Шууд Chart

Энгийн үст хачиг

2020-04-15 15:17:20

Монгол оронд гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавжийг ХХАА-ын сайдын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А-90 тоот тушаалаар гадаад хорио цээртэй 35, дотоод хорио цээртэй 17 нэр төрлийн хортон шавжийг жагсаалтанд оруулан баталсан.  Энгийн үст хачиг нь дотоод хорио цээртэй хөнөөлт шавж.

Биологийн онцлог: Хачигны биеийн гадаад байдал гонзгойдуу хэлбэртэй, толгой хэвлийгээс ялгарсан, товгордуу тунгалаг өнгөтэй.

Бие гүйцсэн шатандаа 4 хөлтэй, сарвууны хэсэг урт нарийхан, олон тооны үсэнцэртэй, хэвлийн үсэнцэр бусад хэсэгт байрлах үсэнцэрээс арай урт 0,34-0,6мм урт биетэй. Шаравтар цагаан өнгийн өндөг төрүүлдэг. Авгалдай бие гүйцсэн хачигтайгаа төстэй өнгөтэй, 3 хос хөлтэй. Бие гүйцэхийн өмнө нимф нь хөгжлийн 2 шат дамждаг.

Тайван байдалд орсон хачигийг  гипопус гэж нэрлэх бөгөөд энэ нь 3 хос хөлтэй. Дулаалгатай агуулахад хачигны үржил хөгжил жилийн турш явагдаж тархалт нь ихсэж хөнөөлийн голомт үүсгэдэг. Өндөгний үр хөврөл  7-21, авгалдай 7-17, нимфийн нэгдүгээр шат 5-10, хоёрдугаар шат 3-11 өдөр тус тус үргэлжлэн хөгждөг. Хачигны үе удмын хөгжлийн үргэлжлэх хугацаа агуулах, үр тариа, хүнсний бүтээгдэхүүний чийг, дулааны хэмээс ихээхэн хамаардаг. Агуулахын дулаан 22 хэм байхад хачигны үе удмын бүрэн хөгжил 27-59 өдөр, 4-5 хэмд хачигны хооллолт, үржил, өндөглөлт хэвийн явагдагч хөгжил удааширдаг. Хачигны гипопусын шат 15 сар хүртэл үргэлжилдэг. Температур, чийгийн хэмжээ зэргээс хамаарч тохиромжгүй нөхцөлд  гипопусын шатандаа буудайн үрийн гадаргууг бүрхэж тархсан байдаг.  Үрийн чийгшил 12,5%, хасах 20 хэмд хачиг 30 өдрийн дараа үхдэг. Бие гүйцсэн хачиг, авгалдай, нимф нь үр тариа, гурил, манжин, бусад ургамлын үр хөврөлийг идэж гэмтээсэнээс үрийн цухуйц, соёололт буурдаг.

  • Манай оронд 2000-2005 онд Казакстан, АНУ-аас импортолсон буудайн үртэй хамт илэрч тэмдэглэгдсэн.

Энгийн үст хачиг үрийн агуулах, үр тариа хадгалж буй силосны цэвэрлэгээ, ариутгал муу байгаагаас шалтгаалан үр тарианд их  хэжээгээр илэрч байна.

Тэмцэх арга: Үрийн болон хүнсний бүтээгдэхүүний агуулахыг механик аргаар нягт цэвэрлэх.

  • Үрийг нарлуулах, агуулахыг халууны аргаар ариутгаж, хатаах, агааржуулалтыг цаг хугацаанд хийх.
  • Агуулах савыг хоосон үед химийн аргаар ариутгах.

 


Энгийн үст хачиг  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй