Шууд Chart

"Би хэн бэ?"

2021-04-01 10:42:07

Эхлээд их энгийн  сонсогдоно оо,  энэ асуулт. Гэвч эцэслэн хариулахад тэр тун амаргүй.  Миний нэр  лав л  би биш, учир нь тэр зөвхөн  намайг нэрлэсэн  төдий үг. Миний иргэний үнэмлэх лав л би биш, тэр зүгээр л миний тухай мэдээлэл тээсэн албан баримт бичиг.

Миний биологи  дангаар мэдээж  би биш. Үнэндээ надад биологи биш олон зүйл бий. Миний амьдрал, миний бодол, миний бодомж, миний эргэцүүлэл, миний нэр, миний иргэний үнэмлэх, миний тухай мэдээлэл, миний нийтлэл, миний хайр, миний сэтгэл, миний сүнс ...гээд л тоолоод баршгүй юм, түүнийг.  

Миний оюун дангаар лав л би биш, надад оюунлаг биш олон зүйл бас бий. Миний эс, миний эд, миний гене, миний хэлбэлзэл, миний хөг, миний сүнс…гээд л тоочоод байж болохоор элбэг юм, тэр.

Миний сүнс энэ эгшинд дангаар лав л би биш, учир нь надад биологи, бас оюун  байна шүү дээ. Орон зай, цаг хугацааны энэ оршихуйн эл эгшинд миний биологи ч, миний оюун ч надад миний сүнсний нэгэн адил үнэ цэнэтэй.

Би ер нь тэгэхээр хэн бэ?  Намайг энэ цаг мөчид хамгийн сайн илэрхийлэх;  надтай хамгийн сайн адилтгагдах  зүйл байна уу? Тэр юу  бэ?

Миний тархи  л намайг энэ эгшинд хамгийн сайн илэрхийлнэ. Учир нь тэр миний биологи. Тэр мөн миний бодлыг бүтээгч оюун.  Оюунд олдсныг  л үйлээр үйлдэг тул тэр угтаа миний үйл, энэ амьдралыг бүтээгч, бас сүйтгэгч. Энэ чанараараа, тэр үнэндээ миний сүнсийг хөглөн тэтгэгч, бас доройтон дордуулагч. 

Гэвч тархи их онцгой эрхтэн. Тэр биологи бүтцээ ч, физиологи үүргээ ч байнга өөрчилдөг. Мэдрэлийн гэх 100 тэрбум орчим эс, тэдгээрийн хоорондын холбоос (биологи орон, долгион, хэлбэлзэл) юм, угтаа тэр.  Хамгийн сонирхолтой, бас хамгийн чухал нь тархины тэрхүү холбоос суларна, алга болно, дахин бий болдог. Ийм ч учраас  өчигдрийн  энэ би өнөөдрийн энэ би биш, учир нь өчигдрийн миний тархи өнөөдрийн минийх угтаа биш. Тэр биологийн бүтцээ ч, физиологийн үүргээ ч өөрчилсөөн. Намайг энэ оршихуйн энэ эгшинд хамгийн сайн илэрхийлэгч маань ингэж л байнгын өөрчлөлтөд байх. Ингэхээр би ч бас байнгын л өөрчлөлтөд байх нь нээ.

Би тэгэхээр энэ оршихуйд үнэндээ өөрчлөлт аж. Өөрчлөгдөж буй биологи орон, өөрчлөгдөж буй хэлбэлзэл, өөрчлөгдөж буй долгион, өөрчлөгдөж буй хөг.   Гэхдээ бүр давтагдашгүй, өвөрмөц шүү. Ийм ч учраас  би бусдаас их ялгаатай, хэнтэй ч  ижил, адил бус, нийтлэг биш.

Гэвч энэ оршихуйн хэсэг тэр тархи үгүй болоход би хэн бэ? Намайг илэрхийлэгч, адилтгагч үгүй болох нь би үгүй болчихлоо гэсэн үг биш. Он цагийн их урт урсгалд би тэгээд ер нь хэн бэ? Эхэнд аялгуу (үг, авиа, хэлбэлзэл, хөг) л байсан гэдэг. Би тэгэхээр тэр аялгуун тасархай  уу....

Нийтэлсэн: Ц.Лувсандорж

"Би хэн бэ?"  
Үзсэн: 2134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй