
. Тус тоглолтын талаар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, цагдаагийн дэслэгч, соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгараас тодрууллаа.
-“Сүлд” чуулга намар цагийн нээлтээ хийж буй “Халил” тоглолтын талаар мэдээлэл өгөөч?
-Танай сайтын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би "Халил" тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа. Мөн манай “Сүлд” чуулгын уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Н.Ууганбаяр, Э.Ундраа болон А.Эрдэнэбаяр, М.Энхзолбоо, Б.Гантогтох, Э.Жаргалмаа, Э.Энхсайхан, С.Хишигдүүрэн, Э.Халиун, Б.Ууганбилэг, А.Энхзаяа, М.Амартүвшин нарын 12 бүжигчин оролцоно. Цомхон бүрэлдэхүүнтэй хэдий ч маш далайцтай том тоглолтоор үзэгчдэд бэлэг барихаар бүжгийн болон бусад бэлтгэл ажлаа базааж байна. Мэдээж дээрх бүрэлдэхүүнээс гадна манай “Сүлд” чуулгын нийт хамт олон, арын албанд ажиллаж байгаа болон манай тоглолтод тусалж, дэмжиж байгаа маш олон хүн бий. Энэ завшааныг ашиглан тэр бүх хүндээ, ивээн тэтгэж буй хоёр байгууллагадаа маш их баярлалаа гэж хэлье.
-“КОВИД-19”-тэй холбоотой хөл хорио тавигдсан учир урлагийн олон тоглолт, арга хэмжээ зохион байгуулагдаж байна. “Халил” бусад тоглолтоос юугаараа онцлог вэ?
-Этник бүжиг олон улсад уламжлалт, креатив, контемпорари гэсэн гурван төрлөөр хөгжсөн. Үүнээс манай улсад креатив этник бүжгийн төрөл илүү хөгжсөн учир контемпорари этник бүжгийн тоглолт болдоггүй. Гэтэл олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй бүжгийн томоохон уралдаан, тэмцээнд уламжлалт этникээс гадна креатив, контемпорари этник төрөл илүү хүчээ авч байна. Тиймээс Монголынхоо бүжгийн урлагийн хөгжлийг дэлхий дахинтай хөл нийлүүлэхийн тулд, цаг үеээ даган контемпорари этник төрлийг эх орондоо хөгжүүлснээр ардын бүжгийн язгуур, үнэт зүйлээ хадгалж авч үлдэхээс гадна бие биелгээгээ хойч үедээ өвлүүлэх, олон улсад таниулах давуу талтай. Тиймээс "Халил" контемпорари этник бүжгийн тоглолтоор ардын бүжгийн урлагаа цаг үетэйгээ нийлүүлэн хэрхэн хөгжүүлж, орчин үеийн үзэгчдэд ямар дэглэлтээр хүргэж болохыг харуулна.
-Та өмнө нь балет, модерн бүжгийн гэх мэт олон төрлийн тоглолтын дэглээчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад “Халил” тоглолтын найруулга, дэглэлт, зохион байгуулалтын тал дээр ямар жанжин шугам барив?
-"Халил" тоглолт “Зүүдэндээ”, “Чимээгүй хөдөлмөрлөгсөд” гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсгийн сэдэл санааг би “Язгуур” баримтат кино төслийн гол дүрийг бүтээж байхдаа буюу энэ төслийн ажлаараа өнгөрсөн долоодугаар сард Алтай таван богдод зураг авалтад оролцох үеэрээ олсон. Нарийн яривал энэ хэсгийн бүжгийн дэглэлтээ Алтай таван богдод зүүдэндээ олж харсан. Сэрээд зүүдээ бичиж, тэмдэглэж аваад тэр тэмдэглэлдээ тулгуурлан нэгдүгээр хэсгийн найруулга, дэглэлтээ хийсэн. Харин “Чимээгүй хөдөлмөрлөгсөд” буюу хоёрдугаар хэсэгт цагдаагийн албаны онцлог, ажил албыг бүжгийн урлагаар дамжуулан харуулах болно. Үүнээс гадна тоглолтын дараа ирсэн бүх үзэгчид зориулсан тусгай арга хэмжээ болно. Тухайлбал, бүжгийн урлаг болон цагдаагийн байгууллагын ажил албыг дүрсэлсэн инсталляциудыг дэлгэхээс гадна “Халил” тоглолтын бүх “зочин” “Дэлхийг тойрсон биелгээ”, “Язгуур” төслийн хүрээнд Алтай таван богдын мөнх цаст Малчин оргил дээр биелсэн видео контентын анхны үзэгч болно.
Ерөнхийдөө манай хамт олон маш том зориг гарган “Халил” тоглолтоо контемпорари бүжгийн энтэртайнмент шоутай дүйцэхүйц хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.
Ё.Дамчаабадгар: Цагдаагийн албаны онцлог, ажил албыг бүжгийн урлагаар харуулна | ||
Үзсэн: 2156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.