Шууд Chart

Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ

2021-05-16 12:48:55

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ын СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, БХЯ-ны ГХАГ-ын газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь 2007 оноос хойш уламжлал болгон явагдаж ирсэн бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг дээшлүүлдэг онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцож чадаагүй ч тасалдуулахгүйгээр Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын хэмжээнд зохион байгуулагдаж байна.  Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг сорих энэ тэмцээн оролцогчдын тоог салаанаас рот хүртэлх бүрэлдэхүүнтэй болгон нэмэгдүүлж, тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүд ашиглах зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Тэмцээнд оролцогчдод хандаж хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ "Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг хүлээсэн тангараг нэгт мянга, мянган цог золбоот цэрэг эрс, охид бүсгүйчүүдээс эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүч,  мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаараа шалгаран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох гэж буй эрхэм баг тамирчдадаа баяр хүргэе" гээд спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн хамтрагчид гэдгийг онцоллоо.

Үүний дараа зарим баг, тамирчдад цэрэгжлийн спортын шагнал гардуулж, Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг зохион байгуулж явуулахад идэвх санаачилгатай ажилладаг зарим бүрэлдэхүүнийг шагнаж, урамшуулсан юм.

Тэмцээнд  ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ТХЦК-ын харьяа нэгтгэл, ангиудын рот, байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг оролцож байна.

Ташрамд, тэмцээнд оролцогч баг тамирчид цар тахлын халдвараас сэргийлэх хүрээнд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 20 гаруй хоносон алба хаагчид юм гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.


Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй