Шууд Chart

Ээждээ бичих захидал №29

2014-03-03 15:10:00

Ээжийн охин С.Оюун-эрдэнэ
Хэнтий салбар Харилцааны менежер

Мөнх хөх тэнгэр, бурхны орондоо ижий минь та амгалан сайн байна уу?
Охин нь сайн. Ажлаа хийгээд алзахгүй л явна. Та минь санаа зоволтгүй ээ. Би бараг уйлахгүй байгаа. Хэрэв чи уйлах юм бол чиний нэг дусал нулимс мянган лууны ниргэлт болж бурхан болоочийн тань хойтын замд саад болно гэж хэлсэн лам багшийн үгийг санаж сэтгэлийн хаттай байхыг хичээж байгаа. Бас дүнчүүр маанийг хөгжөөж сурсан.
Ээжээ, би таныгаа урд шөнө зүүдэлсэн. Яаж гээч.
Бидний багадаа тоглож өссөн Зүүнхараагийн ногоон байрны гадаа чулуун сандал дээр та суугаад юм уншиж байх юм. Тань руугаа би баяртайгаар дөхөж явна. Энэ мэдрэмж ямар сайхан байсан гээч Ээж ээ. Яг ойртож очоод юм хэлэх гэтэл дуу гарахгүй, бас хичнээн сарвайгаад ч гар хүрэхгүй юм. Хамгийн харамсалтай нь энэ байлаа. Энэ зүүд надад зориг өгч хэдэн хоног захидал бичих зүрх хүрэхгүй байсан би энэхүү захидлыг мутарлаж сууна.
Үнэнийг хэлэхэд таныг явснаас хойш хорвоо дэлхий хоосон, эзэнгүй, бас зэврүүн ч юм шиг. Нэг л мэдэхэд 45 хоног өнгөрчээ. Хэдийгээр хожим хойно эргэж харамсахгүйгээр таныгаа асарч, амьдралын тань сүүлчийн мөчүүдэд  хамт байсан ч ижийтэйгээ их олон юмны тухай яриагүй орхисноо санаж байна.
Охин нь өдөр бүр тэнгэр бурхандаа цайгаа дээжлэн сэтгэлийн цацлаараа таньтайгаа учран золгож байгаа шүү.
Зүүд эргэх нутгаа эргээд санадаг гэдгиймаа
Зүрх эзэмдсэн үрээ хайгаад ирдэг гэдгиймаа
Зүүрмэглэх нойроор нь дамжаад харчихаад буцдаг гэдгиймаа
Зөв амьдрах замыг нь алсаас заадаг гэдгиймаа.
Хүний амьдрал мөнхийн эргэлт учраас
Хүний охин ээжийнхээ үргэлжлэл учраас миний найз сэтгэлийн тэнхээтэй байж биднийхээ дунд од мэт гялалзаж яваарай гэж найзынхаа хэлсэн үгийг сэтгэлийн угаас хүндэтгэн санаж явна.
Буурал хорвоогийн жам юм даа.
Буцааж болдоггүй төөрөг юм даа.
Бурхнаас заяасан тавилан юм даа.
Бууж морддог замилан юм даа. Тэнгэрийн орноос та минь охиныхоо захидлыг толидон буй гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна.
Ум сайн амгалан болтугай.
 


Ээждээ бичих захидал №29  
Үзсэн: 5007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ээж [127.0.0.xxx] 2 цаг 15 минутын өмнө
Үүү

Бидэнтэй нэгдээрэй