Шууд Chart

Үер, усны ослоос иргэдийг аюулгүй бүсэд гаргаж ажиллалаа

2026-08-02 12:00:32

2026 оны наймдугаар сарын 1-нээс 2-ны 08:00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 15 (гол, усны үертэй холбоотой 14, усны ослын 1), гал түймрийн 4, нийт 19 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 15:30 болон 20:00 цагийн орчим орсон усархаг аадар борооны улмаас хэд хэдэн байршилд үерийн нөхцөл байдал үүсэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллав.

Туул гол үерийн аюултай түвшнээс даван үерлэж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчимд эргээсээ хальж айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автсан. Алба хаагчид 28 айл өрхийн 107 иргэн, Энхсаран сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 43 иргэн, "Mongolica" амралтын газарт сургалтад хамрагдаж байсан 34 иргэнийг буюу нийт 183 иргэнийг аюулгүй бүсэд гаргасан.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд үер бууж автомашинтай зорчиж явсан нэг том хүн, гурван хүүхэд үерт урссан дуудлагаар ажиллав. Ухаангүй байсан хоёр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ухаан оруулж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны Рашаант, Ногоон толгойн гудамжинд үер бууж дөрвөн айл өрх усанд автсан дуудлагаар таван хүүхэд, нэг том хүнийг аюулгүй бүсэд гаргаж, айл өрхүүдийн усыг мотопомпоор соруулан аюулгүй болгосон.

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орох аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байгаа тул

• Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх
• Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх
• Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
• Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Үер, усны ослоос иргэдийг аюулгүй бүсэд гаргаж ажиллалаа  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй