Шууд Chart

Өнгөрсөн онд зорилтот бүлгийн 15294 иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан

2020-09-30 16:23:01

Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэврагчаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Манай улсад хэзээнээс олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бэ. Хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Анх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ УИХ-ын 2005 онд баталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад багтсан бөгөөд 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Иргэд, төрийн бус байгууллагууд гэрээ байгуулан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн, хорих ангиас суллагдсан, согтуурах, мансуурах, донтох өвчтэй болон эдгэшгүй хүнд өвчтэй иргэн, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн өрх, шилжин суурьшсан өрх иргэн(өөр газар шилжин суурьшсан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой), өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд гэсэн 12 зорилтот бүлгийн иргэнд үзүүлдэг. Тодруулбал, манай улсад сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, сэргээн засах, түр байрлуулан асрамжлах, өдрийн үйлчилгээ, гэрийн асрамж халамж, иргэн түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийг анхан шатны бизнес эрхлэхэд дэмжсэн бүлгийн төсөл хэрэгжүүлэх, гэр бүлийн хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулах гэсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн арван төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг.

-Үйлчилгээ үзүүлэх байгууллагыг хэрхэн сонгодог вэ?

-Бүлгийн төсөл, иргэн түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн үйлчилгээнээс бусад найман төрлийн үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас магадлан итгэмжлэл авсан төрийн бус байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэдэг. Манай Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газарт дээрх магадлан итгэмжлэлийг олгодог ХХҮЕГ-ын дэд даргаар ахлуулсан, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгаа. Уг зөвлөл олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хоёр жилийн хугацаанд үзүүлэх магадлан итгэмжлэлийг жилд нэг удаа хуралдаж олгодог. Ингэхдээ байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн материалтай танилцаад халамжийн үйлчилгээний чиглэлээр нэгээс доошгүй жил ажилласан туршлага, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц боловсон хүчин, барилга байгууламж зэргийг судалсны дүнд хуралдаж магадлан итгэмжлэл олгодог. Дараагаар нь магадлан итгэмжлэл авсан байгууллагууд харьяа аймаг дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс зарласан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулан зорилтот бүлэгт үйлчилгээ хүргэдэг. Энэ жилийн тухайд нийт 107 төрийн бус байгууллагад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл олгосон.

-Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авсан хэчнээн иргэн байгаа вэ?

-Иргэд гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байдаг. Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлийг энэ жилээс иргэдэд олгож байгаа. Тухайлбал, ажилгүй байгаа ч юм уу тэтгэвэрт гарсан эмч, сувилагч зэрэг мэргэжилтэй иргэн манайд хандан магадлан итгэмжлэл аваад гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд нэг өдрийн тариф 28 мянган төгрөгөөр цалинждаг. Улсын хэмжээнд дээрх үйлчилгээг үзүүлэх магадлан итгэмжлэл авсан нийт дөрвөн иргэн (Хан-Уул дүүрэгт нэг, Архангай аймагт гурав) бий. Тухайн иргэд орон нутгийнхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулаад гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлээд явдаг. Үүнээс гадна амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон дээр дурдсан 12 зорилтот бүлгийн иргэний өөрсдийнх нь оролцоотой хэрэгждэг бүлгийн төсөл үйлчилгээ бий. Зорилтот бүлгийн хоёр өрхийн иргэн хамтраад бүлэг болж гарааны бизнес, төсөл хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд төрөөс буцалтгүй тусламжаар 1.5 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгодог. Жишээлбэл, оёдлын үйлдвэр ажиллуулах төсөл хэрэгжүүллээ гэхэд хоёр оёдлын машин болон тодорхой хэмжээний бараа материалд зарцуулах санхүүжилт төрөөс өгнө. Энэ санхүүжилтээр бизнесээ хөл дээрээ босгох боломжийг бүлгийн төсөл үйлчилгээгээр зорилтот бүлгийн иргэдэд олгож байна. Зорилтот бүлгийн иргэд дээрх дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд эргэн төлөх ёстой. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зорилтот бүлгийн 1239 иргэний бүлгийн төсөлд нийт 687 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Зорилтот бүлгийн хэдэн иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа вэ?

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бусад төрлийн халамжаас ялгагдах гол онцлог нь санхүүжилтийг тухайн орон нутгийн төсвөөс гаргадаг. Тухайлбал, Улаанбаатар хотын есөн дүүргийн санхүүжилт нийслэлээс, аймгуудынх орон нутгийн төсвөөсөө санхүүждэг. 2019 оны жилийн эцсийн байдлаар нэг тэрбум 700 орчим сая төгрөгийн санхүүжилт зарцуулж, зорилтот бүлгийн 15294 иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнгөрсөн онд зорилтот бүлгийн 15294 иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан  
Үзсэн: 2432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй