УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улс-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар өнөөдөр зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улс гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцоллоо. Түүнчлэн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед дээд, өндөр түвшний харилцан ойлголцол бэхжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.
Мөн Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк-ны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд Улсын Их Хурал баталсан талаар дурдлаа. Уг төсөл нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болно гэдгийг онцолж, Люксембургийн буцалтгүй тусламжид талархал илэрхийллээ.
Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл 2025 оны дөрөвдүгээр сард тус парламентын бүлгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улс сонгуулийн хууль тогтоомждоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргасан бөгөөд 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг дурдав.
Люксембургийн парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас хоёр улсын дипломат харилцааны түүхэн ой тохиож буй үед айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбар дахь төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.
Талууд уулзалтын үеэр 25 жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжиж буй зүрх судасны эрүүл мэндийн төслийн талаар мөн хэлэлцсэн бөгөөд Люксембургийн парламентын төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна.
| Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.