Шууд Chart

“Чингис хааны үр сад Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн оросын холбооны улсын москва хотын кремлийн музейд нээгдлээ

2026-03-24 17:00:13

Их Монголын эзэн Чингис хааны үйл хэргийг харуулсан “Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Кремлийн музейд 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд, мөн Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулагдан гарч байгаагаараа онцлог бөгөөд тус улсад гарч байгаа Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн болж байгаарай онцлог юм.

Кремлийн ордны Успескийн хонхт цамхаг болон Патриархын цогчин сүмийн танхимд дэлгэгдсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд Кремлийн музейн Ерөнхий захирал Елина Гагарин үг хэлэхдээ “....Чингис хаан, түүний удмынхан болон Орос орны түүхэн харилцаа холбоо, олон талт түүхийн агуулгыг шингээсэн энэхүү үзэсгэлэнд тус улсын үндэсний хэмжээний музей, номын сан, хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй 150 гаруй хосгүй үнэт, ховор дурсгалыг дэлгэж байна...” хэмээн онцолсон юм.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан зэрэг Оросын түүх, соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох шилмэл үзмэрүүд тавигджээ. Энэ нь Оросын нутагт хадгалагдан үлдсэн, Чингис хааны үр садтай шууд холбогдох түүхэн өв дурсгалууд анх удаа олон нийтийн хүртээл болж буй түүхэн үйл явдал юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож үг хэллээ.

Тэрбээр: Чингис хаан болон түүний угсааны эзэнт гүрэн Евроазийн уудам тал нутагт улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог бий болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдгийг дэлхийн олон түүхч, эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Тэд өрнө, дорнын орнуудад эрхшээлээ тогтоохдоо зөвхөн байлдан дагуулагч байсангүй, тухайн улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, сурвалжууд гэрчилдэг.

Мөн тэрбээр Оросын Соёлын яамны дэмжлэгтэйгээр гарч буй энэхүү үзэсгэлэн нь зөвхөн Оросын ард түмний түүх төдийгүй Монголчуудын түүхийн судалгаанд нэн чухал бөгөөд Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын харилцаа, соёлын нөлөөллийг цоо шинээр тодруулах боломж олгохын зэрэгцээ энэхүү үзэсгэлэн нь түүхийн судалгаанд цоо шинэ боломж нээж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс болон Чингис хааны үр садын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг шинэ өнцгөөс харах боломжийг олгож буй энэхүү үзэсгэлэн 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрүүд зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.


“Чингис хааны үр сад Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн оросын холбооны улсын москва хотын кремлийн музейд нээгдлээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй