
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ!...
Яруу найрагч Ц.Хуланг би 1990-ээд оны гилбэлгээнт агшнуудаас хамгийн тод гялбаа нь гэж боддог юм. ХХ зууны алдарт найрагч Д.Цоодолд охин үр болон заяаж, утга зохиолын элит хүрээнд өссөн түүнтэй би МУИС-ын оюутан байхад нь ОБДС-ийн (Орос хэлний Багшийн Дээд сургууль) коридорт анх тааралдаж билээ. Тэр өдөр Ш.Алтангэрэл багш бид хоёр зэрэгцэн алхаж явтал өөдөөс тайрмал үстэй, намхавтар нуруутай, туранхай охин ирээд Алтаак багшаас А.Солженицын зохиолчийн тухай материал хаанаас олж болохыг асуусан нь 1989 оны хавар. Тэгэхэд Алтаак багш түүнд: “Тийм материал олоход хэцүү дээ” гээд, байж болох сэтгүүлүүдийн нэрийг хэлж өгөөд явуулж байсан юм. Явсаных нь дараа ЗХУ-д хориотой гэгддэг тэрслүү зохиолчийн тухай материал сураглаж яваа тэр охины хэн болохыг асуусанд: “Яруу найрагч Цоодолын охин Хулан” гэв. Түүний дараахан тэрбээр манай сургуулийн “Алтан шагай” найргийн наадамд түрүүлж, удалгүй “Найргийн даага”-д ч мөн түрүүлэв. Тэр үед би Ц.Хулангийн эгч Ц.Тэмүүлэнтэй хамт сурч байлаа. Дүрэлзсэн галтай, илэрхий омголон харагдах дүүтэй нь харьцуулахад Ц.Тэмүүлэн их даруу, үг цөөнтэй байсан санагдана. Нэг удаа бид хэдүүлээ түүнтэй лекцийн өмнөхөн хэсэг зуур шашны сэдвээр ярилцаж амжсан юм. Тэгэхэд Ц.Тэмүүлэн том яруу найрагчийн охин гэсэндээ миний огт мэдэхгүй олон зүйлийн тухай ярьсаныг санаж байна. Жишээ нь: “Шашин бол хөгжим” гэсэн нь тухайн үед надад ойлгомжгүй санагдсан юм. Харин Ц.Хулангийн тухайд би төгсөөд хөдөө очсон хойноо ч тасралтгүй сонссоор байлаа. Нэг удаа сониноос “Сүслэн залбирдаг гараараа тэвэрч, Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд...” гэсэн мөртүүдийг нь тун ихээр таашаан уншиж байв. Намайг оюутан байхад түүнийг Ш.Уянгатай гэрлэх гэж буй тухай яриа явдаг байсан боловч Г.Бадамсамбуу нэг хот яваад ирэхдээ тэр хоёрыг салж буй бололтой юм ярив. Түүнээс хойш би Ц.Хулангийн тухай элдэв хов яриа зөндөө сонссон боловч тэр миний хайртай найрагч хэвээр үлдсэн юм даа. Түүнийг би яруу найрагчийн тавиланг хэнэггүй туучиж чадсан туйлын зоримог бүсгүй гэж дотроо хүндэлдэг. Тийм тавилан цаанаа хэчнээн их нулимстай байдаг бол гэж бодохоос басхүү шимширдэг. Ц.Хулан намайг анх “Эх орон” шүлгээрээ шуудхан ховсдсон юм.
Хайртай! гэж чангахан хэлсэндээ үнэн байдаггүй
Хайртай л юм бол хэлээд байхын хэрэг юун?
Эх орон гэдэг сүржин яриа, танхай шүлэг биш
Эгэл жирийн, хамгийн чимээгүйд эх орон байдаг юм...
Оюутны яруу найргийн “Алтан шагай” наадам дээр би эл мөртүүдийг сонсоод л цээжилсэн, бүр тодруулбал өөрөө цээжлэгдсэн болохоор өдий болтол мартаагүй бөгөөд хааяа сэргээн санах бүрт Ц.Хулангийн хэзээ ч давтагдашгүй гэмээр цангинасан цээл хоолой чихэнд сонсогдох шиг болдог. Гэхдээ би “Алтан шагай” наадмын дараа Ц.Хулантай “Найргийн даага” наадамд хамт орж (тэгэхэд Ц.Хулан мөн л түрүүлсэн), түүнээс хойш огт тааралдалгүй явсаар яг 20 жилийн дараа буюу 2009 онд Б.Явуухулан найрагчийн 80 насны ойгоор “Очирваанийн их эгшиглэн” наадамд дахин таарсан юм.
Ирээдүйгээс би
Иллиада, Одиссейг давсан
Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шударгуу дээдсээ нэхнэ
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ, би
Дэлүүн Болдогт заларсан шиг хаантай байхыг хүснэ...
Түүний цангинасан цээл хоолой яг 20 жилийн өмнөх шигээ сонсогдож байлаа. Тэр наадмаас Ц.Хулан “Дилов хутагт”-ын хишигт найрагчаар тодорч, буцах өдрийн өглөө яруу найрагчид бүгд Отгонтэнгэр хайрханд бараалхав. Наадмын тэр өдрүүдэд тун хачирхалтай явдлууд тохиосны нэг нь (6-р сарын эхээр атал Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замын турш цасаар шуурч байснаа Завхан аймгийн театрын өмнөх талбайд нээлт болохын өмнө тэнгэр гэнэт цэлмэж, нээлтийн хөтлөгч “Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө, би” хэмээн уншихад зөөлөн бороо шивэрснээ, “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн...” гэж уншихад тэнгэр нүжигнэн дуугараад, хэсэг зуур цас хаялсан... гэхчлэн) биднийг Даян хайрхан өөд өгсөж гарах тэр үед Отгонтэнгэр хайрхан цагаан зулайдаа битүү будан ороосон байснаа яруу найрагчид их Явуугийн “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө, би...” гэж эхэлдэг мөртүүдийг хоолой нийлүүлэн чангаар унших тэрхэн агшинд оргил хаасан нөгөө өтгөн саарал будан тэрүүхэндээ хуйлрах шиг болоод гэнэт сөхөгдөн, цаст их хайрханы дүр нүдний өмнө цэлсхийгээд, төдхөн дурайтал тодорсон юм. Чингээд, яруу найрагчид тэндээс бэлд бууж, үдийн зоог барих үеэр С.Дамдиндорж найрагч юунаас ч болсон юм, Ц.Хуланд уурласан бололтой: “Чи битгий тэгж бай, Хул-ааан!” гэсээр ууртай босон явж одоод удаагүй байтал нөхөр нь түүний араас очоод тэрүүхэндээ барьцалдаж авсан боловч (олны нүдэн дээр эхнэрээ доромжлууллаа гэж бодсон ямар ч эр хүнээс тийм авир гарах л байх) хүмүүс яаран очиж салгасны дараа Ц.Хулан, яагаад тэгснийг нь бүү мэд, над руу хандан: “Би олон жил дээрэлхүүллээ. Дандаа ингээд яваад байж болохгүй биз дээ, Уянсүх ээ?” гэв. Тэгэхэд нь би юуны ч учир мэдээгүй хойно, юу гэж хариулахаа мэдэлгүй өнгөрсөн юм. Тэндээс бид Богдын голын хөвөөн дээр очин үдэлт хийх үед би олноос зайдуухан очоод Дархан руу утсаар ярьж байтал нэг машин надаас холгүйхэн ирж зогсоход Ц.Хулан цонхоор нь шагайгаад: “Богдын голын хөвөөнөөс эхнэртэйгээ яриад сайхан байна уу, Уянсүх ээ?” хэмээн хашгирсанаа: “Бид ингээд буцлаа. Баяртай!” гээд одож билээ. Тэгэхэд аавтайгаа хэдүүл тусдаа машинтай ирээд буцсан нь тэр. Түүнээс хойш бид хоёр “Болор цом-28” наадмаар, Зохиолчдын их хурлаар, МЗЭ-ийн 90 жилийн ойгоор... гээд тун цөөхөн удаа, дандаа хальт тааралдаад өнгөрч. Заримдаа бодож ээ суухад, жинхэнэ шүлэг гэдэг жир хүсэл шиг их нам гүм ба жир бус үймээн шиг их тэмүүлэл хоёрын харшилдахуй ч байж болох юм шиг. Зүйрлэбэл гал, ус хоёр шиг. Тийм харшилдаанаас л Ц.Хулангийнх шиг шүлгүүд төрж болно:
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан...
Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай,
Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу, адуунаас илүү хайртай...
...
Эрх чөлөө! гэж хэчнээн хашгирлаа ч гэсэн
Энүүхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай...
Ц.Хулангийн шүлгүүд Д.Цоодол найрагчаас өвлөгдсөн ч гэмээр маш энгийн атлаа тунчиг цэцтэй байдаг. Түүгээрээ бусдаас илт ялгарах онцлогтой. Олон шүлгүүд дотроос уншихад түүнийх гэдэг нь надад лав шууд танигддаг. Тэгэхээр, ямар ч тодорхой бөгөөд гүн санааг түүн шиг энгийн үгээр зүрхэнд хүргэж чадах, эсэх нь тухайн найрагчийн чансааг шалгаж буй хэрэг мөн байх. Тэгээд ч, дүрэлзсэн гал мэт омог бардам сэтгэлээс туг шиг намирсан шүлгүүд төрөх нь зүй. Тэгвэл Ц.Хулан өөрөө яах аргагүй дүрэлзсэн гал мэт найрагч. Дүрэлзсэн гал мэт найрагчийн сэтгэл нь намирсан туг шиг өөдрөг болоод ашид бадрангуй. Чухам тиймээс л би түүнийг өөдрөг шүлгүүдээр нь төсөөлөх дуртай байх. Ер нь тэгээд, хүн гээч амьтан нас ахих тусмаа гунихаас илүү өөдрөг байхыг хичээдэг бололтой. Тийм болохоор, яруу найраг бол гуниг гэж боддог над мэт нь өөрт байхгүй тийм л өөдрөг шүлгүүдээс эрч хүч авахыг хүсдэг ч юм бил үү? Нэрт судлаач, шүүмжлэгч С.Энхбаяр 1990-ээд оны эхээр модернист найрагч Б.Галсансүхэд хандсан шүүмжийнхээ дараагаар “Хуланд бичсэн захидал” нэртэй шүүмж бичсэн нь тухай үедээ нэн шинэлэг агаад содон үзэгдэл болж, ихээхэн шуугиан тарьж байлаа. Тэрчлэн, Ц.Хулангийн нэрийг дурдаагүй, түүний шүлгээс нэрлээгүй шүүмжлэгч, судлаачид гэж бараг л үгүй гээд бодохоор эл домогт хатагтайн тухай цаашид нуршин хэлэлцэх нь илүүц байх хэмээн бодном. Эцэст нь хэлэхэд, түүний үг яруу найрагчдад хэр нөлөөтэй тухайд нэг жишээ дурдсу! Тэр нь юу гэхээр, Ц.Хулан “Болор цом”-д 2 дахь удаагаа түрүүлээд нэгэн сонинд ярилцлага өгөхдөө (зүгээр л, санамсаргүй хэлсэн байх) тэр цомд хэдэн шил ч билээ, шампаан дарс ордог тухай хэлчихэж. Гэтэл, манайхан болсон хойно, дор нь өлгөж аваад, Ц.Хулангаас хойш “Болор цом”-д түрүүлэгсэд цомоо шампаан дарсаар бус, архиар дүүргэж хэмждэг болсон гэнэ. Харин би хүсэхдээ, яруу найргийн наадмын тэргүүн цом нь архи хэмждэг хувин биш, шүлэг хэмждэг үнэт цом байгаасай гэж хүснэм.
М.Уянсүх
Гал мэт дүрэлзсэн их омог ба туг шиг намирсан өөдрөг шүлгүүд | ||
Үзсэн: 5598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.