Шууд Chart

Л.Энхсайхан: Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатарт 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт

2021-05-17 14:42:28

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны газрын дарга Л.Энхсайхан оролцож, мэдээлэл өглөө. Тэрбээр "Дархлаажуулалтын ажил нийслэл болон орон нутагт явагдаж байна. Вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд татан авалтыг нэмэгдүүлэх, хөргөгч хүйтэн хэлхээг сайжруулах талаар ажиллана. Жишээлбэл, аймаг бүрт 700 хүний вакцин хадгалах хөргөгчийг хүргүүлж байна. Мөн -70 хэмийн хөргөгчийг аймаг бүрт явуулахаар бэлтгэж байгаа гэв.

Мөн "Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг судалж үзсэн. Эхний байдлаар гарсан үр дүнг танилцуулбал, эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс халдвартай үедээ вакцинд хамрагдсан мөн вакцинаас хойш удалгүй халдвар авсан тохиолдлууд байна. Харин хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн хувьд дийлэнх нь 14 хоног дотроо байгаа бол вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа халдвар авсан маш цөөхөн хүн байгаа.
Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн өвчлөлийн зэрэг ямар байгааг судлахаар 250 хүний дата мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн баг ажиллаад эхэлсэн" гэлээ.

Түүнчлэн "Бид 18-аас дээш насны хоёр сая хүнийхээ 1.8 саяыг нь вакцинжуулаад байна. Гэхдээ вакцин ганцаараа халдвараас сэргийлэх хамгаалалт болохгүй. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх гээд энгийн дэглэмүүд халдварын тархалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.

Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатар хотод 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт. Улсын хэмжээнд 8.7 хувьтай байгаа нь мөн өндөртөө орно. Тиймээс халдварын батлагдсан тохиолдлын тоо буураад байгаад тайвширч болохгүй. Өвчлөх эрсдэл байсаар байна" гэдгийг анхаарууллаа.


Л.Энхсайхан: Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатарт 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт   
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй