rocky Mountains”, “Arches”, “Yellov Stone”, “Shasta Mountain”, “Crater Lake”, “Yosemite”, “Grand Canion”, “Zion” зэрэг паркын танилцуулга, фото зургууд болон бусад мэдээллийг оруулна
- Аялалд хэрхэн бэлтгэх, гарч болох эрсдэлүүд болон анхаарч мэдэж байвал зохих жижиг асуудлаар зѳвлѳмж болгон оруулна. Энэ нь таныг аялж сурах, аяллын соёлтой болоход тань туслах болно.
Америкаар аялахад эдгээр мэдээллүүд танд хэрэг болно хэмээн бид тооцож байгаа юм. АНУ-д байгаа болон Монголоос Америкт ирж аялах хүсэлтэй хүмүүст бид зѳвлѳлгѳѳ ѳгч, эсвэл аялалыг тань зохион байгуулж туслах боломжтой гэдгээ дуулгахад таатай байна.
“Хаяанаасаа холдож үзээгүй хүний бодол нь босгоо давдаггүй”
Аялал үнэхээр гайхалтай цаг хугацаа хийгээд орон зай. Аялж явахдаа хүн ѳѳрийн “ѳчүүхэн” гэдгийг маш сайн мэдэрч, нүдний мэлмий нь нээгдэж, оюун бодол нь тэлж задардаг. Хамт аялж явахад хүний мѳн чанар “нүцгэн үнэн”-ээрээ мэдрэгддэг. Бие биедээ хандаж буй хандлага, хайрлаж буй хайр, халамжилж буй халамж яг л тод харагдана. Манай багийнхан хамт аялсан сар гаруй хугацаандаа зѳндѳѳ сайдаж, муудалцсан. Бие биенээ бараг мэдэхгүй, танихгүй хүн сар гаруйн дараа дотно найз, нѳхѳд болон ээнэгшинэ. Нэгэн зорилгын тѳлѳѳ бие биенээ таньж, хэн нэгний ааш араншинг хүлцэн тэвчиж, тодорхойгүй байгаа асуудлаа ярьж ойлголцоно гэдэг амаргүй. Том зорилгын дэргэд энэ мэт асуудлууд жижиг байдаг гэдгийг хүн бүхэн ухаарсан байх. Бидний нѳхѳрлѳл хамтын ажиллагааны үр дүн нь энэ нэвтрүүлгүүд болон сэтгүүл, бас мэдээллүүд байх болно. Бид энэ багаараа энэ тѳслүүдээ “Солонгосоор … бээр”, “Японоор … бээр”, “Туркээр … бээр”, “Европоор …бээр” гэхчилэн олон орноор үргэжлүүлэн хийх хүсэлтэй байгаа. Бидэнд туршлага, бас сэтгэл, итгэл, нѳхѳрлѳл байгаа болохоор биднийг дэмжин хамтран ажиллах хүсэл, боломжтой хүмүүс байгууллагуудад нээлттэй байх болно. Аялна гэдэг ямар сайхан гээч! Чи энэ ертѳнцѳд яах гэж ирсэнээ, ѳѳрийнхѳѳ “хэн” гэдгээ жинхэнээр нь мэдрэхэд тань аялал тусална” хэмээжээ.





Г.Галбадрах: Хаяанаасаа холдож үзээгүй хүний бодол босгоо давдаггүй | ||
Үзсэн: 6231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.