Шууд Chart

БАРИМТ: Малчид мал төллөхөөс айж байна...

2014-04-23 10:14:39

 

Уран олборлох технологи аюултай юу?

 МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг цуврал дугаараа хүргэж байна.

Тэнэгэр говийн уудам талд сэтгэл нэг л тэнийж өгөхгүй юм... Түрүүхэн орсон малчных хотоо харлуулж, хамаг төлөө алдсан тухайгаа ярьсанаас л тэр биз. Гэтэл ганц энэ айлаар зогсохгүй өөр олон малчин ийм зовлон хэлж байна.

“Баримт” нэвтрүүлгийнхээ өмнөх дугаарт Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийн малчин Э.Гэрэлт-Одынхыг онцлож, нөхцөл байдлыг малын хотноос нь сурвалжилж байсан. Тэднийх “Кожеговь” компанийн туршилтын олборлолтын талбайгаас 10-аад километрийн зайд буюу малчин Д.Норсүрэнгийн өмнө нь нутаглаж байсан газарт амьдардаг. Гэтэл энэ хавар Э.Гэрэлт-Одынх 100-аад төл хүлээж авах байснаас 70 гаруй нь хээл хаяж, үүгээр зогсохгүй үсгүй, үе мөч нь дутуу хоёр ч гажиг төл хүлээж авчээ. Бид энэ талаар өмнө нь мэдээлсэн учраас одоо сонсогчдодоо шинэ баримтуудыг дэлгэе.

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийн малчин Э.Гэрэлт-Одынхоос холгүй орших н.Алтангэрэлийнд энэ хавар 10 гаруй амьгүй төл гарсан байна. Түүнчлэн дөрвөн мөч нь саажилттай хурга сүүлийн хоёр жил дараалан гарчээ. Бид гэрийн эзэгтэй н.Будыг даган хотонд нь ороод өөрийн эрхгүй дуу алдсан юм. Гараад нэг сар болж байгаа хундан цагаан хурга. Хэвтрээсээ өндийхдөө мөлхөж байгаа аятай элсэн дээр хэд гулжганаснаа босож хөл дээрээ тогтон ядан эхийгээ хөхнө.

Гэрийн эзэгтэй н.Буд “Энэ хурга өрөвдөлтэй байгаа биз дээ. Бидний үр хүүхэд байсан бол хэцүү. 2011 оноос эхлээд, жилээс жилд манай төл нэг хоёроор хорогдсоор байгаад, энэ жил нэлээд хэдэн ямаа зулбачихлаа. Үсгүй, амьтай, амьгүй гээд нэг, хоёроор тоолох юм бол арваад төл хорогдсон. Дөнгөж амьтай гараад, хүй нь тасраад үхэж байна. Зарим нь амьтай гараад гурав, дөрөв хоноод үхчих юм. Зарим нь ч гайгүй тэнхэрчих юм. Арчилгаанаас болдог юм уу, яадаг юм мэдэхгүй. Би бол энэ бүхнийг ураны хороос болж байна л гэж бодож байна. Урьд өмнө нь бидний өвөг дээдэс энэ нутгаар нутаглаж байсан. Ийм юм байгаагүй л гэж бодох юм. Би одоо 30-аад жил мал маллаж байна.

н.Алтангэрэл гэгч энэ айлынх “Кожеговь”-ийн кемп болон оффисыг холбосон замтай зэргэлдээ нутагладаг. Эднийхийг тойроод “Кожеговь” компанийн тавьсан олон өрмийн цооногийн тэмдэглэгээ байсан юм. Энэ айлаас хөдлөөд дараагийн таарсан айл бол н.Хүүхэнмаамынх. Эднийд  мөн л хошуу, ам нь далий, нэг нүд сохор хурга гараад нэг хонож байхад нь бид очиж таарсан юм.

н:Хүүхэнмаам: Өчигдөр нэг муруй хошуутай, нүдгүй хурга гарсан. Тэгсэн үхчихсэн байна л гэнэ. Бид нар малтай нийлүүлээгүй байсан юм.

Сур: Мал төхөөрөхөөр уушги, элэг нь ямар байх юм бэ. Толбо тогтчихсон байна гэж Зүүнбаянгийнхан ярьж байна. Улаанбадрах сумын айлуудын мал ер нь ямар байх юм?

н:Хүүхэнмаам: Өө энэ уурхайдаа ойрхон улсуудын малын элэг, уушги толботой хар юм байна л гэсэн. Манайх яах вэ арван мал идэхэд дор хаяж зургаа, долоо нь уушгиндаа сэвтэй гарах төлөвтэй л юм билээ.

Сур: Энэ бүхэн юунаас болж байна гэж та бодож байна?

н:Хүүхэнмаам: Өө хэн мэдэх вэ. Одоо юунаас ч болдог юм. Ямар нэг нөлөө байдаг л байлгүй. Ерөнхийдөө энэ улсууд ураны хор байж магадгүй гэх л юм. Өнөөдөр ураны хороор мал хордож байна. Маргааш бид хордоно. Нөгөөдөр ард түмэн даяараа хордож магадгүй гэж их л айх юм. Улс амьтан, хэвлэл мэдээллээр ярьж байгаагаар...Хэдийнээ л түүхэндээ хортой байсан гэж ирсэн л юм билээ. Тэгэхээр хортой байдаг нь үнэн л байлгүй дээ.

 “Кожеговь” компанийн хайгуулын талбай Сайншанд сумын Зүүнбаянд, Улаанбадрах сумдад байдаг. Өнгөрсөн хугацаанд тус компани зургаан сарын турш туршилтын олборлолт хийсэн. Газрын гүнээс ураны хүдэр олборлосон энэ үед, цацрагийн хэмжилтүүдийг байнга хийдэг гэж компанийн зүгээс, Цөмийн Энергийн газраас ч мэдээллээ. Энэ тохиолдолд цацрагийн тун зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан тохиолдол нэг ч байхгүй гэж дээрх байгууллагууд батлаж байна. 

Тэгвэл юуны учир Дорноговь аймагт мал хээл хаях тохиолдол нэмэгдэж,  гажиг төл гарах болов? Таамаг төдий олон шалтгаан байна.

Шалтгаан нэг: Малчид малдаа төрөл бүрийн вакцин, тариа дур мэдэн хийсэн байж болзошгүй. Гэхдээ малчид орон нутгийнхаа мал эмнэлэг үржлийн албанд дур мэдэн ямар нэг тарилга, вакцин хийгээгүй гэж тэмдэглүүлжээ.

Шалтгаан хоёр: Малын цус ойртсон байж болзошгүй. Төллөх малдаа хуц, ухна тавихдаа үүлдэр, угсааг сайжруулах ёстой. Гэтэл үүнд анхаараагүйгээс болж, мал хээл хаях, гажиг төл гарч болзошгүй гэж малын эмч нар хэлж байна. Гэхдээ орон нутгийн мал эмнэлгийн бүртгэлд эцэг малын судалгаа байдаг. Үүнд цус ойртсон байж болзошгүй гэсэн сэжигтэй баримт байхгүй гэж байлаа.

Шалтгаан гурав: Цөмийн энергийн газар тухайн орон нутагт цацрагийн хэмжилт хийгээд, байгаль дээр байх ёстой хэмжээнээс хэтрээгүй, аюулгүй гэсэн. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагууд “Кожеговь” компанийн уран олборлох технологи дэлхийд хориглосон, аюултай технологи гэж мэдэгдэж байна. Үүнээс үндэслээд ураныг газар доор уусган олборлох технологи нь мал хээл хаяж, гажиг төл гарахад нөлөөлж болзошгүй гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Учир нь өнгөрсөн жил малчин Д.Норсүрэнгийн 20 бяруу гэнэт үхсэн. Засгийн газраас шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр селений ужиг хордлогоос болж, бяруунууд үхсэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл энэ селень хаанаас гарч ирж байгааг хэн ч тогтоогоогүй. Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар “Кожеговь” компанийн хэрэглэж байгаа технологиос хамаараад газрын гүнд байсан селень хуримтлагдаж, баяжигдан, гүний ус хөрсөнд нөлөөлж байна гэж байлаа. Иймээс ч бид хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж, уран олборлох далд уусгах технологийн талаар тодрууллаа.

Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзориг:  

-Сумын зүгээс энэ технологийг хараад үзээд шалгачих мэдлэг бололцоо, мэргэжлийн хүмүүс байхгүй. Гэхдээ бид өөрсдийнхөө хэмжээнд яахав очиж үзэж, шалгаж байсан. Компанийн зүгээс бидэнд хэлж байгаагаар уран олборлохдоо селень ашиглаагүй. Хүхрийн хүчлийн уусмал газрын гүн рүү шахаад, ураны хүдэр гаргаж авч байгаа гэж мэдээлсэн. Энэ дээр би бас юу гэж бодсон гэхээр хүхрийн хүчлийн уусмал газрын гүн рүү шахахдаа битүү саванд хийгээд, авч байгаа юм биш. Задгай л байгаа. Тэгэхээр хүхрийн хүчил ямар нэг байдлаар үлдэх магадлалтай юм биш үү гэхээр “Тийм асуудал байхгүй. Яагаад гэвэл шахаж байгаа концентраци, сорж авч байгаа концентраци яг адилхан байгаа гэдэг. Мэргэжлийн байгууллагууд тэрийг эхлэхэд нь дуусахад нь хянаад үзээд байгаа учраас, бид мэргэжлийн биш байж хамаагүй тайлбар хийх нь зохимжгүй болчихоод байна.

“Кожеговь” компанийн Геологийн албаны дарга Эрик Жак:

-Газар доор уусган олборлох технологи нь уран олборлох хамгийн түгээмэл технологи болсон. Энэ технологи байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг. Мэдээж, байгаль орчинд бага нөлөө үзүүлдэг ч гэсэн бүх технологийг горимын дагуу явуулах хэрэгтэй. Ялангуяа геологийн нөхцөл бүрдсэн үед ашигладаг нарийн технологи. Нэгдүгээрт: Тухайн олборлох гэж байгаа уран агуулсан уст давхарга маш гүнд байх хэрэгтэй. Хоёрдугаарт: Энэ давхарга дээр болон доороосоо үл нэвчүүлэгч шавран давхаргаар бусад давхаргаас хязгаарлагдсан байх хэрэгтэй. Энэ судалгааг хийж энэ технологийг ашигладаг.

Сур: Хүхрийн хүчлийн уусмал ашигладаг гэж байгаа. Тэгвэл энэ нь хөрсөнд алдагдахгүй гэх баталгаа бий юу?

-Ер нь газрын гүний ус гол шиг урсдаг тийм ойлголт байхгүй. Ерөнхийдөө Дулаан-Уулын ордын хавьцаа гүний усны урсгал маш бага. Жилдээ 3-10 метр байдаг. Ингэхээр ямар нэг голын урсгал маягаар хүхрийн хүчлийн уусмал тарна, эргэн тойрондоо урсана гэсэн ойлголт байхгүй. Бидний ашиглах гэж байгаа туршилт явуулсан устай, урантай энэ давхарга маань өнгөн хөрсөн дээрх малчид малын ашигладаг усан давхарга буюу худаг гаргадаг тэр давхаргаас хэдэн зуун метрийн гүнд, шавран үл нэвчих давхаргаар тусгаарлагдсан давхарга юм. 

“Кожеговь” компанийхан уран далд аргаар уусган олборлох технологийг байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй гэж тайлбарлаж байна. Тэгвэл туршилтын журмаар ингэж олборлолт хийсэн тус технологи яг горимын дагуу ажиллаж байна уу, үнэхээр орчин тойрондоо сөрөг нөлөө үзүүлэх үү гэдгийг манай холбогдох байгууллагууд шалгаж байна уу? Энэ талаар бид тодрууллаа.

Цөмийн энергийн газрын цөмийн хяналтын хэлсийн дарга Б.Батгэрэл:

-Газар доор уусган баяжуулах технологи бол манай орны хувьд цоо шинэ гэж хэлэхэд хэцүү. Өмнө нь ондоо ашигт малтмалд хэрэглэж байсан. Аа зүгээр, хүчил ашиглах уу, шүлт ашиглах уу, энэ нь ер нь ямар нөлөөтэй юм бэ гэдгийг манайхан өөрсдийн судалгаа гаргаж үзье гээд Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яаманд ажлын хэсэг байгуулагдчихсан ажиллаж байна. Тухайн ажлын хэсэг түрүү жил ажиллаж л байсан. Тэд юу гэж хэлэх нь үү, юу гэж дүгнэх нь үү гээд бид нар хүлээгээд л байж байна.

Сур: Тэгээд энэ технологи аюултай гэсэн үг үү, аюулгүй гэсэн үг үү?

-Ер нь дэлхийд бол хэрэгжиж байгаа технологи. Манай нөхцөлд аюултай байх уу, аюулгүй байх уу гэдэг дүгнэлтээ тухайн ажлын хэсэг гаргана.

Сур: Таны ярианаас аюултай эсэх нь тодорхойгүй байгаа гэж ойлголоо.

-Тодорхойгүй нь тодорхойгүй. Гүйцэт судлагдаагүй гэж хэлэх юм даа.

Сур: Аюулгүй гэдгийг нь эцсийн байдлаар тогтоогоогүй байж, энэ технологийг ашиглан туршилтын олборлолт хийж болж байгаа юм уу?

-Яахав, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн ордын нөөцийг батлахад туршилтын олборлолт хий гэсэн зөвлөмж гарсан байдаг юм билээ.

Сур: Одоо энэ хүхрийн хүчлийн уусмалыг газрын гүн рүү шахаад, уранаа  нэвчүүлж олборлоно гээд байгаа. Тэгэхээр бусад селень, бор зэрэг хүнд металиуд хамт шингэчихдэг юм уу?

-Энэ химийн нарийн процессыг химичид хариулах байх. Ямар ч байсан хүхрийн хүчил цэврээр нь шахахгүй. Хүхрийн хүчлийн сулруулсан уусмал шахна. Хамгийн гол нь газар доорхи төлөв байдалд яаж нөлөөлж байна гэдгийг тэр ажлын хэсэг л гүйцэт гаргах ёстой.

Хэдийгээр “Кожеговь” компани байгаль орчинд хамгийн сөрөг нөлөө багатай технологи гэсэн ч, үүнд хөндлөнгийн хяналт байх ёстой. Гэтэл Цөмийн Энергийн газар цацрагийн хэмжилтээ хийдэг, технологийн талаар мэдэхгүй гэлээ. Бид БОНХЯ-аас тодруулга авсан юм.

БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн н.Цогтгэрэл:

-“Кожеговь” компани зөгийн үүр шиг хэлбэртэйгээр зургаан шахах, нэг сорох цооног ашиглан, уусган баяжуулах аргыг туршиж үзсэн байдаг. Ер нь бол энэ технологи байгаль талдаа сөрөг нөлөөтэй юу үгүй гэдэг нь харьцангуй ойлголт. Геологийн тогтоцдоо хэр зэрэг хүчтэй нөлөөлж байгааг судалсны дараагаар нөлөөллийг тогтоох боломжтой. Үүнийг уусган баяжуулах явцад хяналтын цооногоор тогтооно. Хяналтын цооногууд тухайн гидргеологийн нөхцөл буюу усны судалны хэмжээнээс хаашаа хүхрийн хүчил гарах боломжтой вэ, алдагдаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж байдаг.

“Кожеговь”-д туршилтын олборлолт хийх үед би ажиллаагүй болохоор, хариулт өгч мэдэхгүй. Ер нь хяналтын цооногууд байсан байх ёстой. Тэр цооног хаана байх ёстой вэ гэхээр гидргеологийн шинжээсээ хамаараад хаана, хэдий гүнд байрлуулах вэ гэдгийг шийдэх ёстой. Ер нь бол одоо ч хяналт хийж байх ёстой.

Сур: Хяналтын цооногууд зөв байрлуулсан уу. Зөв ажиллаж байна уу гэдгийг хэн хянах ёстой юм бэ?

-Хяналтын цооногийг зөв тавьсан эсэхэд Цөмийн Энергийн газар хариу өгнө. Харин зөв ажиллаж, хянаж байна уу гэдэг дээр МХЕГ хянах ёстой.  

Сур: Далд уусган баяжуулах технологи манай улсад аюулгүй гэдгийг яг батлаагүй юм биш үү?

-Ер нь аюулгүй юу гэдэг дээр дэлхий нийт батлаагүй. Судалгааны үндсэн дээр технологийн зөв горимоор явуулсан нөхцөлд энэ технологи харьцангуй аюул багатай.

-Хяналтын цооногууд зөв ажиллаж байгаа эсэхийг МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайханаас тодруулахад:

-Цацрагийн хяналтыг Цөмийн Энергийн газар хариуцаж явуулдаг. Бидэн дээр уулын ажлын төлөвлөгөө ч ирдэггүй, тайлан материал нь ч ирдэггүй. Цацраг идэвхит ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа болохоор Цөмийн энергийн газар хяналтаа сайн хийж байгаа байх аа л гэж найдаж байна. Манай дээр “Кожеговь”-той холбоотой ямар ч хяналт байхгүй.

“Кожеговь” компани хичнээн аюулгүй ажиллаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч энэ компанийн үйл ажиллагаа явуулж байгаа нутагт мал зүй бусаар хорогдсоор байна. Шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй. Хэдийгээр цацрагийн нөлөө байхгүй, селень, бороос болсон гэж байгаа ч селень, бор яагаад ихсээд байгаа нь мөн л тогтоогдоогүй байна.

“Кожеговь” компани хүхрийн хүчлийн уусмал ашигладаг. Тэгвэл малын эмч мэргэжилтнүүд хүхрийн хүчил газрын хөрсөнд шингэсэн тохиолдолд мал хээл хаяна гэж үзэж байна. Гэхдээ хамгийн ноцтой нь далд уусгах технологи аюулгүй эсэхэд мэргэжлийн байгууллагууд хариулт өгч чадахгүй байгаа юм. Энэ технологи ном журмынхаа дагуу хэрэгжиж байгаа эсэхийг шалгаж тогтоох эзэн байна уу? Энэ асуулт л биднээс хариугаа нэхэж, харанга дэлдсээр...

МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

 

Нийтэлсэн: Баримт

БАРИМТ: Малчид мал төллөхөөс айж байна...  
Үзсэн: 6599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
95.116.234.xxx [95.116.234.xxx] 2014-06-02 22:01
Селен гэдэг бодис хаанаас гэнэт гарч ирээд хүн мал, ус бэлчээр хордуулаад байгаа юм бэ? http://golomt.org/2014/04/26/selenium-2/
Best Lensky Geo [103.26.193.xxx] 2014-06-02 21:56
https://www.facebook.com/nuclearfreemongolia энэ хаягаар холбогдоорой дараа цацргийн хэмжилтийг танай МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багтай хамт хийж болох байх олон залуус цөмийн эсрэг тэмцдэг. уран олборлолтыг эсэргүүцэж байдаг
93.232.55.xxx [93.232.55.xxx] 2014-06-02 15:29
Ene yariltslagad orson humuus bugd helj baigaa biz: Medehgui, todorhoigui, mergejliin hun baihgui, helj chadahgui, ehelj sudalj baij helne, tegsen murtloo ali hediin uhaad bolovsruulad ehelchihsen. Iim hariutslagagui yum baij bolohuu? Uran uhuulsan tolgoigui zasag, uls bolj baigaa biz. Bid naidaj baina, boloh bailgui dee geh metiin sonin yumnuud heleh yumaa.... Humuusiig hamaagui tsochirduulj bolohgui genee... hahaha... mun ih hairlavaa, mal ni ali hediinee yanz bur bolj garaad baihad, ter ni tsochrol bish yum baih daa!!!!
133.41.22.xxx [133.41.22.xxx] 2014-06-02 11:35
hariutsah, hyanah ezen baihgui baij,, gadnii kompanii uranii olborloltiig yamar undesleleer zuvshuudrug bainaa, mergejleeree turii barij ard tumnii tarhiig ugaaj bui Tsumiin energiin gazriin darga Tegshbayar gegchees mergejliin undesleltei tailbar avch, enehuu bodit niitlelee urgeljluulehiig husie!! Nuden deer mal uhej olnooroo uhej baihad ug ni yamar ch tailbar hereggui l dee, gevch Kojegov-g huuj yavuulahiin tuld batalgaatai barimt selt tsugluulj ard tumen eserguutseh heregtei, manai dulii godiluud sonsdogguim bol baigal oorchin hunii erh ayulgui baidliig hamgaalah olon ulsiin baiguullaguud sonsono gedegt itgeltei baina. Ene medeeg ch ulaim tsaim ustgaj magadgui l yum...

Бидэнтэй нэгдээрэй