Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол цэргийн өдөр

2026-03-18 08:52:56

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ түүхэн өдөр Дамдин Сүхбаатар жанжны удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө анхны ялалтын буухиаг асаасан билээ. Тэр мөчөөс эхлэн Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний түүх бичигдэж, эх орончдын зориг, эв нэгдэл, итгэл сэтгэл нэгэн дор нэгдсэн бахархалт замнал эхэлсэн юм.

Энэхүү ялалтын утга учрыг мөнхжүүлэн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор уг өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр тэмдэглэх шийдвэр гаргаж, ард түмний ой санамжид алдар гавьяаг нь мөнхөлсөн түүхтэй. Харин Монгол Улсын Их Хурал 2011 онд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэх болж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг шинэ цагийн өнгө төрхтэй уялдуулан үргэлжлүүлэн бадрааж байна.

Монгол цэргийн түүх бол зөвхөн нэгэн үеийн бахархал бус, хэдэн мянганы туршид тасралтгүй үргэлжилсэн эх оронч сэтгэлийн илэрхийлэл билээ. Хүннү улс, Сяньби-гаас эхлээд Их Монгол улс-ыг байгуулсан Чингис хаан, түүний үр хойчсын баатарлаг үйлс, улмаар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайн зэрэг түүхэн сорилтуудыг даван туулж ирсэн ард түмний тэсвэр хатуужил, эр зоригийн тод илэрхийлэл юм.

Өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд идэвхтэй оролцож, “цэнхэр дуулгатнууд” нэрийн дор олон улсын энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэйгээр үүргээ гүйцэтгэн, эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөж явна.

Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бүтээсэн “Монгол цэргийн өдөр”-ийн энэ түүхэн ойгоор үе үеийн ахмад дайчид, энх цагийн манаанд зогсож буй нийт бие бүрэлдэхүүн, мөрдэс зүүсэн хэн бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед бадран мандан байх болтугай!


ӨНӨӨДӨР: Монгол цэргийн өдөр  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй