Шууд Chart

АНУ болон ОХУ цөмийн цэнэгт хошууны нөөцөө шинэчилж байна

2021-06-16 12:06:29

Өнгөрсөн онд цөмийн зэвсэгтэй улс орнуудын цөмийн зэвсгийн тоо нийт дүнгээрээ буурсан боловч АНУ болон ОХУ цөмийн цэнэгт хошууны нөөцөө шинэчилсэн байна. Энэ тухай судалгааг Шведэд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс гаргажээ.

Тус хүрээлэн өнгөрсөн оны олон улсын зэвсэглэл, зэвсэг хорогдуулах байдал болон аюулгүй байдалд хийсэн дүн шинжилгээг өчигдөр танилцуулжээ. Тэдний судалгаанд өгүүлснээр 2021 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн улс 13080 ширхэг цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байгаа аж.

Нийт дүнгээрээ өнгөрсөн оныхоос 320 цөмийн цэнэгт хошуу хорогдуулжээ. Үүнээс ОХУ 6255 цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байгаа үзүүлэлтээр тэргүүлжээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн оныхоос 120 цөмийн цэнэгт хошуу хорогдуулсан үзүүлэлт юм байна. Үүний дараа АНУ 5550 цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байгаагаар жагсаалтын хоёрт бичигджээ.

Мөн энэ нь өнгөрсөн оныхоос 250-иар буурсан үзүүлэлт юм байна. Гэхдээ Америк Орос хоёр хугацаа нь дууссан цөмийн цэнэгт хошуугаа устгалд оруулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байдаг ч Орос 55 цөмийн цэнэгт хошуу, Америк 50 цөмийн цэнэгт хошууг шинээр оруулж ирсэн байна. Энэ нь Вашингтон Москва хоёр аюулгүй байдлын стратегидаа цөмийн зэвсгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх сонирхолтойг илэрхийлж байж болох юм гэж дээрх байгууллага онцолжээ. Мөн Хятад улс цөмийн цэнэгт хошууныхаа тоог 30-аар нэмэгдүүлж 350 болгожээ.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн Хятад улс зэвсэглэлээ асар хурдтай шинэчилж, цөмийн зэвсэг хөгжүүлэлтээ өргөжүүлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Тус хүрээлэнгийн тайланд дурдсанаар Умард Солонгос 40-50 ширхэг цөмийн цэнэгт хошуутай болсон байх магадлалтай. Өмнө нь тус улсыг 30-40 ширхэг ийм төрлийн зэвсэгтэй гэж тооцож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон ОХУ цөмийн цэнэгт хошууны нөөцөө шинэчилж байна   
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй