
. Уг бүтээл "Саарал даага" нэртэй болж 1970 хүүхдийн ном болж хэвлэгдсэн билээ.
Шувтаргын дөрвөн бөх цол гуншингаа дуудуулсаар сүртэйеэ дэвэн гарахад наадмын асар тойрон гийнгоолж байсан хурдан морьтой хүүхдүүд давхилдан өнгөрч байлаа. Тэдний дунд би нэгдлийнхээ хөөрхөн саарал даагыг ааваараа хөтлүүлэн явлаа. Ингэж хөтлүүлж явах нь надад эвгүй санагдавч хамаг амьтан ингэж байгаа юм чинь одоо яая гэх вэ дээ.
Миний саарал даага манай нэгдлийн уяанд хамгийн бага нь, би өөрөө морь унаж яваа хүүхдүүдийн хамгийн жижиг нь. Тийм учраас хамаг амьтан бид хоёрыг өхөөрдөж байлаа. Миний унаж яваа саарал даагыг нэгдлийн хурдан хээрийн унага гэж мэдэх хэдэн адуучин мал бригадын дарга Гүнрэв гуай зэрэг хэдхэн хүнээс бусад нь сайн давхина гэж зүүдэлсэнгүй бололтой. Хурдан морь сайн таньдаг гэгдэх хэдэн хашир өвгөчүүл ч эхээ хөхөж байсан хэдэн бүдүүн даагыг л сайн давхина гэж амлацгааж байлаа. Тэд саарал зүстэй байхлаар нь хурдан хээрийн унага гэж мэдсэнгүй л дээ. Энэ хээр азарга манайд байхдаа олон жил дараалан түрүүлсэн юм. Нэгдэлд нийгэмчилснээс хойш ч жил бүр түрүүлж байгаа юм. Алс холоос морины хорхойтой хүмүүс ирж өндөр үнэ өгнө гэж хонуут өнжүүтээр шалаад аавыг залхаадагсан. Ойр хавийн морь уядаг хүмүүс аавд атаархаж тийм хурдантай болохын тулд хааяа манай адуунд ганц хоёр гүү авчраад тавьчихсан байдаг сан. Аавыг нэгдэлд хурдан хээр азаргаа нийгэмчлэхэд их л олон янзын яриа гарч билээ. Дорж хунз гэгч манайд согтуу ирээд аавыг элдвээр хэлж,
-Чи надад азаргаа өгсөнгүй. Очиж очиж нэгдэлд зүгээр өгчихнө гэнэ ээ! Заяагүй муу новш! Би чамд гаансан дээрээ дөрвөн бод нэмж өгье гэж мөн их гуйсан даа. Чиний муу хээр үрээг аваагүйгээр Дорж хунз хохироо ч уу, үгүй ч үү? Тэр сүйд болоод байгаа нэгдэл чинь чамайг яаж гялайлгахыг харахсан гээд “Түй” гэж нулимаад жороо хараа халбилзуулж хоёр тал дээр ээлжлэн гарсаар хойноосоо хөөсөн нохдыг хайр гамгүй зодог одсоныг л лав тод санаж байна.
Аав минь одоо нэгдлийн тэргүүний малчин, энгэр дээр нь алтан гадас одон гялалзаж байгаа. Аавын минь одонг жижиг хүүхдүүд шохоорхон харахад би өөрөө одонтой юм шиг бахархаж явдаг. Нэгдэл, хөдөлмөр хоёр аавыг минь яаж гялайлгасныг Дорж хунз одоо ч харж явна. Тэр бас морь уяжээ. Түүний хурдны шинж бүрдсэн өндөр хээр даага өнөөдөр хүн бүхний харааг булааж байна. Түүнийг түрүүлнэ гэж ихэнх хүмүүс ярина. Дорж хунз өөрөө элбэг халхгар торгон дээл өмсөж, бүсэндээ зандан хусуур хавчуулжээ. Дааганд нь тийнхүү амьтны ам сайн байгаад Дорж хунз их л бардам явна. Дороос нухаж зовоомоор мөнгөн хэрэглэлтэй эмээл дээрээ хазгай сууж, тэнзэн ташуур хөндөлдүүлэн барьжээ. Үнэтэй торгон өмд, түрийнээс цухуйх цав цагаан соруултай гаансаа үзүүлэхийн тулд хормойгоо шуужээ.
Морь эргэх газар нэлээд зайтай, нар орой болж байгаа учир ширүүхэн явцгаалаа. Ергөх нь морины гэдэс зайлчихна гэж хашир хүмүүс голдуу цогиулах ажээ. Удалгүй морь эргэх тэмдэгт газар ирцгээхэд аав намайг хөтөлж нэлээд түрүүгээр гаргаад тавилаа. Морь тавьсан улсуудын морьд цөм л дааганаас хоцрохооргүй байсан боловч журмыг сахиж томчууд морьдынхоо амыг татав. Дорж хунз л ганцаараа хоцорсонгүй тэр даагатайгаа зэрэгцэн давхиж,
- Амыг нь сайн татаад ширвээд бай. Жаахан явуул... Жолоогий нь сулруулахгүй юу, муу мангуу ! гэх зэргээр дуу хадуулж явлаа.
Газрын дунд орж ирэхэд дааганууд цуварч эхэллээ. Би Дорж хунзын хээр дааганы дараах хоёр дааганы ард л яваад байлаа. Миний өмнөх хоёр даага бие биенийхээ өмнө гарах гэж тэмцэлдсээр байгаад хүч нь суларчихсан тул аяндаа саарлаас минь хоцрох нь тэр.
Би хэдэнтээ хүчтэй ширвээд хашхираад орхисон чинь хээр даагатай зэрэгцээд очлоо. Дорж хунз муухай муухай хялалзаж өөрийн хүүхдэд юм заасаар байлаа. Тэр хэдэн удаа хүүхдэдээ “Гарга!” гэж хашгирсан боловч миний саарал салсангүй, барианы газар саахалт хэртэй болж ирэхэд нэг гуядаад авлаа.
Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга. Гэтэл дааганы минь хоншоор дундуур ташуурын сур тас буув.
Саарал хажуу тийшээ огло харайлаа. Би арай л ойчсонгүй, тэвдэж эмээлийнхээ хажуу дээр гарсан боловч азаар тогтлоо. Гэвч ташуураа алдчихжээ. Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ...
Давирч гуугалсаар ард нь нэлээд ойрхон очлоо. “Гэвч хээр даага хэдхэн харайгаад барианд орно... за байз... яая даа... ташууртай ч болоосой”.
Гэнэт барианы зүгээс хангинатал янцгаах сонсогдов. Миний саарлын нүд нь сэргэж, янцаглан хүчээ нэмлээ. Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв. Түрүүлчихлээ. Морь барих хүмүүс хүртэл барьж чадалгүй алдчихжээ. Саарал дааганы эх янцгаасан юмсанж. Тэр янцгаалт ямар ч ташуураас илүү хэрэг боллоо. Эхийн нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгчээ. Юутай сайхан янцгаалт, энэ янцгаалтыг би зөвхөн чихээрээ ч биш бүх эрхтнээрээ хүлээн мэдэрсэн биз. Энэ янцгаалт одоо ч гэсэн миний чихэнд хангинан сонсогдсоор билээ.
Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь хамаг амьтан бүчин ирлээ. Тэдний магтах, өхөөрдөх хоёрыг өгүүлээд баршгүй ээ. Харин хээр дааганыхаа хөлсийг хусаж зогсоо Дорж хунз дээр хэн ч очсонгүй. Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.
“Саарал даага” өгүүллэг | ||
Үзсэн: 4848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.