Шууд Chart

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно

2021-06-16 11:09:59

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Швейцарын Женев хотноо болох гэж байна. Байден, Путин нар хоёр орны хооронд стратегийн тогтвортой байдал бий болгох сонирхлоо харилцан илэрхийлж, ашиг сонирхол нийцэхгүй зүйл дээр байр сууриа хадгалах төлөвтэй байна гэж хэвлэлүүд уулзалтын өмнөх үйл явдлуудыг иш татан мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд харилцааг сайжруулах эрмэлзэлтэй байгаагаа Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Харин түүний гол зорилго Америкийн шинэ засаг захиргаанд аль салбарт хамтран ажиллах боломжгүй гэдгээ сайн ойлгуулж, Москвагийн ашиг сонирхлыг хамгаалахуйц асуудлуудаа хэлэлцэх орон зай гаргахыг эрмэлзэхэд чиглэсэн гэж Америкийн хэвлэлд мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл 2014 оны Крымийн хойгийг нэгтгэж авснаас улбаатай маргааныг зөөлрүүлэх алхмыг энэ удаагийн уулзалтаас хүлээгээгүй, харин харилцааг илүү аюултай болгохоос сэргийлэхүйц харилцаа холбооны суурь шугамуудаа сэргээх сонирхол илүү байгаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Америкийн хувьд ч мөн харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байгаа, гэхдээ ашиг сонирхол зөрсөн салбарт буулт хийх төлөвгүй байгаа аж. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жөү Байден Брюссель хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийсэн.

Энэ үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа хамтран ажиллах боломжтой салбаруудаа тодорхойлох арга зам эрэлхийлнэ, гэхдээ хүлээж авах боломжгүй зүйл дээр мэдээж байр сууриндаа бат зогсоно гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийг ухаалаг, чанга бөгөөд нийцтэй өрсөлдөгч гэж тодорхойлсон байна.

Байдены засаг захиргаа цахим халдлага, пуужингийн шинэ систем хөгжүүлэлт зэрэг Оросын учруулж буй аюулгүй байдлын заналхийллийг хянах дипломат ажиллагаа явуулж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй