Шууд Chart

"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд

2014-03-10 11:22:43

 Тэнгэрт мөнхөрсөн алдрай ээждээ толилуулан бичсэн миний захидал

Саянхы нэг өдөр сурсан зангаараа орцны бункерын хог түүж байтал “ээждээ захидал бичээрэй улсын 6-р уралдаанд” гэж хаягласан захидлын ноорог олдов.Орцны шатан дээр сонирхон уншиж байтал нэрийг нь мэдэхгүй ч зүсийг нь сайн таних орцны жижүүр эгч хүрээд ирэв.  /Явлаа эгээ / гээд босохын завдалгүй гарт минь буй захидлыг гэрлийн хурдаар шүүрэн авав.Нүүрэндээ наах шахам ойртуулан харсанаа “Чинийх үү?”гэв. Шалныхаа модоор цохих болов уу эсвэл шалныхаа нойтон алчуураар ороолгох болов уу гэж бодон зогссон миний амнаас “ээждээ захидал бичсэн юм” гэсэн үгс гарах нь тэр. Биднийг харахаараа үргэлж уурлан байдаг тэр л нүүрэндээ баймгүй сайхан инээмсэглэлээр харснаа “сонин юм аа” гэж хэлээд “манайд оръё” гээд шатны хонгилд байх жижиг өрөөндөө дагуулан оров. “за энд суугаад бич” гэхэд нь ингэнэ чинээ санаагүй байсан. Би “бичээд дуусчихсаан эгчээ” гэж түгдэсхийн байн хэлэв.Тэгтэл жижүүр эгч “яасан муухай цаасан дээр бичдэг юм бэ? Бодвол чамд мөнгө байхгүй л биз ” гэснээ “май энүүгээр дэвтэр аваад захидлаа бичээрэй” гээд 500 төгрөг өгөх нь тэр.
Ээждээ захидал бичихээр ингэдэг юм болов уу.
Орцны хаалгаар гарах тэр л агшинд “сонин юм аа” гэсэн жижүүр эгчийн үгийг “үнэн юм аа” гэсэн итгэлийн үгээр солихоор яаран одов. Ингээд би ээждээ захидал бичихээр шийдлээ.Хогын сав, орцны бункер өнгийн байж хоногынхоо хоолыг чадан ядан байж олдог намайг ээждээ захидал бичих хожимдсон хүсэл минь “бичиг хэрэг” гэх номын жижиг тасагруу нэг л мэдэхэд хөтөллөө. Ингээд л намайг 19 жил өмнөө дэлгээгүй дэвтэр үзгэн бал гартаа барихуй агшинд өмнө минь зогсох турьхан худалдагч эмэгтэй “тиймээ та ээждээ захидал бичиж чаднаа” гэх шиг гайхсан сонжсон, бахархасан алин боловч итгэл шингээсэн тэр л дулаахан харцаараа “баярлалаа”гээд намайг үдэн гаргасан юм. Ээждээ л захидал бичихээр ингэдэг юм болов уу. Таньдаа захидал тэрлэн эхлсэн энэ өдрүүдэд хоног төөрүүлдэг траншей минь хүртэл тооноор нар тусаж, тотгонд нь мөргөж босгонд нь бүдэрч өссөн умгар жижиг гэрийг минь юутай их санагдуулам бэ.Ээждээ л захидал бичихээр ингэдэг юм болов уу.
...Эгчээ та хүүтэй болжээ гээд сайхан нүдээрээ инээмсэглэн зогсох сувилагч бүсгүйг хараад энгэрээ норгох үртэй болсон ээж минь салиа нь арилаагүй намайг хараад сайн хүн болно доо гэж яасан их баярлаа бол.
Тандаа бичих энэ захидал минь эцсийнх биш эхнийх нь болохоор надаас хэзээ ч нэхэхгүй ариун тэр хайраараа намайгаа өсгөн бойжуулсан ээж таныхаа амар мэндийг нэхэн нэхэн мэндчилсэн нь энэ юм шүү...

Одоо би эрийн цээнд хүрсэн ч
Ойворгон тэнэг зангаасаа болж
Хүмүүний эдлэх тэр л жаргалын
Хагаст нь ч хүрэхгүй гундуухан явна

Хаана гэж хаяглах вэ? Би энэ захидлаа
Хариу хүсье гэх үү? Бас би энэ захидалдаа
Хэнээс гэж бичих вэ? Би энэ захидлаа
Хэмжээлшгүй хайрын тань ачийг
Хариулж таныгаа баярлуулаагүй ч
Хүүгээс чинь гэе дээ Би энэ захидалдаа

Уучлал хүссэн захидал минь чи
Уудам орчлонгоор даялан даялан нис
Уруудаж яваа хэний ч болов
Ухаарлын гэрэл нь болж чи бадамлаарай!

Тэхдээ би ээждээ дандаа захидал бичих
Тэвэр дүүрэн дэвтэртэй болсон шүү хайрт ээжээ
Ээждээ л захидал бичихээр ийм баян болдогын болов уу.

Захидал бичсэн Лүндэнгийн Отгонбаяр
Утас 91163925


"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд  
Үзсэн: 14101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Э. Хунзаяа [127.0.0.xxx] 2024-11-26 19:04
Гоё шүлэг байна гэхдээ жоохон ойлгохгүй байнс

Бидэнтэй нэгдээрэй