
Ногоон цай нь навчит цайны төрөл бөгөөд амьсгалын замын өвчлөл болон хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, мөн сэтгэл санааг сэргээдэг шидтэй ундаа юм. Ногоон цай нь ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн ашиг тустай, хүний биед эм болохуйц олон төрлийн эрдэс бодис агуулдгийг эрдэмтэд судалж тогтоосон байна. Ногоон цайнд олон төрлийн антиоксидант чанар агуулагддаг учраас бусад навчит цайнаас давуу талтай юм. Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг хэрэглэдэг хүн дэлхийд цөөн биш болжээ. Тэр дундаа Ази даяараа ногоон цайг ундандаа хэрэглэж, улмаар нэр төрлийг нь олшруулан үйлдвэрлэсээр байна.
Ногоон цайг найруулах усны температур, хандлах хугацаа, навчны чанар зэргээс шалтгаалан амт нь өөр, өөр байдаг. Хэрэв таны найруулсан цай гашуун амттай болсон бол та хэтэрхий халуун усанд найруулсан, эсвэл цайны навчаа ихдүүлсэнийх юм. Харин хандлагдахгүй байгаа бол усны температур хүйтэн байгаагийн шинж юм. Ногоон цайнд дурлагсдын зөвлөснөөр бол усыг халуун бүлээн буюу 60-85 градуст, 1-3 минут хандалвал хамгийн сайхан амтаа гаргаж чаддаг гэсэн байна.
Ногоон цайны гайхалтай ашиг тусыг энд өгүүлье.
- Жин барихад нэн тустай. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг ажээ. Түүнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг байна.
- Чихрийн шижинтэй хүн уувал тохиромжтой. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дахь сахарын хэмжээний өсөлтийг удаашруулж, улмаар глюкозын хэмжээг зохицуулдаг гэнэ. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.
- Зүрхний өвчний үед ууна. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээсээс таныг хамгаална.
- Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг дарангуйлдаг аж.
- Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.
- Алцхеймер, Паркинсоны өвчний үед хэрэглэвэл тохиромжтой гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүүдийг сэргээдэг гэнэ.
- Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактериудыг устгадаг нь тогтоогджээ.
- Цусны даралт ихэсдэг хүмүүст ногоон цай уухыг зөвлөж байна. Учир нь ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс урьдчилан сэргийлж чадна.
- Амин дэмийн эх булаг. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм ихтэй.
- Гоо сайханд тустай. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
- Ногоон цайг харшлын үед төдийгүй найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уух хэрэгтэй.
- Ногоон цайны навчинд теанин хэмээх амин хүчил агуулагддаг. Энэ нь хүнийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй учир та тэр бүр стресст өртөөд байхгүй.
Ногоон цай нь антиоксидант болон полифенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цайны ургамал витамин, ашигтай элементүүдээр дүүрэн. Тиймээс ногоон цай нь цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг тустай юм байна.
Ногоон цайны гайхалтай ашиг тус | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.